Хувийн тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн орны иргэд хангалттай тэтгэвэр авдаг

Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орны иргэд тэтгэвэрт гарахдаа дэлхийг тойрон аялах зэргээр санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байдаг. Харин манай улсын иргэдийн хувьд тэтгэвэр багатайгаас аялж зугаалах нь битгий хэл үр хүүхдийнхээ гарыг харах нь олонтаа.

Бусад улсын ахмадууд ингэж давуу боломж эдэлж байгаагийн шалтгаан нь тун энгийн.

Учир нь тухайн орнуудад улсын тэтгэврийн тогтолцооноос гадна “хувийн тэтгэвэр”-ийн тогтолцоо өндөр хөгжсөн тул иргэд нь нэмэлт тэтгэвэртэй, хөдөлмөрийн чадвараа алдсан ч хэвийн амьдрах баталгаатай байдаг. Харин манай улсын хувьд ганцхан шатлалт тэтгэврийн тогтолцоотой өдийг хүрчээ.

2015 онд Австралийн Mercer компани дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тэтгэврийн сангуудын индексийг тооцож, хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоотой орнуудын судалгааг гаргахад Дани, Голланд, Австрали улсууд тэргүүлсэн байна.

Харин Голланд, Исланд, Швейцарь улсын тэтгэврийн сангийн хөрөнгө нь аль хэдийнээ улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан үзүүлэлттэй байна.



Эдгээр оронд тэтгэврийн тогтолцооны эрх зүйн зохицуулалт сайн тул иргэд нь сайн хамрагддаг, хуримтлалын дүн ч өндөр байдаг. Тухайлбал, Англи улсын тэтгэврийн тогтолцоо нь суурь болон нэмэлт гэсэн 2 хэсгээс бүрддэг. Иргэд хүсвэл төрийн тэтгэврийн нэмэлт хэсгийг хувийн тэтгэврийн тогтолцоо руугаа шилжүүлдэг. Харин Голландчуудын 90 хувь нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагддаг нь улсынхаа дундаж цалингийн 90 хүртэл хувьтай тэнцдэг байна.  

Нэг үгээр хэлбэл эдгээр орнууд хувийн тэтгэврийн тогтолцоогоороо дамжуулан иргэддээ нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, урт хугацаанд санхүүгийн баталгаатай эх  үүсвэрийг бий болгох нөхцөлийг хангаж чаджээ.  

Хувийн тэтгэврийн сангийн нийт актив нь хувь хүмүүс болон тэдгээрийн ажил олгогчоос оруулсан хуримтлал, хураамжаас бүрдэнэ. Тус сан нь олон улсад тусгайлан бие даасан хуулийн этгээд /траст, сан, корпораци/ хэлбэртэй, эсвэл хуулийн этгээдийн эрхгүй хэлбэрээр байгуулагддаг бөгөөд тухайн улсын төр захиргааны байгууллага нь татварын бодлогоор  дэмждэг байна. 

Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийн үндсэн эх үүсвэр нь ажиллагсад болон ажиллагсдынхаа өмнөөс ажил олгогчийн төлсөн тэтгэврийн хуримтлал байдаг. 

Ингэхдээ ажилтан, ажил олгогч нар тэтгэврийн хуримтлалыг тэнцүү хэмжээгээр, эсвэл ажил олгогч нь ажилтантай тохирсон хувь хэмжээгээр төлдөг. Тэтгэврийн сангийн хуримтлал нь ихэнхдээ цалингийн 10%-иас хэтэрдэггүй бөгөөд сарын дээд болон доод орлогоор тооцож, хэмжээг тогтоодог байна. Тэтгэврийн санд хуримтлагдсан хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага, менежерүүд удирдаж, санхүүгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн үр өгөөжтэй салбаруудад хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд найдвартай өсгөдөг.

 Хөрөнгө оруулалтын өгөөж нь хувийн тэтгэврийн сангийн активын тодорхой хэсгийг бүрдүүлдэг ба энэ нь тухайн орны зах зээлийн хөгжлийн түвшингээс хамаарч жилийн 10%-25%, үүнээс их эсвэл багаар тогтоогдох боломжтой.  

Иргэдийн хувьд тэтгэвэрт гарахдаа өөрийн хуримтлалаа 100 хувь болон эсвэл тодорхой хугацаанд тогтмол дүнгээр буцаан авч болохоос гадна өвлүүлж болно.


 

Тэтгэврийн сангуудын хөрөнгө оруулалтын өгөөж:   
 
Манай улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын хэв маяг сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдсөн ч тэтгэврийн тогтолцоондоо дорвитой шинэчлэл хийгээгүй байна.  


2015 оны байдлаар улсын хэмжээнд нийт 254 900 иргэн сард дунджаар 283 мянган төгрөгийн тэтгэвэр авдгаас дийлэнх хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 230,000 төгрөгийн тэтгэвэр  авдаг. Гэтэл амьжиргааны анхан шатны хэрэглээний зардал 185,000 төгрөг байгаа нь ахмадуудад хүндээр тусаж байгаа юм.  

Иймд цаашид тэтгэврийн тогтолцоондоо эрс шинэчлэл хийхгүй бол ирээдүйд тэтгэврийн сангийн алдагдал улам өсөх судалгаа бий. Харин хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлж, төрийн нийгмийн халамжийн ачааллыг хөнгөвчилснөөр, эдийн засагт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадавхитай санхүүгийн томоохон институци бий болно. 

Нөгөө талаар тэтгэврийн албан ёсны хуримтлал дээр сайн дурын хуримтлал бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийснээр иргэд ирээдүйн санхүүгийн баталгаагаа хангах, урт хугацааны хуримтлалтай болж, хүссэн хэмжээний тэтгэврээ авч сайхан амьдрах боломж бүрдэх юм. 


М.Мөнхцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus