Хариуцлага гэдгийг үгийн сангаас хасмаар
Цагийн саалтанд ямарваа нэгэн үг хүртэл хуучирдаг юм байна. Тухайлбал хариуцлага гэдэг нэр томъёо манай монголчуудын хувьд огт хэрэггүй болж байх шиг. Уг нь хүн бүр хариуцлагатай байх учиртай. Энэ нь зөвхөн төр, засгийн албаныханд хамаатай биш жирийн малчин, ажилчин хэнд ч дагаж мөрдөж явах юм нь хариуцлага юм. Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаалтанд үйлчлэх хариуцлагын тогтолцоо алга болж. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулах гэж хичээж байна.

Тэр хариуцлага байхгүй бол ардчилал гэж ярихын хэрэггүй гэж хэлээд байна лээ. Зөвхөн хэлээд өнгөрөх биш хариуцлагыг чангатгах хэдэн хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн бариад байгаа юм. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, мөн төрийн захиргааны ажил дахь хариуцлагын цоорхойг нөхөх болон захиргааны ерөнхий хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа. Эрхэм ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиудаас “Шилэн дансны тухай хууль”-ийн төсөл санаанд оромгүйгээр батлагдчихлаа.

Ер нь бол өнөөгийн мөнгө хөрөнгийг дэндүү замбараа, тооцоогүй, яаж зарцуулж байгаа нь ил тод биш учраас төсөв захиран зарцуулагчид дураараа дургиж хариуцлагаа умартаж байна. Аудитын хяналт шалгалт хийвч төсөв атгагч нөхөд элдэв аргаар булхайгаа нууж чадаж байна. Улстөрчдийн үг яриаг ард түмэн хайхрах нь ховор болсон гэж болно. Иймд шилэн дансны хууль гэдэг нь төсвийн мөнгийг мянган төгрөгний нарийвчлалтайгаар тайлагнах, мөнгө зарцуулсан бүх шийдвэр вэб хуудсанд юм уу самбарт гарч түмэнд ил тод байх учиртайг хэлж байгаа юм.

Энэ явцад үүргээ биелүүлээгүй буюу хариуцлага алдагчид ажлаа өгдөг тогтолцоо руу шилжихийг мөн хуульд заасан бий. Нөгөө талаар зарим улстөрчид сахилга, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэж хүмүүс хэлдэг. Гэтэл тэр сахилга алдагчдад хариуцлага хүлээлгэх механизм нь байдаггүй учир хэлэх ярихаас хэтэрдэггүй. Тэгвэл шинэ хуульд сахилгын, ёс зүйн, улс төрийн гэх гурван төрлийн хариуцлагыг тусгажээ. Өнөөдөр аль ч салбарт хариуцлага тооцох механизмыг дэндүү бүдэгрүүлж ор нэрийн төдий хандаж байна. Улсын их хурлын хүрээнд гэхэд хариуцлагагүй, түшээ болсон үүргээ умартсан хүмүүс цөөнгүй бий. Түүндээ хариуцлага тооцож чадахгүй байгаа.

Тэр ч байтугай гэмт хэргийн шинж чанартай асуудалд холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээ хууль хяналтын байгууллагад өгөхийг цээрлэдэг мэт. Түрүү түрүүчийн парламентад ч тийм л байсан. Ёс суртахууны хариуцлага гэдэг төрийн албанд нэн хэрэгтэй зүйл. Гэтэл та ажлын хариуцлага алдлаа. Иймд албан тушаалаасаа огцор гээд байхад элдэв тайлбар тавьж суудаг нөхөд олширлоо. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гэхэд сайдын үүрэгт ажлаа хагас дутуу биелүүлж түүний уршгаар улс орны эдийн засгийн байдал доройтож ард түмний амьдрал хүнд байгааг өөрийн буруу, миний хариуцлагагүйх гэж хэлж чадахгүй л сандалтайгаа зууралдаад байгаа.

Энэ бүхэн эцэстээ төрийн ажил дампуурлын ирмэгт очоод байна гэсэн үг юм л даа. Өнөөгийн төрийн тогтолцоонд хүн томилох, ажиллуулах хууль эрх зүйн заалт зохицуулалт байдаг ч эргээд хариуцлага тооцох заалт байдаггүй. Тиймээс хариуцлага гэдэг юу гэж байгаа үг вэ гэдгийг танихгүй болтлоо хөндийрч, зөвхөн үгийг хачир аятай хэрэглэх болсон байна. Хэн нэгэн агентлагийн даргад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөллөө гэдэг. Тэгтэл нөгөө хариуцлага үүрэгчээ өөр ажилд дэвшүүлэн тавьдаг моод бий болсон. Энэ ч бас хариуцлага алдсан хэрэг л дээ. Тиймээс хоёрын хооронд ам яриа болгож байхаар хариуцлага гэдэг үгийг үгийн сангаас хасмаар байна.

Д.БИЧЭЭЧХҮҮ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.