Ерөнхийлөгч Японы Шизүока мужийн төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Япон Улсын Шизүока мужийн захирагч Х.Кавакацу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Та бүхэн Монголд тавтай морилохыг хүсье. Дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэв.

Ноён Х.Кавакацу хариу хэлсэн үгэндээ ”Биднийг халуун дотноор хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Японд айлчлах үеэр хоёр улсын хооронд санамж бичиг байгуулсан ба 2011 онд уг санамж бичгийг гэрээ болгон хөгжүүлсэн. Мөн 2015 онд бид Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ хамтын ажиллагааны нэг жилийн ойг тохиолдуулан бид Монголд хүрэлцэн ирээд байна. Бид энэ удаа Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран оюутан солилцох гэрээ бичгийг үзэглэн хүрэлцэн ирээд байна” гэв.

Ерөнхийлөгч хариу хэлэхдээ Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд өнөөдөр энэ харилцаа өндөр түвшинд байгаа. Саяхан Японы Ерөнхий сайд Шинзо Абе Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад амжилттай оролцоод буцсан. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, хот, мужуудын харилцаа чухал үүрэгтэй. Энэ харилцааг хөгжүүлэхэд Шизүока мужийн захирагч Х.Кавакацугийн үүрэг оролцоо өндөр байсныг Ерөнхийлөгч онцоллоо. Энэ хамтын ажиллагааны дүнд Японы олон муж дотроос Шизүока мужийг монголчууд хамгаас илүү мэддэг болсныг дурдаж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан сонгууль болж монголчууд шинэ парламент, Засгийн газраа байгуулсныг дурдан шинэ төр засгийн бодлого хоёр улсын харилцааг улам эрчимжүүлэхэд чиглэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Төр засгийн шинэ бүрэлдэхүүн томилогдсоны дараа айлчлан ирж байгаа нь цагаа олсон хэрэг хэмээн сайшаагаад, айлчлалд нь амжилт хүслээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч зочидтой дурсгалын зураг авахуулснаар уулзалт өндөрлөлөө. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.