Увсынхныг урвуулсан гэрээнүүд

“Зууны мэдээ” сонин Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгд, 18 сумаас 14-ийнх нь нутаг дэвсгэрийг хамарсан “Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хуудуутай ажиллагаа, хуулийг гууль болгосон орон нутгийн удирдлагуудын булхай, ард түмний эсэргүүцэл, байгаль орчны өөрч­лөл­тийн талаар эрэн сурвалжилсан нийтлэл, газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагуудыг хагас жилийн турш цаг алдал­гүй хүргэсэн билээ.

Увс аймгийн иргэд нийт­лэлээс газрын тосны талаар ойлголттой болж, өөрсдийн эрх ашиг, бэлчээр нутаг, байгаль орчноо хамгаалах, төрийн өмчөөс хувь хүр­тэх, орон нутгийн удирд­лага, компанид зүй ёсны шаардлага тавих эрх­тэй гэдгээ ойлгосон талаар бидэнд байр сууриа илэр­­хийлсээр байна. “Монголиа гладвилл Увс петролиум” компани ч үйл ажиллагаагаа зогсоож, 2016 оны ажлаа өнөөг хүртэл эхлүүлээгүй байна.

 

“УВС-1” ТАЛБАЙН ТӨСӨЛ ГҮЙЦЭТГЭГЧ СУРАГ АЛДАРЧЭЭ

Гадны компанитай хүзүү сээрээ холбож, ард иргэддээ аархаж байсан аймгийн удирдлагууд өнгөрсөн сонгуулиар халаагаа өгч, Увс аймаг шинэ удирдлагатай болоод буй.

Газрын тосны хайгуул яагаад зогссон, нийт нутгийнх нь гуравны нэгт, Монголын хамгийн том Увс, Хяргас нуурын хөвөөнд талбай олгогдсон газрын тосны хайгуул, олборлолтын ажилд ямар байр суурь баримталж байгаа талаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас тодруулахад “Гүйцэтгэгч компани сураггүй байгаа. Энэ оны ажлаа эхлүүлэх тухай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй” гэлээ.

Ямааны мах халуун дээр нь гэгчээр одоо л “Увс-1” талбайг тойрсон асуудлыг цэгцэлж, байгаль орчин, эдийн засаг, нутгийн иргэд бэлчээр нутаг, эрүүл мэндийн хохирол амсах эрсдлээс сэргийлэх боломж энэ.

Хайгуулын ажлыг зогсоож, байгуулсан гэрээнүүд, өнгөрсөн жил гүйцэтгэсэн ажил, санхүүгийн тайланд хяналт шалгалтыг оруулах ёстой. Увс аймгийн ард иргэд ч аймгийн шинэ удирдлага, шинэ Засаг төрөөс ийм алхмыг хүлээж байна.

“Увс-1” талбайн төсөл цааш үргэлжилбэл гарч болох маш олон эрсдэл бий. Увс аймагт байгаль цаг уур, бэлчээр нутгийн өөрчлөлт аль хэдийнэ бий болоод эхэлчихсэн.

Хамгийн эрсдэлтэй нь Дэлхийн шим мандлын нөөц газар, Дэлхийн өвд данстай 2004 онд Рамсарын конвенцид хамрагдсан Төв Азийн нүүдлийн шувуудын гол нутаг болсон Увс нуурын ай сав газарт хайгуулын олон зуун метрийн гүний өрөмдлөг хийхэд одоо, ирээдүйд ямар эрсдэл учруулж болохыг Монгол Улс өөрөө ч бүрэн судалж, тогтоож чадаагүй байгаа юм.

Энэ удаа бид Увсын үзэсгэлэнт байгаль, онгон дагшин бэлчээр нутгийг ирээдүйд хоёр дахь “Тамсагийн орд” болгох эрсдэл далласан гэрээнүүдийг судаллаа.

“Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай 2015 оны зургадугаар сарын 26-нд Хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг дагалдаж байгуулдаг олон гэрээнүүдийн нэг бол энэ юм.

Энэ нь уугуул газар нутаг дээрээс байгалийн шавхагддаг баялгийг нь олборлох үед хувь, ашиг хүртэх хамгийн боломжит, үндсэн эрхзүйн акт гэсэн үг. Жил гаруйн өмнө байгуулсан хамтын ажиллагааны гэрээ нь Б тал буюу компанид тал зассан, гэрээ биш тохиролцоо гэж харж болох олон ноцтой заалтууд орсныг гэрээний эрхзүй, байгаль орчны мэргэжилтнүүд тэмдэглэсэн юм.

ГЭРЭЭГ АЙМАГ БИШ СУМТАЙ БАЙГУУЛАХ ЁСТОЙ

Хамтын ажиллагааны гэрээнээс тухайн нутаг орон ард иргэдээ ажлын байраар, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн асуудлаа бие даан шийдвэрлэх, орон нутгийнхаа байгалийн баялгаас хувь хүртэх, ард иргэд нь гэрээ байгуулахад эрх тэгш оролцож компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөгжлийн асуудлаар шийдвэр гаргахад оролцогч тал гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх арга хэрэгсэл болох учиртай.

Гэвч “Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ эхлэл хэсгээсээ л хууль зөрчжээ. Гэрээний эхэнд “...Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дахь заалтуудыг үндэслэн энэхүү гэрээг нэг талаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, нөгөө талаас “Монголиа гладвилл Увс петролиум” компани харилцан тохиролцож байгуулав” гэжээ.

Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллахыг заасан байгаа юм.

Гэрээний үндэс болгосон хуулийн заалтаар бол “Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн ЗДТГ-тай бус өнгөрсөн жил хайгуул эхлүүлсэн Малчин сумын ЗДТГ-тай байгуулах ёстой байв.

Ингэж байж Малчин сумынхан бодит ашиг хүртэх боломжтой байлаа. Малчин сумаас өнгөрсөн хавар бэлтгэсэн сурвалжлагын явцад газрын тосоос хүртсэн ашиг гэвэл усны төлбөр, цөөн тооны нутгийн иргэдийг ажлын байраар хангаснаас өөр бүтээмжгүй байсан билээ.

Гэрээний үндэслэлээр А тал болсон аймгийн ЗДТГ-ынхан сумдын удирдлагуудад үүрэг өгч, Б талын ажлыг үг дуугүй үргэлжлүүл гэсэн аархуу заавар өгсөн гэлцдэг. Нэг ёсондоо гадаад компани аймгийн дарга нараар газар нутгийг нь удирдуулж, ажлаа гүйцэтгэжээ. Үүний ард ашиг сонирхол, авлигын асуудал байж болох эрсдлийг ийн бий болгожээ.

КОМПАНИЙН МЕНЕЖЕР АЙМАГ

А, Б талуудын эрх үүрэг. Энд товчхондоо зөвхөн компанид л ач холбогдолтой заалтууд оржээ. Аймгийн ЗДТГ нутаг орондоо ашигтай шийдвэрийг гаргуулах, хяналт тавих, ард иргэдээ мэдээллээр хангах ёстой атал компанид найр тавьсан, нэгэнт хуулиар хүлээсэн эрх, үүргийг давхардуулж ёстой л нэг холион бантан болгосон байна.

Тодруулбал, компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгаас олгох зөвшөөрлийг цаг хугацаанд нь шийдэж өгөх, Б талын ажилтнуудыг эмнэлгийг үзлэгт хамруулах үүрэгтэй. Мөн компанийн үүргийг өмнөөс нь хүлээсэн заалт ч байна.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлэх ажлын талаар орон нутагт сурталчлах гэж. Нэг ёсондоо Увс аймгийн ЗДТГ-ынхан  “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн менежерийн үүргийг хүлээчихэж.

Бас байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн цооногийн хөрсний бохирдлын шинжилгээг аймгийн Цаг уур орчны шинжилгээний лабораториор хийлгэх нөхцлийг аймаг бүрдүүлж өгөх ёстой гэнэ.

Газрын тосноос үүдсэн хөрсний бохирдлыг аймгийн нэг лаборатори битгий хэл улсын төв лаборатори бүрэн шинжилж чадахгүй байгааг Тамсагийн ордын жишээ харуулсан билээ.

Гэрээнд заагдсан манай талын эрх ч гэж хошин шог. Б талыг үүргээ биелүүлэхийг шаардах, бараа ажил үйлчилгээ, ажиллах хүчний талаар Б талд санал тавих, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй гээд л болоо.

Компанийнх бол хуулиар хүлээсэн эрх, үүргийг давхардуулж гэрээлснийг та зураг дээрээс харж болно. Үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулах, орон нутагт дэмжлэг үзүүлэх, тухайн орон нутагтаа компаниа бүртгүүлэх, татвар хураамж төлөх, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэжээ.

Эдгээр нь угтаа “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Компанийн тухай хууль, ус, газар ашиглах зэрэг бусад хууль тогтоомжуудаар нэгэнт хүлээсэн үүрэг.

Уул уурхайн яамнаас гаргасан Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварт сонгосон ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулахыг гүйцэтгэгч талын эрх, үүрэгт зайлшгүй байх ёстой гэж заажээ. Ингэхдээ бүр ямар ажил зохион байгуулах, гүйцэтгэх хугацаа, төсөв нь ч тодорхой байхыг томъёолсон байна.

ДҮГНЭХ ХЭМЖҮҮРГҮЙ ГЭРЭЭ

Аливаа зүйл ерөнхий байх тусам түүнээс урган гарах ямарваа харилцааг зохицуулахад бүрхэг, хүндрэлтэй болдог тухай гэрээний эрхзүйн мэргэжилтэн ярьж байна. Увс аймагтай хамтран ажиллах гэрээний хувьд яг ийм.

Гэрээ үргэлжлэх хугацаа, “Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн хэчнээн хүнийг ажлын байраар хангах, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хэр хэмжээтэй байх зэргийг тусгасан хэмжих үзүүлэлтийг энэ гэрээнээс та огт олж харахгүй.

Компани 100 биш, 10, бүр нэг хүнийг ажлын байраар хангачихаад үүргээ биелүүлсэн гэж гэдийж ч болохоор. Гэрээний хэрэгжилтийг дүгнэх ямар ч хэмжүүр байхгүй байгаад зогсохгүй хариуцлага, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэх тухай бүр ярилтгүй.

Гэрээний эрхзүйн хэмжээнд хүрч чадаагүй уг гэрээг хүчин төгөлдөр гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Увс аймгийн иргэд ийм гэрээнээс юу ч авч үлдэж чадахгүй ажээ. Харин тодорхой бүлэг хүмүүст л ашигтай байсан учраас энэ гэрээг үзэглэсэн хэрэг.

 
Үргэлжлэл бий...
 
Зууны мэдээ
Б.ЭНХЗАЯА
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Увсынхан 2016-08-12 08:39:36
    Өөрт нь ашиг унахгүй болохоор ард иргэдийн эрх ашигаар далимдуулахаа боль. Өрөмдлөгийн ажилыг хийлгээд нөөц тогтоолгоод авсныхаа дараа энэ шуугианаа гаргалдаа....
    202.72.247.131
    Мэдэгдсэн Хариулах
    • Нутгийн иргэн 2016-08-12 08:40:45
      Яг үнэн.
      202.72.247.131
      Мэдэгдсэн Хариулах