“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн долдугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийн саналыг тусгах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө санал бодлоо илэрхийлэхээр цаг зав гаргаж ирсэн иргэддээ талархал илэрхийлье. “Аз жаргалтай хот”-ыг бий болгохын тулд ирэх дөрвөн жилд нийслэлд ямар ажил хийх хэрэгтэй байна вэ, мөн өмнөх эрх баригчдын хэрэгжүүлж байсан ажлуудаас алийг нь зогсоож, ямар ажлыг нь үргэлжлүүлэх вэ гэдгийг Та бүхнээс асууж, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийнхээ саналыг тусгахаар ажиллаж байгаа юм. Нийслэлийн иргэд Та бүхэн бидний олж хараагүй олон чухал саналыг ирүүлж байна. Бид үүнийг нэгтгэж, тухайн иргэнд тулгамдаж байгаа асуудлуудыг нэг бүрчлэн гаргана. Тиймээс иргэдийгээ энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна “ гэлээ.  

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар танилцууллаа. Тус хөтөлбөрийг Амьжиргааны түвшинг дээшлүүлж, хамгаалах, Эрх зүйн орчин бүрдүүлэлт, Санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Байршил суурьшлын зохицуулалт, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн таван чиглэлд хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 45 цэцэрлэг, сургууль, 3 эмнэлэг, 4 спорт цогцолбор 2 усан бассейн, 5 соёлын ордон байгуулж,  боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир, спорт, ахуйн  үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай  нөхцлийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2020”  төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл амралтын тохилог орчин бүрдүүлж, элэгний өвчлөл, хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

Мөн авто зам барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, Баруун, Зүүн 4 замын уулзварт давхар зам бүхий олон түвшний огтлолцол байгуулж, 5 дугаар цахилгаан станц, Багануур  цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их  тойруу  сүлжээг  ашиглалтад оруулж олон түвшний  хоёр огтолцол, бага оврын 2 цэвэрлэх байгууламж барьж, гэр хорооллыг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал боловсруулж  хэрэгжүүлнэ. Түүнчлэн "Нэг өрх-нэг орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй мянган айлын орон сууцыг дэс дараатай шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан гэдгийг танилцуулав.

Иргэд Улаанбаатар хотын хөгжлийн төлөө иргэдийн дуу хоолойг сонсож байгаад талархал илэрхийлээд, саналаа хэллээ. Тухайлбал, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аз жаргалтай иргэдийг хэрхэн бий болгох, иргэдийн соёл, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, хүүхдүүдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг багасгах, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах, газар өмчлөлийг хүртээмжтэй болгох, хорооллын дундах зам, талбайг засах, орон сууны дулаалгыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.