Рио 2016: Медалийн буухиа үргэлжилсэн долоо дахь өдрийн тойм
Хүн төрөлхтний эв нэгдлийг бэлгэ тэмдэг спортын их баяр цэнгэл олимпийн наадмын долоо дахь өдрийн тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр хуваарийн дагуу Монгол улсын шигшээ багийн  тамирчдаас  бокс, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд гурван тамирчин Риогийн дэвжээнд өрсөлдлөө. Олимпийн наадмын боксын 60 кг-д хүч үзсэн Ази тивийн аварга, Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай долоо дахь өдөр хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчныг ялж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлж, Монгол түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Манай тамирчин цаашдаа медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулааныг хийх сайхан мэдээтэй долоо дахь өдрийн тэмцээн уралдаанаа өндөрлүүллээ.

Жүдо бөхийн төрөлд: Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд +100 кг-д өрсөлдсөн ОУХМ Баттулгын Тэмүүлэн хүч үзэх хуваарьтай байсан. Манай бөх олимпийн наадмын нэгдүгээр тойрогт Алжирын бөх Тайеб Мухаммед Аминтай хүч үзэж, вазари үнэлгээгээр ялагдаж, олимпийн наадмыг өндөрлүүллээ. Б.Тэмүүлэнгийн хувьд хоёр дахь олимпийн наадамдаа хүч үзсэн нь энэ юм. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн +78 кг-ын барилдаанууд явагдаж дууссанаар олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өндөрлөлөө. Манай жүдо бөхийн шигшээ баг Рио 2016 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг нэг мөнгөн медаль, хоёр шагналт тавдугаар байр, нэг долоодугаар байрт шалгарсан амжилттайгаар дуусгалаа. Манай шигшээ багаас МУГТ Доржсүрэнгийн Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-д мөнгөн медаль хүртсэн билээ.



Усанд сэлэлтийн төрөлд: Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд манай тамирчин Б.Есүй  уралдлаа. Манай тамирчин гараандаа хоёрдугаар байрт орж, Монгол Улсын рекордыг 28.40 болгон шинэчлэн тогтоолоо. Өдгөө дөнгөж 16 настай тамирчны хувьд анхны олимпийн наадамдаа оролцож улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь түүнийг хэр ирээдүйтэй тамирчин болохыг нотлон харууллаа. Б.Есүйгийн хувьд 2015 оны Сингапур улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг бүхий л тэмцээнд амжилттай орлцон тэргүүн байрын төлөө өрсөлддөг тамирчин юм.



Боксын төрөлд: Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын хүрэл медалийн төлөөх тулаан явагдаж дууслаа. Хүрэл медалийн төлөө Монгол улсын шигшээ багийн тамирчин, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Доржнямбуугийн Отгондалай Алжирын боксчинтой хүч үзлээ. Манай улсын шилдэг ширэн бээлийтэн маань есөн минутын турш тун сонирхолтой тулаан хийсэн юм. Ингээд хоёр боксчны тулаан дууссаны дараа рингний шүүгч улаан булангаас гарч тоголсон манай улын боксчин Д.Отгондалайгийн ялалтыг зарлалаа. Манай тамирчин 3:0 харьцаатай, илт илүүрхэн ялалт байгуулсан билээ.  Ингэснээр манай улсын шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай медалийн өнгөө хувиргах тулааныг  хийхээр боллоо. Д.Отгондалай Францын тамирчинтай наймдугаар сарын 15-ний өглөө 05:00 цагт  мөнгөн медалийн төлөө тулалдана.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.