Танилц: Дэд сайд, агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид

Засгийн газрын хуралдаанаар гурван яамны дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Дэд сайд болон агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийн танилцуулгыг хүргэж байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал, 2005-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Улсад 20 жил ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Эрдэнэт хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1978 онд, Орос хэлний багшийн дээд сургуулийг 1983 онд, Москвагийн орос хэлний багшийн дээд сургууль 1987 онд, МУИС-ийг 2001 онд Удирдлагын академийг 2005 онд төгссөн. Түүнчлэн Герман, Болгарт хөдөө аж ахуй, газар тариалан, Япон, Солонгост хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Ж.Сауле нь 1983-1996 онд нийслэлийн 57 дугаар сургуульд багш, 2002-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах зохион байгуулагч, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2013 оноос Монгол Ардын намын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Төрийн албанд 23 жил ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн

Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд,  ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн. Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Нийслэлийн арван жилийн 20 дугаар дунд сургуулийг 1978 онд, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1982 онд, Улаанбаатар дээд сургуулийг 2012 онд төгссөн. ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Индонези Улсад улс төр судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Цэргийн улс төрийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй.  Н.Цагаанхүү нь 1982-1986 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид улс төрийн орлогч, ангийн зааварлагч, штабын офицер, 1987 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1987-1990 онд Октябрийн районы  ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, 1990-1991 онд Улаанбаатарын ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, 1991-2005 онд “НЦБ” компанийн захирал, 2005-2006 онд “Шинэ эргэлт” төрийн бус байгууллагын тэргүүн, 2007-2009 онд Монгол Ардын намын Ёс зүйн хороонд Нарийн бичгийн дарга, 2009-2013 онд Монгол Ардын намын Ёс зүйн хорооны дарга, Хяналтын ерөнхий хорооны дэд даргаар, 2013 оноос Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан юм.  Төрийн албанд есөн жил ажиллаж байна.

Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан

Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Япон Улсын Бункагийн Гадаад хэлний институтыг 1995 онд, Японы “Ниппон” инженерийн коллежийг 1997 онд, Монгол Улсын Техникийн их сургуулийг 1997 онд төгссөн. Герман Улсад банкны менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.  Компьютерийн программ хангамжийн инженер, цахилгаан систем автоматжуулалтын инженер мэргэжилтэй. Б.Баярсайхан нь 1998-2000 онд Японы “AUCS inc Gate Device” ХХК-д ложистикийн систем хөгжлүүлэлтийн инженер, 2000-2002 онд “JP Morgan Securities Japan JP Morgan Chase Co” ХХК-д санхүүгийн системийн зөвлөх инженер, 2002-2004 онд “Saison information Systems/ Credit Saison Group”-т санхүүгийн системийн инженер, 2004 оноос Японы “Үндэсний хөрөнгө оруулалтын менежмент” компанийн үүсгэн байгуулагч, захирал, 2006-2013 онд Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалтын банкны Япон Улс дахь төлөөлөгч, хөрөнгө оруулалтын банк хариуцсан дэд захирал, гүйцэтгэх захирал, 2010-2014 онд НАМЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, 2010 оноос Монгол Ардын намын Бага хурлын гишүүн, 2013 оноос Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байсан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор

Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг 1977 онд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1982 онд, ОХУ-ын Удирдлагын академийг 1988 онд, ШУТИС-ийг 1993 онд төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй. 1982-1988 онд Сэлэнгэ аймгийн “Дулаан хаан” авто завсарын газарт инженер, 1985-1990 онд Хялганатын модны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1990-1992 онд Хялганат хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1995 онд “Хан Уулс” компанийн захирал, 1995-2000 онд Сэлэнгэ зочид буудлын ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд “Хос-Эрдэнэ” ХХК-ийн захирал, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга, 2007-2008 онд “Орон сууц” корпорацийн ерөнхий захирал, 2009-2012 онд  Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Хялганатын намын хорооны нарийн бичгийн дарга, Эрдэнэт хотын намын хорооны тэргүүлэгч, Хүнд үйлдвэрийн яамны болон Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллаж байна.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зориг

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 1975 онд, ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл анги 1976 онд, Донецькийн Улсын их сургуулийг 1981 онд,МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2000 онд төгссөн.  АНУ-ын Мериландын их сургуульд Засгийн газрын төсөв, татварын бодлого, Тайландын үндэсний хөгжлийн институтад  хөгжлийн бодлого төлөвлөлт, Вашингтон хотын Олон улсын валютын сангийн институтад санхүүгийн програмчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Л.Зориг нь 1981-1988 онд Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга, 1988-1989 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороонд хэлтсийн дарга, 1989-1990 онд Сайд нарын Зөвлөлийн Орлогч даргын туслах, 1990-1991 онд Нийгэм, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн яаманд газрын орлогч дарга, 1991-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Эдийн засгийн бодлогын зөвлөлд референт, 1992-1996 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанд зөвлөх, ахлах зөвлөх, 1996-1998 онд “Монполь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1998-1999 онд Сэргээн босголт банк, Шинэчлэл банкинд эдийн засагч, хэлтсийн дарга, 2000-2008 онд Үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2009-2012 онд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга, 2013-2016 онд Улсын Их Хурлын Дэд даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн албанд 30 жил ажиллаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогт

Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1992 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, Геологи, газар зүйн факультетийг тус тус төгссөн. Австрали, Унгар, Америк, Герман улсад уул уурхайн чиглэлээр тус тус суралцсан.  1997-2001 онд МУИС-ийн Геологи, газар зүйн факультетэд туслах багш, багш, 1997-1999 онд “BHP Minerals” компанид геологич, 2000-2002 онд “Ivanhoe Mines”, “Оюу толгой” компанид ахлах геологич, хяналтын геологич, 2002-2006 онд ХБНГУ-ын Тюбингийн Их сургуульд докторант, судлаач,  2006-2007 онд “BHP Billiton” компанид төслийн геологич,  2007-2009 онд “Avex Монгол” ХХК-д ерөнхий геологич, захирал, 2009-2012 онд МХЕГ-ын Геологи, уул уурхайн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 оноос Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн захиргааны албан тушаалд долоон жил ажиллаж байна.

Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравжамц

Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1991 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Эрдэнэт хотын Гадаад хэлний дээд сургууль, 2002 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2014 онд “Чингис хаан” дээд сургуулийг төгссөн. Орчуулагч, түүхч, эрх зүйч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи, словак хэлний мэдлэгтэй.  1993-2001 онд Сагсан бөмбөгийн “1+11” клубд тамирчин, 2005-2007 онд “Цаст” дунд сургуульд маркетингийн менежер, 2008-2010 онд “Кингс кидс” дунд сургуульд багш,  2010-2012 онд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, 2012-2014 онд “Шаравжамц старс” сагсан бөмбөгийн клубийн захирлаар ажиллаж байсан.  2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн албанд зургаан жил ажиллаж байна.

Оюуны өмч, УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүү

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. 1971 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуулийг, 1977 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг, 1990 онд Намын дээд сургуулийг төгссөн.  Эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1971-1973 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуульд багш, 1976-1978 онд Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт байцаагч, 1978-1982 онд Сэлэнгэ аймгийн Баянхараатын сангийн аж ахуйд ерөнхий санхүүч, 1982-1988 онд мөн аймгийн Орхоны сангийн аж ахуйд ерөнхий санхүүч, 1990-1991 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга, 1991-1992 онд Сэлэнгэ аймгийн Ардын депутатын хурлын газрын гүйцэтгэх захиргаанд Санхүүгийн хэлтсийн дарга, 1992-1995 онд  Сэлэнгэ  аймгийн 1 дүгээр орлогч дарга, 1995-1996 онд Үнэт цаасны хороонд хэлтсийн дарга, 1996-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2011 онд Хөрөнгийн биржийн захирал, 2011-2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2015 онд Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 37 жил ажиллаж байна.

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт

Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Нийслэлийн 20 дугаар дунд сургуулийг, 2003 онд Отгонтэнгэр их сургуулийг, 2016 онд Монгол Улсын Их Сургуулийг, 2016 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Орчуулагч мэргэжилтэй. Улс төр судлал, төрийн удирдлагын магистр. Англи, орос, герман хэлний мэдлэгтэй. 2003-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, 2004-2005 онд мөн яамны Ёслолын газарт аттеше, 2005-2008 онд Лондон дахь Элчин сайдын яаманд аттеше, консул, 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Консулын газарт 3 дугаар нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2014 онд МАН-ын Бага хурлын гишүүн,  2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд дэд ерөнхийлөгч, 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 13 жил ажиллаж байна. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-11 11:49:12
    Ш.Лхамсурэн гэж курс тегссен нехер дэд сайд болдог юм байх даа. Терд ажилсан дадлага туршлага юу бнаа.
  • zochin 2016-08-11 09:23:05
    hi sonin yamaa Hodolmor halamjiin vilchilgeenii dargiin vvrgiig tvr orlon gvitsetsegchiin medeelel ni yagaad baidaggvi um boloo
  • инженер 2016-08-11 09:10:20
    Лхамсүрэн, Баярсайхан 2 ашиг сонирхолын зөрчилтэй.
  • зочин 2016-08-11 05:20:49
    Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121