Рио 2016: Олимпийн аварга эхний тойрогт өвдөг шороодсон зургаа дахь өдрийн тойм
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн 31 дэх наадмын зургаа дахь өдрийн тэмцээн уралдаанууд явагдаж байна. Энэ өдөр хуваарь ёсоор Монголын баг тамирчид Риогийн дэвжээнд гарч хүч үзлээ. Тодруулбал жүдо бөхийн төрөлд  хашир туршлагатай тамирчид болох  эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн -100 кг-д олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр гурав дахь удаагийн олимпийн наадмын  татамид гарч барилдлаа.

Мөн цэнгэлийн манлай олимпийн наадамд мөн л хоёр дахь удаагаа оролцож буй шилдэг ширэн бээлийтэн ОУХМ Б.Түвшинбат шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тулаанаа хийлээ. Түүнчлэн эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ Г.Нандинзаяа, усанд сэлэлтийн төрөлд анх удаагаа оролцож буй Б.Дөлгөөн нар олимпийн наадмын тэмцээн уралдаандаа хуваарийн дагуу оролцлоо. Харамсалтай нь Риогийн зургаа дахь өдрийн тэмцээн уралдааны дэвжээ Монголын тамирчдад ээлгүй байлаа.  Энэ өдөр дэвжээнд гарсан тамирчид маань  нэгдүгээр тойргоос тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Жүдо бөхийн төрөлд: Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 кг-ын барилдаанууд үргэлжлэн явагдлаа. Энэ жингээс Монгол улсын олимпийн анхны аварга төрсөн.  Мөн өнгөрсөн 2012 оны олимпийн наадмаас Н.Түвшинбаяр аварга мөнгөн медаль хүртэж, олимпийн хошой медальтан болж Монгол түмнээ баярлуулж байсан. Тэгвэл олимпийн аварга Н.Түвшинбаяр  гурав дахь олимпийн наадамдаа зодоглож,  Риогийн олимпийн анхны барилдаанаа хийлээ. Манай бөх Кубын шилдэг залуу тамирчинтай эн тэнцүү өрсөлдөж, юүко үнэлгээгээр ялагдаж, энэ удаагийн олимпийн наадмыг өндөрлүүлж байна. Түүний өмнөхөн өнгөрсөн Лондон 2012 оны олимпийн наадмын аварга ОХУ-ын Т.Хабулаев мөн эхний тойрогт Азербайжены бөхөд ялагдаж, олимпийн наадмыг өндөрлүүлсэн билээ. Ингэснээр  өнгөрсөн хоёр олимпийн аваргууд Риогийн олимпийн наадамд нэгдүгээр тойргоос үзэгчийн эгнээнд шилжсэн. 



Гурав дахь удаагийн олимпийн наадамдаа зодоглож буй манай хашир туршлагатай тамирчин П.Лхамдэгд   олимпийн наадмын эхний тойрогт Унгарын бөх Абигелд ялагдлаа. Ингэснээр эмэгтэйчүүдийн 78 кг-д хүч үзсэн манай бөх тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Манай бөх Унгарын бөхтэй хийсэн барилдааныхаа үеэр гарны бэртлээ сэдрээсэн нь  ийн ялагдахад нөлөөлсөн юм.



Боксын төрөлд: Рио 2016 олоимпийн наадмын сонирхогчдын боксын 69 кг-д хүч үзэж буй Үндэсний шигшээ баг, Хүч спорт хорооны тамирчин, ОУХМ Бямбаагийн Түвшинбат олимпийн наадмын ээлжит тулаанаа хийж, ялагдал хүлээлээ. Манай тамирчин Ирландын боксчин Донел Стивен Жеррардтай шөвгийн  наймд үлдэх эрхийн төлөө тулалдаж ийн ялагдал хүлээлээ.  Хоёр дахь олимпийн наадамдаа зодоглож буй Б.Түвшинбатын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болсон олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс Филиппиний Эумир Марсиалыг гурван үеийн турш илүүрхэн хожиж эрхээ авсан билээ. Манай ширэн бээлийтнүүд энэ удаагийн олимпийн наадамд  түүхэндээ анх удаа хамгийн олон буюу нийт зургаан эрх аван оролцож байгаа билээ. Риог зорьсон ширэн бээлийтнүүдээс таван тамирчин нь эхний ялалтаа авч тэмцээнээ үргэлжлүүлж байсан бол өнөөдөр Б.Түвшинбат Ирландын боксчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Харин ОУХМ Х.Энх-Амарын хувьд эхний тулаанаа наймдугаар сарын 14-нд хийх хуваарьтай байна. Маргааш буюу наймдугаар сарын 13-нд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчинтой хүч үзэхээр учраа таараад байгаа билээ.



Буудлагын төрөлд: Энэ өдөр хуваарь ёсоор урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн чансаа тогтоох тэмцээн амжилттай явагдаж  өндөрлөлөө.  Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин Г.Нандинзаяа 582 оноотой есдүгээр байрт  эрэмбэлэгдэж харамсалтайгаар финалд орж чадсангүй.Эхний найман байрт шалгарсан тамирчид финалын шатанд өрсөлдсөн юм.



Усанд сэлэлтийн төрөлд: олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ОУХМ Батсайханы Дөлгөөн өрсөлдөж 24.90 гэсэн  амжилтаар  тэмцээнд оролцож буй 85 тамирчнаас 60 дугаар байрт эрэмбэлэгдлээ.  Манай тамирчны хувьд олимпийн наадамд усанд сэлэлтийн ганц төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд ийн финалд шалгарч чадалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн. Манай улсаас Рио 2016 олимпийн наадамд усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин оролцож байгаа юм. Монгол улсын дараагийн тамирчин спортын мастер Есүй маргааш эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөх хуваарьтай байгаа юм.


 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gunig 2016-08-12 04:00:04
    exleed aaziin avraga bolchood olimpid oruul taarna . jijig temtseend orood xurel avaachaad l olimpid orii geed tomrood baidag , oronguutaa exii eudeel xojigddog...
  • Баагий 2016-08-12 00:56:18
    Манай спортын сургалт дасгалжуулалтын явцад сэтгэл зүйн бэлтгэл гэдгийг орхигдуулсан байна