Хууль бусаар самар түүвэл нэг сая 250 мянган төгрөгөөр торгоно

Намрын сэрүү орохтой зэрэгцээд хууль бус самрын худалдаалчид ихэсдэг. Хушны самрыг гуйцэд боловсорч гүйцээгүй үед нь түүж, түүхий самар худалдаалах, түүнийг нь авч идэх хүмүүс ч олширлоо. Тиймээс МХЕГ-ын Байгаль орчин уул уурхайн хяналтын газрын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Иргэд зах, худалдааны төв, гудамжинд түүхий самар зарж байна. Хушны самар зарах зөвшөөрлийг хэзээ өгдөг юм бэ?

Юуны өмнө хуш модны талаар мэдээлэл өгье. Хуш мод нь Монгол орны ойн ихэнх хувийг эзэлдэг. 25-40 настайдаа боргоцой өгч эхэлдэг бөгөөд 300-400 жил насалдаг нэг төрлийн модлог ургамал юм. Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоометр байдаг. Энэ нь манай улсын байгалийн галбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг гэсэн үг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.
 
Мөн ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдуүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдгээрээ онцлогтой. Жил бүр хушны самрыг хууль бусаар бэлтгэх асуудал яригддаг. Иргэд хушны самрыг гүйцэт боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд манай аймаг, сум, дуүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэсэн хэдий ч хушны самрыг хууль бусаар бэлтгэсээр байгаа. Энэ нь нэг талаараа эрэлт хэрэгцээ байгаагийн шинж юм. Байгалийн бүтээгдэхүүн хямд өртөгтэй, өндөр үнээр худалдаалагддаг учраас иргэд их хэмжээгээр самар түүдэг. Өмнө нь хуулиараа хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан. Харин сүүлд журам нь шинэчлэгдэж, самрын болцоос хамаарч түүдэг болсон.
 
-Самар зарах зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?
 
-Жил бүр тухайн орон нутагт ажиллаж байгаа ойн анги, байгаль хамгаалагч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагууд хамтарч өөрийн нутаг дахь самрын нөөцийг тогтоодог.
 
Нэг үгээр хэлбэл, тухайн жилийн ургацыг тодорхойлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналаа ирүүлдэг. Тодруулбал, Хөвсгөл аймгийн тэр суманд самрын ургац сайн, тэр суманд муу байгаа учраас түүж болохгүй гэдгийг судалгааны үр дүнгээр гаргаж, яаманд санал гаргадаг юм.
 
Үүний дараа самар түүх газрууд тодорхой болдог. Ойн тухай хуулийн 38.1 дугээр зүйлд иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги / байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно гэж заасан байдаг. Гэтэл иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хугадаанаас нь өмнө самрыг хууль бусаар бэлтгэж, худалдаалдаг. Энэ нь байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй.
 
-Хушны самрыг эрт түүх нь байгаль орчинд ямар сөрөг талтай вэ?
 
-Мэдээж хэрэг гүйцэд боловсроогүй үр жимсийг түүнэ гэдэг байгаль орчинд ихээхэн халтай. Тухайлбал, иргэд самар түүхдээ мөчрийг нь тасалж, мунаар цохидог. Энэ мэтчилэн тухайн модыг гэмтээж, улмаар ургах чадваргүй болгодог.
 
Мөн би дээр хуш модны байгаль дахь үүргийн талаар хэлсэн. Тэгэхээр хушны самрыг түүснээр байгаль орчинд төдий чинээ хохирол учрах юм. Иргэд хууль бусаар самар түүх нь байгальд хортой гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн ашгаа бодож, байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах үүргээ биелүүлээрэй гэж уриалмаар байна.
 
-Жил бүр самрын үнэ нэмэгддэг шүү дээ. Самар худалдаалах үнийг тогтоодог уу. Хаанаас тогтоодог вэ?
 
-Ер нь жимс, самрын худалдаалах үнийг тухайн орон нутгийн ИТХ-аас тогтоодог. Нэг үгээр хэлбэл, 1000 төгрөгөөр зарах уу, 2000 төгрөгөөр зарах уу гэдгийг ИТХ нь шийддэг гэсэн үг.
 
-Хушны самрыг хууль бусаар туүж, худалдаалсан иргэн, аж ахуйн нэгжид ямар торгууль ногдуулдаг вэ?

-Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, тулээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, аж ахуй нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно гэж хуульчилсан.
 
Тэгэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн жимс, самраа хураалгана. Ашигласан тээврийн хэрэгслээ хураалгана. Мөн хөдөлмөрийн хөлсшй хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулдаг.
 
Түүнчлэн ой модонд ноцтой хохирол учруулбал экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоодог. Хэрвээ үнэлгээ хөдөлмөрийн хөлснөөс дээш хэмжээтэй гарвал эрүүгийн хэрэг үүснэ. Тиймээс захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль бус үйлдлийг хийхгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Иргэд байгалийн баялгийг хуулийн хүрээнд зөв, зохистой ашиглах нь зүйтэй юм. Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй гэж заадаг. Хэрвээ 25 кг-аас дээш гарвал төлбөрөө төлөх ёстой.
 
-Хууль бусаар самар худалдаалж буй иргэдэд хяналт, шалгалт хийсэн үү?

 
-Аймаг сум, дүүргүүдэд урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу тодорхой төлөвлөгөөний хүрээнд шалгалт хийгдэж байгаа. Тухайлбал, Төв аймагт зөвшөөрөлгүй самар түүх гэж байсан иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтарч
буулгасан. Энэ мэтчилэн хяналт, шалгалт хийж, зөрчлүүдийг арилгаж байна.
 
-Томоохон худалдааны төв болон захуудад худалдаалж байгаа самрын худалдаачдад шалгалт хийсэн үү?
 
-Үүнд манай дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар удахгүй шалгалт хийнэ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хийгдэх шалгалтад энэ асуудал орсон.
 
-Гүйцэд  боловсроогүй самар хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг?

 
-Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг шүү дээ. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас шар болон гэдэсний халдварт өвчнүүд үүсэх аюултай. Тиймээс гүйцэд боловсроогүй самао авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн хууль бусаар самар түүж, байгаль орчноо сөнөөхгүй байх хэрэгтэй.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.