Д.Нанжид: Хүмүүс Э.Балжинням, Б.Батзаяа нарыг харьцуулдаг

Дэлхийн анхаарлын төвд байгаа Бразилд болж буй хөлбөмбөгийн ДАШТ -ийг “ETV” телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. ДАШТ-ийг тайлбарлан хүргэж буй Д.Нанжидтай уулзаж ярилцлаа. Тэрбээр тайлбарлагчаас гадна спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн дасгалжуулагч юм.

-20 дахь удаагийн ДАШТ-ийн шөвгийн найман баг шалгарлаа. Гэтэл хөлбөмбөгийн мэргэжилтэн, хөгжөөн дэмжигчдийн итгэл хүлээж байсан Испани, Англи, Итали, Португалийн шигшээ баг хэсгээсээ ч шалгарч чадсангүй?

-Тийм ээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр сонирхолтой, хэний ч таамаглаагүй байдлаар өрнөж байна. Хөгжөөн дэмжигчид “Хөлбөмбөг жигд хөгжиж байна” гэсэн үгийг олонтаа сонссон байх. Энэ нь бодитойг бид харлаа. Үнэхээр муу баг байхгүй болжээ.

-Сүүлийн жилүүдэд том тэмцээнд босоо байсан Испанийн шигшээ багийн бүтэлгүйтлийн шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Испанийн шигшээ баг ерөнхийдөө “Барселона” клубын тоглогчид дээр суурилж, ижил төстэй хэв маягийн тоглолт үзүүлдэг. Тэд 2008 оноос хойш олон шилдэг амжилт гаргасан. Гэхдээ тоглолтын хэв маяг нь маш их судлагдаж, өрсөлдөгч багууд нь хэрхэн зогсоохоо мэддэг болжээ. Бас Испанийн шигшээ багийн тоглогчид 2013 онд маш их ачаалал авч, ДАШТ-д ядарсан нь анзаарагдсан. Мөн Америкаас өөр тивийн багуудад өрсөлдөгчөөсөө гадна цаг агаарын халууныг давах бас нэг өрсөлдөгч ногдож байна.

-Криштану Роналдугийн дэмжигчид олон байдаг. Гэсэн ч Португал бас муу тоглолоо?

-Уг нь хэсгээсээ шалгардаг баг юмсан. Гол тоглогчдынх нь гэмтэл бэртэл нөлөөлөөд сайн тоглож чадсангүй. Пепегийн дэггүйтэл Португалийн шигшээ багийн ДАШТ-ийг үгүй хийчихсэн. Хэсгийн эхний тоглолтдоо Германы шигшээ багт 0:4-өөр дийлдсэн нь үндсэндээ тэднийг тэмцээнээс мулталчихлаа. Пепе улаан хуудас авч, талбайгаас хөөгдөөгүй байсан бол арай ч ингэж хожигдохгүй байсан болов уу. Пепе эсрэг багийн Томас Мюллерийг мөргөсөн ч бай, мөргөөгүй ч бай шүүгчийн нүдэнд тэгж харагддаг нь буруу.

-Та хөлбөмбөгтэй хэрхэн холбогдсон бэ?

-Анх 1996 онд Атлантын “алтан” олимпийн наадмыг үзэж, спортод маш их татагдсан. 1998 онд Францад болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг 10 настайдаа анх үзэж, хөлбөмбөг гэж гайхамшигтай спортод дурласан. Түүнээс хойш хөлбөмбөгтэй хамт байна даа.

-Аль улсын шигшээ багийг дэмждэг вэ?

-Би спортын сэтгүүлч, тайлбарлагчийн хувиар энэ тухай үзэл бодлоо илэрхийлэх нь зохимжгүй байх л даа. Гэхдээ хөлбөмбөгийн хорхойтны хувиар ярья. Намайг бага байхад Диего Марадонагийн алдартай гоолууд зурагтаар их гардаг байсан. Манай ах нар дэмждэг байсан болоод ч тэр үү Аргентинийн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Габриэль Батистута гэж гайхалтай тоглогч байсан нь ч нөлөөлсөн. “Аргентинийн супер баг 2002 оны ДАШТ-д түрүүлэх өндөр боломжтой” гэгдэж байсан ч хэсгээсээ шалгарч чадаагүйг нь хараад дотор харанхуйлж байлаа. 

-Аргентиний шигшээ баг дэлхийн аварга болж чадах болов уу?

-Боломж бий. Миний спортын хорхойтны хувиарх хамгийн том хүслийн нэг. Би Монгол Улсаас олимпийн аварга төрөхийг харсан. Харин одоо дэмждэг багаа дэлхийн аварга болохыг үзмээр байна. Аргентиний шигшээ баг хамгийн сүүлд 1986 онд дэлхийн аварга болсон ч тэр үед би төрөө ч үгүй байлаа.

-Аль клубыг дэмждэг вэ?

-Испанийн “Барселона”-гийн үнэнч дэмжигч. 1992 оны зуны олимпийн наадам Барселон хотод болсон. Тэрхүү олимпийн тухай нэвтрүүлэг сүүлд телевизээр их гардаг байсан болохоор хотынх нь нэр чихэнд их хоногшсон. Миний дуртай тоглогч Ривалдо энэ клубт тоглож байгаад 1999 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон нь ч их нөлөөлсөн болов уу. Үүний дараахан “Барселона” клубийн түүхийг олж уншаад зүрх сэтгэлээ өгсөн дөө. Намайг дэмжиж эхэлж байхад “Барса” уналтын байдалтай байлаа. Зургаан жил өнжсөний эцэст 2005 онд “Ла лиг”-тээ түрүүлэхэд нь их баярласан. Басхүү 2006 онд “Аваргуудын лиг”-т түрүүлэхийг нь хараад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байсан. Зарим хүн намайг Лионель Мессигээс болж Аргентин, “Барса”-г дэмждэг гэж бодоод байдаг юм. Харин энэ хоёрын төлөө тоглодог болохоор Мессид дуртай болж байна.

-Хамгийн дуртай тоглогч чинь хэн бэ?

-Би бас Чехийн шигшээ багт дуртай. Аргентин Өмнөд Америк тивийнх учир Европын аварга шалгаруулах тэм­цээнд оролцож болохгүй. Тиймээс л Чехийн шигшээ багийг дэмжих болсон. “Чехийн пуужин” хочит Павел Недведийг зодог тайлснаас хойш Томаш Росицки л миний хайртай тоглогч болж үлдсэн. Гэхдээ анх гарч ирж байсан шигээ сайхан тоглолт үзүүлэхгүй байгаа. Нас нь ч нэлээн явчихлаа.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Та хэрхэн тайлбарлагч болов?

-Тайлбарлагч болохыг багаасаа хүсдэг байлаа. Монголын телевизүүд хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх 2006 онд албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлсэн. Дөнгөж оюутан болоод байсан би “ТВ-5” теле­визээр гурав бил үү дөрвөн тоглолт тайлбарлан хүр­гэсэн юм. Гэхдээ тухайн үед юу болоод өнгөрснийг сайн санадаггүй юм. Ха­рин хөлбөмбөг тайлбарлах ажилтай албан ёсоор хол­­богд­сон нь 2010 он. Хурдан морины уралдаан тайлбарлагч М.Оюунбаатар бид хоёр МУИС-ийн сэтгүүл зүйн ангид дөрвөн жил хамт суралцаж төгссөн. “ТВ-9” телевиз ӨАБНУ-д болсон ДАШТ-ий тоглолтын тоймыг үзүүлсэн юм. Оогий маань ДАШТ эхлээд хэд хонож байхад над руу утасдаж, тойм дээр ажиллахыг санал болгосон. Ингэж л “ТВ-9” телевизийн спортын албаныхантай танилцаж, Монголын спортын шилдэг сэтгүүлчийн нэг, “Балдорж” шагналын эзэн С.Шижирбатынхаа хамт тойм нэвтрүүлэг тайлбарласан.

-Шууд дамжуулж буй тэмцээнийг хэзээ анх удаа бүтнээр нь тайлбарласан бэ?

-“ТВ-9” телевиз 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх эрхийг авснаар Монголын шилдэг тайлбарлагч Э.Балжинням ахтай хамтран тайлбарласан. Яг үнэндээ телевизээр ярих амаргүйг 2010 онд мэдэрсэн болохоор ЕАШТ тайлбарлахаас нэлээн зугтаж байлаа. 2012 оны зургадугаар сард миний удирддаг өсвөрийн хөл­бөмбөгчдийн баг БНХАУ-ын Хөх хотод олон улсын тэмцээнд оролцох байсан нь ч бас нөлөөлсөн. Гэхдээ намайг ятгаж, ЕАШТ тайлбарлуулсан С.Шижирбат найздаа баяр­лаж явдаг юм. Хөххотод болох байсан тэмцээн ч хойшилсон. Миний хувьд шууд дамжуулж буй тэмцээнийг анх удаа бүтэн тайлбарласан нь тэр байсан болохоор эхний хэд хоногт нэлээн тэвдэж байлаа. Гэхдээ “ТВ-9” телевизийн спортын албаныхан, Балжаа ах, Шижирээ найз нарынхаа тус дэм, заавар зөвөлгөөний хүчээр том ажлын ард амжилттай гарч чадсан.

-Түүнээс хойш ямар тэмцээн тайлбарласан бэ?

-“ТВ-9” телевизийн спортын албаныхан 2012 оны сүүлч, 2013 оны эхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ “ETV” телевизэд орсон. Ингээд өнгөрсөн жил Балжаа ахынхаа хамтаар “Холбоодын цом”-ыг тайлбарласан. Бас залуучуудын ДАШТ, элсний хөлбөмбөгийн ДАШТ-ий зарим тоглолтыг тайлбарласан.

-ДАШТ-ийг хэдэн тайлбарлагч тайлбарлаж байна вэ?

-Э.Балжинням, Б.Батзаяа, Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ бид тав тайлбарлан хүргэж байна. Одоо өдөрт хоёр тоглолт болж байгаа. Балжаа ах бид хоёр шөнийн 04:00 цагийнхыг тайлбарладаг. Харин Заяа, Цэнгэл, Зоогий гурав өдөр болгон анализ, тойм нэвтрүүлэг хийж буй тул эхний буюу 00:00 цагийнхыг хоёр хоёроороо тайлбарладаг. Ерөнхийдөө хоёр баг болчихсон ажил­лаж байна. Заяаг хөл­бөм­бөгийн хорхойтнууд сайн мэднэ. Цэнгэл, Зоогий нар ч Английн “Премьер лиг”, Италийн “Сери А”, ДАШТ-ий урьдчилсан тог­лолтуудыг тайлбарлан хүргэж, олон нийтэд та­нигдсан.

-Таны бодлоор Монголын хамгийн шилдэг тайлбарлагч хэн бэ?

-Хүмүүс Э.Балжинням, Б.Батзаяа нарыг хооронд нь харьцуулж их ярьдаг. Миний бодлоор тэр хоёр хоёулаа шилдэг.

-Яг хэн нь хамгийн шилдэг вэ?

-Би хэдэн жилийн өмнө Анхель Ди Мариагийн нэг ярилцлагыг уншиж байлаа. Түүнээс “Криштиану Роналду, Лионель Месси хоёрын хэн нь хамгийн шилдэг вэ” гэж асуусан. Роналдутай “Реал Мадрид” клубт, Месситэй Аргентинийн шигшээ багт мөр зэрэгцэн тоглодог Ди Мариа “Хоёулаа шилдэг” гэж хариулж байсан. Би ч гэсэн энэ хариултыг хэлмээр байна. Өөр өөрсдийн онцлог, ур чадвартай, олон нийтэд танигдсан шилдэг тайлбарлагчид.

-Тэдний онцлогоос ярихгүй юу?

-Манай Балжаа ах чинь товчхондоо бол билэг танхай хүн шүү дээ. Түүний цээжинд олон жилийн туршлага, мэдлэг, сонин содон зүйлсийн цуглуулга бий. Гадаадын хөлбөмбөгт болж буй зүйлсийг Монголын хөрсөнд буулгаж, жишиж зүйрлэж ярихдаа жинхэнэ мастер. Үүнд нь үзэгчид ч дуртай байдаг. Бас үгийн сонголтууд нь мундаг. Би үүнийг үзэгчийн хувиар сайн анзаардаггүй байж. Харин хамт эфирт орох болсноос илүүтэй мэдэрч байна. Бас их хөгжилтэй, үзэгчдийг уйдаадаггүй.

-Б.Батзаяа та хоёрыг эртний танил гэж ярих юм?

-Бид хамтдаа тайлбар хийж байгаагүй ч гэсэн бие биеэ 2005 оноос хойш мэднэ. 2005 оны нэгдүгээр сард МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий үеэр Заяатай хөлбөмбөг ярьж танилцаж байлаа. Эрдэнэтээс оюутан болж ирээд, манайхтай ойрхон байсан тул илүү дотноссон. Хамтдаа орцонд хөлбөмбөг ярьж, интернэт орж, 24 дүгээр сургуулийн шороон талбай дээр тоглож, хөлбөмбөгтэй холбоотой сонин сэтгүүл, бичлэгээ солилцож, мэдээллээ хуваалцдаг байлаа. Түүнээс сурч, мэдэж авсан зүйл надад маш их байдаг. Тухайн үед хөлбөмбөг сонирхдог хүн маш цөөхөн байсан болоод ч тэр үү эдгээр уулзалтууд маш сайхан, салмааргүй байдаг байлаа. Энэ тухай эргээд дурсахад хүртэл сайхан байна. Намайг МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсч ороход Заяа манай дээд талын дээд курст байсан. Тиймээс миний оюутан цагийн дурсамж ч хөлбөмбөгтэй ихээр холбогддог юм. Харин Заяа маань их сургуулиа төгссөнөөс хойш бид хоёр тухтай уулзаагүй, бараг л энэ ДАШТ-ээр л “ETV” телевиз дээр таарч байна. Заяа энэ амжилтад хүрэхийн тулд өөрийгөө олон талаар хөгжүүлж, хэрхэн хөдөлмөрлөснийг би сайн мэднэ.

-Та цаашид тэмцээн уралдаан тайлбарлах уу?

-Сайн мэдэхгүй байна. Би чинь бас спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн дасгалжуулагч шүү дээ.

-Дасгалжуулагчийн ажилд хэзээнээс зүтгэх болов?

-Сурагч байхдаа тэмцээн уралдаанд оролцохыг их хүсдэг ч манай 24 дүгээр сургуульд хөлбөмбөгийн багш байдаггүйн улмаас олон оролцож чадаагүй. 2006 онд намайг оюутан болчихсон байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд “Дуулиан-2020” гэж сайхан тэмцээн гараагаа эхэлсэн. Анхны буюу 2006-2007 оны улирлын тэмцээнд нь 24 дүгээр сургуулийн дүү нараа удирдан гурван насны ангилалд оролцож, нэг баг маань шөвгийн наймд, нөгөө хоёр нь 16-д үлдсэн. Үүнээс их урам авч, ажилласаар л байна. Нэг л мэдэхэд найман жил өнгөрсөн байна шүү.

-Энэ хугацаанд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Тоймтойгоос нь дурд­вал Монголын хөл­бөм­бөгийн холбооны тал­байн УАШТ-ээс хоёр алт, футзалын УАШТ-ээс гурван мөнгө, хоёр хү­рэл, “Дуулиан-2020” тэм­цээ­нээс таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. 2012 онд БНХАУ-д болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж, өнгөрсөн жил БНСУ-ын Инчонь хо­тод болсон Азийн өс­вөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд амжилттай оролцож, анхны оноогоо авсан.

 -Таны шавь нар гадаадад тоглодог сураг дуулддаг?

-Италийн алдарт “Милан” клубийн дасгалжуулагч нар 2011 онд Улаанбаатарт ирж, Монголын өсвөрийн шилдэг хөлбөмбөгчдийн дунд долоо хоногийн сургалт зохион байгуулсан. Ингээд дөрвөн хүүхэд шиг­шиж авсны дотор минийхоёр шавь А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр нар баг­таж, Итали явж, “Милан” клубээс суралцаад ирсэн. 2012 онд мөн шалгаруулалт болоход А.Мөнх-Оргил хоёр дахиа тэнцэж, дахиж яваад ирсэн. Манайхаас Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тоглогч хэд хэд төрсөн. Өнгөрсөн жил л гэхэд 13 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 20 тоглогчийн тав нь манайх байснаар бахархдаг. Мөн миний шавь Н.Золбоо Туркт очиж, алдарт “Галатасарай” клубийн академид шалтгалт өгөөд тэнцсэн.

-Монголын хөлбөмбөгийн тухай ямар бодолтой байна вэ?

-Манайд хөлбөмбөг хөгжиж байна. Хүүхдүүд дэлхийн хаан спортоор сонирхон хичээллэх нь эрс нэмэгдэж, секц дугуйлан, клуб, аймаг, дүүргийн шигшээ баг их байгуулагдаж байна. Дасгалжуулагч, менежер, боловсон хүчин ч нэг үеэ бодоход ихээр бэлтгэгдэж байна. Гэхдээ эдийн засгийн дэмжлэг их дутмаг. Бэлтгэл сургуулилалт хийх талбай, заал нэн дутмаг. Ихэнх нь өндөр үнэтэй түрээстэй. “Эрчим”, “Хангарьд”-ыг эс тооцвол өөрийн гэсэн талбайтай клуб байхгүй. Монголын том бизнесмэнүүдийг үндэсний бөх, хурдан моринд зарцуулж буй их мөнгөний урсацыг багийн спорт руу, тэр тусмаа хөлбөмбөг руу хандуулахыг хүсдэг. Энэ бол зөвхөн миний хувийн бодол шүү. Хэрвээ энэ хэдэн клубээ дэмжээд өгвөл Монголын хөлбөмбөг богино хугацаанд хөгжих боломжтой.

Д.ЖАВХЛАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НЭЙМАРЫН ШУЛСАН ХАА 2016-07-07 22:11:01
    БАЛЖИННЯМГҮЙ ХӨЛБӨМБӨГ ЯГ ДАВСГҮЙ ХООЛ ШИГ ШААЖ БАЙНА ШҮҮ ПИЗДА
    49.0.186.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Дашням 2014-07-06 07:03:23
    Балжинням нь үнэхээр боловсролгүй, хөлдүү, хөдөөний хүн юм байна лээ. Зайлуул, тэгэхдээ анх эхэлж байснаа бодвол овоо гарт нь ороод байгаа юм байлгүй арай дээрдээд байгаа. Энэ залуу хэл ярианы хөгжил жоохон тааруу болохоос уг нь уншсан, сонссон, судалсан
    112.72.13.163
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2014-07-04 09:51:18
    Baljinyam uneheer buduuleg yaridag hudlaa orildog unen buduuleg haraal heldeg uuniig tailbarlaj bhad uzeh yumgui
    202.70.45.248
    Мэдэгдсэн Хариулах