Төрийн албыг төгөлдөржүүлэх  асуудалд

Төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг төрийн алба гүйцэтгэдэг. Манай улс 1990 оноос эхлэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан шинэ нийгмийг цогцлон байгуулах зорилгыг хэрэгжүүлж эхлэхдээ Төрийн албаны тухай хууль гаргаж төрийн албыг  стандараар удирдах,түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлийг Улсын их хурлаас байгуулсан. Үүнээс хойш 20 гаруй жил болж байхад  төрийн албаны нэг ч үндэсний стандарт гараагүйгээс төрийн албанд стандарт удирдлага хэрэгжихгүй, төрийн алба удирдлагагүй явж ирлээ. Удирдлагагүй төрийн албыг эрх бүхий  албан тушаалтан, төрийн эрх барих улс төрийн хүчин өөрийн хүссэнээрээ  дураараа бужигнуулах  боломжтойгоос гадна  хүлээх хариуцлага ч тодорхой байхгүй байна.  

Иргэд ийм  төрийн  албыг  олон шат дамжлагатай, хүнд сурталтай, түргэн шуурхай үйлчилдэггүй, хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй, мэргэжлийн бус, төрлийн алба, тэр бумтан төрдөг уурхай болжээ  гэж байнга  шүүмжилдэг. Түүнийг нотлох  бодит баримт, жишээ элбэг тохиолддог. Иймд 2012 -2016 онуудад төрийн эрх барьсан Ардчилсан  нам  Төрийн албаны зөвлөлийг татан буулгах улс төрийн шийд гаргаж байсан. 2013 онд Монгол Улсын Төрийн тэргүүн “том төрөөс ухаалаг төр рүү”  гэсэн томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлээд тусыг эс олов. Төрийн албаны зөвлөл ч танил талаа дэмжиж дэвшүүлдэг, захиалгыг  үг дуугүй биелүүлдэг “мерит тогтолцоо” ярьдаг амьгүй албат байсаар байгаа учир манай төрийн байгууллагууд  чин сэтгэлээрээ ажиллах итгэл найдвар хүлээсэн мэргэшсэн  удирдлага, мэргэжилтэн хомс дөрөв, дөрвөн жилээр ээлжлэн төр барьсан  намын идэвхтэй ажилтан,  танил талын түлхээс, төрийн нэрээр хувийн ашиг сонирхолоо хангагчид дүүрсэн гэхэд хилсдэхгүй байдалтай байна. Энэ бүхнийг бидний сүүлийн 20 гаруй жилийн гашуун сургамж харуулж байна.  Төрийн албыг боловсронгуй болгохын тулд юуны өмнө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

Нэгдүгээрт: Төрийн албаны стандарт удирдлагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох,

Хоёрдугаарт: төрийн байгууллагууд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээү авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 Төрийн албаны стандарт удирдлагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох

Стандарт удирдлагын эрх зүйн орчинд  Төрийни албаны тухай болон Стандартчилал, тохирлын үнэлгээний  тухай гэсэн хоёр хууль гол үүргийг гүйцэтгэдэг. Төрийн албыг боловсронгуй болгохын тулд юуны өмнө эдгээр хуулийг зах зээлийн харилцаа, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн  өөрийн орны хөгжлийн онцлог, олон жилийн сургамжид  үндэслэн шинэчлэн өөрчлөх шаардлагатай байна.

1995 онд батлагдсан  Монгол улсын Төрийн албаны тухай хуульд  төрийн албаны стандартын агуулга, мөн чанарыг  олон улсад тогтсон нийтлэг ойлголтын дагуу товч тодорхой заасан билээ.
 
  << Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл.Төрийн албаны стандарт

36.1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.
 36.2.Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно.
 36.3.Төрийн албаны стандартыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу боловсруулан баталж мөрдүүлнэ.>>

Түүнчлэн үндэсний стандартын талаар 2003 онд батлагдсан  Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд  “Нийтийн ашиг сонирхолыг  хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө.”  гэж заагаад  улсын хэмжээнд стандартын асуудлыг  боловсруулдах, батлах, хэрэгжүүлэх асуудлыг Стандартчиллын төв байгууллага эрхлэхээр тогтоосон байна. 

<<   Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль

6 дугаар зүйл.  Үндэсний стандарт

6.2. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө.>>

Дээр дурдсан хоёр хуульд зааснаар Засгийн газрын  агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар  төрийн албаны стандартыг баталж, хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг бол   УИХ-аас байгуулсан Төрийн албаны зөвлөл  улсын хэмжээнд төрийн албаны стандартаар хангаж, хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл, стандарт удирдлагыг  хэрэгжүүлэх үүрэгтэй юм.  Ийнхүү төрийн албаны стандарт удирдлагыг улсын хэмжээнд Засгийн газрын болон УИх-ын хоёр байгууллага хэрэгжүүлэх хоёрдмол зохицуулалт хоорондоо харшилсаар төрийн албыг удирдлагагүй байдалд хүргэсэн билээ.  Ийм эмх замбараагүй байдалд хүргэж байгаа гол үндэс нь “стандартын удирдлага” гэсэн хоёр үгэнд  байгаа юм. Энэ  талаар судлаачид олон жил байнга ярьдаг боловч “том” төр тоохгүй, сонсохгүй явсаар өдийд хүрлээ.Одоо “мэргэжлийн засгийн газар ” үүнд  анхаарлаа хандуулах цаг нь боллоо. Тэгэхдээ “стандарт” –ыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нийтээр тогтсон ойлголтоор  авч үзэх   шаардлагатай байна. Стандарт гэдэг нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалтын оновчтой хэм хэмжээ, түүнийг бүтээх үйл явц, арга, гүйцэтгэх болон удирдах ажилтны үүрэг, эдлэх эрх, мэргэшил, дадлага, туршлага, чадварт тавих шаардлагыг  шинжлэх ухаан, техникийн ололт, тэргүүн туршлага, инновацид үндэслэн   боловсруулсан, холбогдох мэргэжилтнүүд  “зөвшилцөлд” хүрч хүлээн зөвшөөрсөн  эрдэм шинжилгээ, судалгааны  ажлынн үр дүнг  илэрхийлсэн баримт бичиг бөгөөд  түүнийг дэлхийн улс орнууд    сайн дураар  буюу сонгон хэрэглэсээр эдүгээ хүртэл 100 гаруй жил болж байна.

Гэтэл бид стандартыг социализмын үеийнхээр төрийн захиргааны байгууллага баталсан нийтээр заавал мөрдөх баримт бичиг гэдгээр   ойлгож,   үнэн хэрэгтээ Стандартын байгууллага гэсэн бас нэг Улсын их хурал байгуулчихаад байгаагаа анзаарах ч үгүй байсааар  байна.   Иймээс төрийн албанд “стандарт удирдлага” хэрэггүй олон улсад байдаггүй юм шиг  мэдэмхийрч худал хэлдэг удирдах албан тушаалтнууд ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл  социализмын үед буюу 1990 оноос өмнө  1төгрөг 40 мөнгөний үнэтэй хэлбэр, хэмжээ, орцыг нормыг тогтоосон нэг стандарттай нэг л төрлийн талх үйлдвэрлэдэг нэг  үйлдвэр байсан нь  түүх болж үлдээд хэдэн арван үйлдвэрлэгч өөрийн гэсэн стандартаараа хэдэн арван төрлийн хэлбэр, хэмжээтэй талх үйлдвэрлэж, хэрэглэгч дуртайгаа сонгон авч хэрэглэсээр 20 гаруй жил болж байгааг  төр, бодлого боловсруулагчид ч  ухаарч  зөвхөн хэрэглээний буюу аюулгүй байдалтай холбоотой   нэн чухал асуудалд  анхаарлаа зохих ёсоор төвлөрүүлж  ажиллах цаг болсон.

Хэрвээ стандартыг олон улсын нийтлэг жишгээр ойлгож хэрэглэхээр хуулиар зохицуулбал төрийн албаны үндэсний стандартыг Төрийн захиалгаар  Стандартын байгууллага, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид боловсруулан гаргаж,  Төрийн албаны зөвлөл түүнийг хэрхэн яаж хэрэглэх  талаарх  бодлого, шийдвэр гаргаж, шаардлагатай арга хэмжээг ямар нэгэн нам, удирдах албан тушаалтнаас хамаарахгүй гаргах, стандартын удирдлагыг  жинхэнэ утгаар нь  хэрэгжүүлэх  боломжтой болно. Иймээс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжиж буй нэн чухал хариуцлагатай үеийн  зорилгод нийцүүлэн  “Төрийн албаны тухай” хууль гэхээс илүү  “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийг  олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар  УИХ-д өргөн барьсан энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл   олон улсын нийтлэг жишигт нийцэхгүй олон асуудал байгааг засаж залруулан гаргавал    амьдрал, хэрэгцээ шаардлагад нийцсэн, хөгжил дэвшилд түлхэц болохуйц  зохицуулалт хийгдэж 10 гаруй жил дуншсан хууль төрөх боломжтой. Ийм хуультай болсон цагт Төрийн албаны тухай хууль нь  стандарт удирдлагын талаар нэмэлт, өөрчлөлт хийхгүйгээр  хэрэгжих боломжтой болно. Ер нь хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын өөрсдийн хүссэнээрээ боловсруулж лоббидож батлуулдаг буруу арга барилыг халж, мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагуудын оролцоонд үндэслэн боловсруулж байвал нийтлэг эрх ашигт нийцсэн хууль гарна гэдгийг хууль тогтоогчид онцгой анхаарч ажиллах хэрэгтэй  байна.

Төрийн байгууллагууд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх

Зах зээлийн харилцаатай улс орнууд хөгжлийн хөтөч нь  байгууллага, түүний мэргэшсэн удирдлага, хамт олон болохыг  тал бүрээс нь судлаж, менежмент буюу удирдлагын шинжлэх ухаан, менежер мэргэжил  бий болгоод 100 гаруй жил болжээ. Хөгжилтэй улс орнууд байгууллагын удирдлагын туршлагыг нэгтгээд чанарт тулгуурласан удирдлагын тогтолцооны олон улсын нийтлэг загвар буюу олон улсын стандарт бий болгоод 50 шахам жил болж байна. Сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд  энэхүү олон улсын стандартыг дэлхийн 190 гаруй улсын 1 500 000 гаруй байгууллага нэвтрүүлжээ гэсэн тоо бий. Чанарын удирдлагын энэхүү тогтолцоо нь  байгууллагын түвшний стандарт удирдлага бөгөөд аливаа байгууллагын эрхэм зорилго нь чанар гэдгийг тодорхой заасан учир дэлхийн хөгжилтэй, хөгжиж буй аль ч улс орны байгууллагууд хэрэглэх боломжтой юм.      

Өнөөдөр бидэнд төрийн албаны үндэсний стандарттай болж амжаагүй  байгаа энэ үед төрийн захиргааны байгууллагууд үндсэн зорилго, зорилт чиг үүргийнхээ дагуу    хийх ажлын үйлдэл, баримтлах бодлого, зарчим, гарах үр дүн, түүнийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд тавих  мэргэшил, ур чадварт тавих шаардлагыг нарийвчлан тогтоосон ажлын стандарт зааврыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр тухайн байгууллага гадны ямар нэгэн хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах дархлаатай болно.  Манай төрийн захиргааны байгууллагуудаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлага санаачлан  яамныхаа аппратандаа олон улсын  чанарын удирдлагын   стандартыг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээг  сүүлийн хоёр жил авч хэрэгжүүлсэн бөгөөд түүний үр дүнг олон улсын   аудитор хүлээн зөвшөөрсөн туршлага байна. Энэ туршлагыг төрийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх нь зүйтэй. Төрийн албыг удирдлагын ухаанаар   цэвэршүүлэхгүй  бол төрийн албыг төгөлдөржүүлэх, мэргэжлийн засгийн газар байгуулах асуудал үлгэр болж үлдэх болно. 

 
Т.Сосорбарам
Профессор, доктор  (Ph.D), (Sc.D),
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-26 06:17:44
    Үнэн л зүйл бичсэн байна. Томчууд сонсохгүй дээ
  • ЗОЧИН 2016-08-10 09:42:35
    Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • сарнай  2016-08-10 07:22:24
    Төрийн албаны стандарт хэрэгжих ч үгүй. МАН 60 тэрбумын томилгоогоо хийж байгаа үед төрийн алба биш Төрлийн алба болсоон
  • zochin 2016-08-10 05:59:07
    Toriin alba bish torliin alba bolson.M.Enxbold.axdvv xamaatan sadan naiz noxdoo alband tomiloj
  • Гайхамшиг 2016-08-10 05:55:32
    Гайхамшиг үргэлжилсээр
  • МРОВ 2016-08-10 05:24:10
    энэ МАН Энхболд төрийн албыг төрлийн хувийн өмч мэт л санаж өөрийн дураар хяналтгүй захиран зарцуулжхалгаа сэлгээг сайн хийж байна хэдэн мэргэжилгүй сайдууд том...
  • zochin 2016-08-10 05:14:04
    MAH-iihan turiin albiig tuguldurjuulne gej unendee bol toriin alband standart baitugai huuli ni ch heregjihgui baigaa shuu de
  • Davaa 2016-08-10 05:10:39
    Ene odoo toriin alba ni torliin alba bolj de Ardiin namiin darga ah duu hamaatan sadan naiz nuhduu tomilj toriin albiig togoldorjuuleheer shiidej