Эмгэнэл

Бидний дотны нөхөр, эрхэм хүн, хамтран зүтгэгч, шилдэг удирдагч, Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр АНУ-д таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

 

 

Ж.Питер Морроу нь 1969 онд Харвардын Их Сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгсөж, Жоржтауны их сургууль болон Лоёола их сургуулийн хуулийн сургуулиудад тус тус суралцан дүүргэжээ.  

Тэрээр хөдөлмөрийн гараагаа АНУ-ын Экспорт-Импортын банкинд зээлийн эдийн засагчаар эхэлж, АНУ болон хөгжиж буй орнуудын арилжааны банкуудад удирдах албан тушаал хашиж байсан юм. 2000 оноос хойш Монгол Улсын бизнесийн тэргүүлэгч байгууллагуудад Гүйцэтгэх захирал, зөвлөх, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүнээр ажиллан өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, нөр их зүтгэлээ Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, бизнес, cоёл урлаг, боловсролын салбарын хөгжилд зориулсныг мэргэжлийн салбарынхан төдийгүй Монголын ард иргэд ихээхэн үнэлж, хүндэтгэдэг юм. 

Ж.Питер Морроу нь 2000-2011 онд ХААН Банкны (хуучнаар ХАА-н банк) Гүйцэтгэх захирлаар 10 гаруй жил тасралтгүй ажиллах хугацаандаа дампуурлын ирмэгт байсан банкыг Монголын өргөн уудам нутагт банк санхүүгийн үйлчилгээг найдвартай хүргэгч, нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээнд тэргүүлэгч арилжааны банк болтол нь амжилттай удирджээ. Тухайлбал Ж.Питер Морроу захирал ХААН Банкыг удирдаж байхдаа үйл ажиллагааны оновчтой менежментийг хэрэгжүүлэн санхүүгийн хувьд найдвартай, үр ашигтай банк болтол нь хөгжүүлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг эрс сайжруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдэд банкны үйлчилгээг саадгүй хүргэх хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан чадварлаг банкир байв. 

Ж.Питер Морроу захирал нь ХААН Банк төдийгүй Монгол улсад орчин үеийн банкны тогтолцоо хөгжих бат хөрс суурийг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн тэрээр гадаад дотоодын өндөр түвшний уулзалтуудад тэргүүлэн оролцож, Монголын банк санхүү, бизнесийн салбарын  хөгжил стратегийн сэдвүүдээр илтгэл тавьж, хөгжлийн зөв чиг хандлагыг тогтооход дуу хоолойгоо тогтмол хүргэж ирсэн холч ухаантай стратегич байлаа. 

Тэрээр бизнес, урлаг соёл, боловсролын салбарын залуу удирдагчдад үлгэр дуурайлал үзүүлэн Монголын урлаг, орчин үеийн уран зургийг таниулан сурталчилах, үнэ цэнийг нэмэгдүүлэх үйлсэд зүтгэж, олон арван төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон бүтээлч удирдагч байсан юм. Тухайлбал ХААН Банкны Гүйцэтгэх захирлын албыг хашиж байхдаа банкны уран зургийн цуглуулгыг бий болгох, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Санг байгуулах зэргээр компанийн нийгмийн хариуцлагын зохистой бодлогыг эхлүүлж байсан нь одоо хүртэл ХААН банкинд уламжлагдан хадгалагдаж байна. Мөн орлого багатай өрхийн авьяаслаг хүүхдүүдийг хамруулдаг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан  Монголын залуу үеийн  боловсрол мэдлэгийг тууштай дэмжиж ирсэн юм.      

Түүний Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг Монгол улсын төр засаг үнэлэн төрийн дээд шагнал “Найрамдал” медаль болон “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ. Монгол Улсын банк санхүү, соёл урлаг, нийгмийн сайхан сайхны төлөө ажил амьдралынхаа багагүй хугацааг нэр төртэй зориулcаныг бахархан тэмдэглэж, түүний гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Бидний эрхэм хүн Ж.Питер Морроу захирлын маань алсын хараа, удирдах ур чадвар, ажилч хичээнгүй хүнлэг зан чанар, нөхөрсөг мэргэн зөвлөмж, Монгол Улсын төлөөх чин сэтгэл зүтгэл бидний зүрхэнд үүрд хоногшин дурсагдан үлдэх болно.

ХААН Банкны Хувьцаа Эзэмшигчид
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Гүйцэтгэх удирдлагын баг
Нийт ажилтнууд

Бусдад түгээх
  • gplus