Рио 2016: Тав дахь өдрийн тойм
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны 31 дэх удаагийн олимпийн их наадам Бразил улсын Рио  Де Жанейро хотноо  тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр манай тамирчид бокс, хүндийг өргөлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Жүдо бөхийн төрөлд: Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаан явагдаж дууслаа. Манай бөх Л.Отгонбаатар БНХАУ-ын бөх Чентэй хүрэл медалийн төлөө барилдаж юко үнэлгээгээр ялагдаж, олимпийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан. Манай бөхийн хувьд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нидерландын бөхийг цэвэр ялж, шөвгийн 16-д Кубын бөхийг торгуулиар ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүржийн бөхөд торгуулиар ялагдаж, дагах барилдаан хийхээр  болсон юм. Ингээд дагах барилдаанд Азербайжаны бөхийг юко үнэлгээгээр ялснаар олимпийн  их наадмын хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөхтэй барилдаж, ялагдал хүлээлээ. Энэ жингийн аваргын алтан медалийг Япон улсын бөх Бэкэр, мөнгөн медалийг Гүржийн бөх Варлан хүртлээ. Харин хүрэл медалийг БНХАУ, БНСУ-ын тамирчид тус тус хүртлээ.



Харин жүдо бөхийн  эмэгтэйчүүдийн 70 кг-д манай  бөх ОУХМ Ц.Наранжаргал  Гүрж улсын бөхтэй  хүч үзэж, базари, юко үнэлгээгээр ялагдлаа.Манай бөхийн хувьд анх удаа олимпийн их наадамд зодоглож, нэгдүгээр тойрогт ялагдан  тэмцээнийг өндөрлүүлсэн.



Боксын төрөлд: Рио 2016 олимпийн наадмын тав дахь өдөр хуваарийн дагуу боксын 56, 64 кг-ын тулаанууд үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр манай шилдэг ширэн бээлийтэн Химийн цомын аварга ОУХМ Баатарсүхийн Чинзориг олимпийн наадмын эхний тулаанаа  Катарын боксчин Т.Тарумалинтай хийлээ. Манай тамирчин гурван үеийн турш илт илүүрхэн ялалт авлаа. Ингэснээр Б.Чинзориг шөвгийн 16-д шалгарч үлдлээ.



Мөн өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга, Насанд хүрэгчдийн гурван удаагийн улсын аварга ердөө 20-хон настай манай улсын шилдэг  залуу ширэн бээлийтэн  ОУХМ Э.Цэндбаатар олимпийн наадмын анхны тулаанаа хийлээ. Манай тамирчин Кенийн хашир туршлагатай 31 настай тамирчинтай  эхний тулаанаа хийж, гурван үеийн турш илүүрхэн ялалт байгууллаа. Э.Цэндбаатар дараагийн тойрогт Беларусын  боксчинтой тулалдана.Манай тамирчин өнгөрсөн зургаадугаар сард Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрх хүртсэн билээ. 



Хүндийг өргөлтийн  төрөлд: Олимдийн наадмын тав дахь өдөр  хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын тэмцээн явагдаж  шилдгүүд тодорлоо. Энэ төрөлд манай улсаас анх удаа шилдэг залуу тамирчин М.Анхцэцэг олимпийн наадмын эрх аван оролцсон билээ. Манай тамирчины хувьд огцом өргөлтөөр 106 кг-г, түлхэлттэй өргөлтөөр 131 кг-г өргөж нийт 237 оноотойгоор олимпийн наадмын наймдугаар байрт шалгарлаа. Энэ жинд БНХАУ Янмэй 261  кг-ыг өргөж  түрүүлсэн бол Казахстаны Заппаркул Зазира 259  кг-ыг  өргөж мөнгөн медалийн болзол хангалаа. Харин  Египетийн Ахмэд Сара 255 кг-ыг  өргөсөн амжилтаар энэ удаагийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.