Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногийн онцлох, баярт мэдээ бол олимпийн мөнгөн медаль байв. Хүн төрөлхтний их баяр цэнгэл зуны олимпийн наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн МУГТ Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумьяа   мөнгөн медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлууллаа.

Тэрбээр аваргын алтан медалийн төлөө эзэн орны бөх Р.Силватай барилдаж  вазари үнэлгээгээр ялагдсан ч барилдаан будлиантай болсон хэмээн үзэх хүн цөөнгүй байгаа юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн шилдэг 23 жүдоч зодоглосон бөгөөд тэдгээр бөхчүүдийн чансааг манай бөх тэргүүлэн барилдсан юм. Энэ өдөр манай бөх өөртөө итгэлтэй тун сайн барилдааныг үзүүлж, түүхэн амжилтын эзэн болж чадсан юм. Д.Сумьяа олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр медаль хүртсэн Монгол улсын анхны эмэгтэй тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөллөө. 

Мөн өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар олон нийтэд ил болгосон асуудал байлаа.  Түүний мэдээллээс эдийн засаг тун хүндхэн байдалд ороод байгааг харж болохоор байв.

Тухайлбал, Мөнгөний алдаатай бодлого хэрэгжүүлсэн. Мөнгөний нийлүүлэлт 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байхад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон.Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсон.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэнийг баталж байна.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011-2013 оны хооронд 18 хувиар өссөн ч, 2014 оноос эхлэн буурч, энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эхлээд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож, богино хугацаанд огцом нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл дөрвөн шатлалаар буурсан. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Стандарт энд Пүүрс /S&P/ агентлаг сүүлийн 4 жил 4 шатлал бууруулаад байна. Үүний улмаас Засгийн газар төдийгүй манай улсын компаниуд гадны улс орноос таатай нөхцөлтэй, хүү багатай арилжааны зээл авах боломж хязгаарлагдаж байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь Чингис бондын хүүнээс 6 хувиар өндөр байна.

Улсын төсөв 1,8 их наяд төгрөгөөр тасарсан. 2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.

Засгийн газрын нийт өр 21,3 их наяд төгрөг. Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 210 хувийг даваад байна.

Мөн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн юм. Гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилсон юм.

Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайхан,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг, Биеийн тамир, спортын газрын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Баатарцогт,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Нямдаваа нарыг томилов.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.