О.Оюунцэцэг: Залуус бидэнд дэлхийн хаана ч ажиллах боломж бий
Австралийн телевизээс ажлын гараагаа эхэлж өдгөө олон улсын чөлөөт сэтгүүлч, нэр бүхий компанийн менежерээр ажиллаж байгаа нэгэн бүсгүйтэй ярилцлаа.

Түүнийг товчоор “Гялалзсан, дайчин эмэгтэй” гэж тодотгож болох юм. Харин олонд дуудуулах нэр нь Олонбаярын Оюунцэцэг. 
Магадгүй цахим ертөнцөд нэлээд идэвхтэй түүнийг зарим хүмүүс андахгүй мэдэх болов уу. Үеийн залуустаа манлайлал болж яваа түүний ярилцлагаас та ч бас шинэ санаа олж харах биз ээ.

Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


 
Блиц

 
Овог нэр: Олонбаяр овогтой Оюунцэцэг
 
Мэргэжил: Олон улсын сэтгүүлч
 
Төгссөн сургууль: Баруун Сиднейн их сургуульд дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтан, мульти медиа мэргэжлээр мастер хамгаалсан. Одоо Сиднейн Технологийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр мастераа хамгаалж байна.

 
Одоо: Австралийн хамгийн өндөр хурдны сүлжээтэй технологийн “Rack Corp” компанид менежер хийдэг. Мөн олон улсын чөлөөт сэтгүүлч.
 
Өмнө нь: Австралийн “Television Sydney” буюу “TVS” болон Монголын “Ийгл ньюс” телевизэд сэтгүүлч.
 
Хэлэх дуртай үг: Зорилготой хүний зам үргэлж гэрэлтэй байдаг. Холыг харж, жижгээс эхэлье.
 
Ажилдаа баримталдаг зарчим: Чаддаг зүйлээ биш дуртай зүйлээ хий. Tγγнийгээ хамгийн сайн чаддаг болтлоо хичээ. Υр дγн нь таны амьдралын өнгө болж харагдана.
 
Зорилго: Таван жилийн дараа гэхэд Австралийн “ABC” эсвэл “SBS” телевизэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний сэтгүүлч болох зорилго тавин ажиллаж байна. 

 
Мөрөөдөл: Миний хамгийн том мөрөөдөл бол Монголд орчин үеийн техник тоног төхөөрөмж, аппаратаар тоноглогдсон хүүхдийн цогцолбор эмнэлэг байгуулах. Улмаар эмч мэргэжилтнүүдийг нь Австралид мэргэжил дээшлүүлэхэд дэмжиж ажиллах.
 
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярласнаа илэрхийлье. Ажил ихтэй байна уу?

 
-Манай баг шинэ төсөл эхлэх гээд нэлээд ачаалалтай байна. Сүүлийн үед ихэвчлэн төсөл дээр ажилладаг болсон. Эхнээсээ тендерт шалгараад амжилттай явж байна. Чадварлаг хамт олноосоо их зүйлийг сурч байна даа.
 
-Миний хувьд багийнхаа цорын ганц эмэгтэй менежер-


 
-Таны хувьд Австралийн IT компанид ажиллаж байгаа анхны Монгол эмэгтэй гэдэг утгаараа нэлээд онцлог байдаг болов уу?

 
-Тийм ээ. “IT” чиглэлийн мэргэжилтнүүдийн 98 хувь нь эрэгтэй байдаг. Миний хувьд багийнхаа цорын ганц эмэгтэй ажилтан. Гэхдээ зүгээр ч нэг ажилтан биш менежер нь. /инээв/
 
-Танай компанийн хувьд интернэтийн хамгийн өндөр хурдтай үйлчилгээ үзүүлдэг төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог компани.  Энэ компанид хэрхэн хөл тавих боломж олдов оо. Ийм боломж хүмүүст тэр бүр олдохгүй шүү дээ?

 
-Энэхүү компанид ажиллах хүсэлтийг захирал маань нэг жилийн өмнө буюу Сиднейн телевизэд ажиллаж байхад тавьж байсан. Гэвч Монголд очих шаардлага гарч тэнд хэсэг хугацааг өнгөрүүлсэн. Мөн энэ үед “Ийгл ньюс” телевизэд ажилласан. Өнгөрсөн хоёрдугаар сард Австралид буцаж ирээд одоогийн ажилдаа орсон юм.
 
-Өндөр хурдны интернэт бол техник технологийн хөгжил, мэдээллийн хурд ихтэй өнөө  үед ус агаар шиг хэрэгтэй зүйл. Саяхан танай компани Австралийн сонгууль дээр ажиллаж, үйлчилгээ үзүүлсэн гэж сонссон. Өрсөлдөгчид олон байсан уу. Хэрхэн шалгарав?

 
-Манай компани өндөр хурдаас гадна аюулгүй байдал, хамгаалалтыг чухалчилдаг. Энэ нь техник, технологи хөгжсөн үед хамгийн чухал зүйл. Тэр ч утгаараа сүлжээний аюулгүй байдлыг хариуцлагатайгаар хангаж ажилладаг. Австралийн сонгуульд ажилласан тухайд гэвэл маш олон компани тухайн үед тендерт оролцоод ялсан. Тэгээд Австралийн Засгийн газрын бүхий л сүлжээ, интернэтийг хариуцаж ямар ч алдаа гаргахгүй ажиллаж чадсан. Тухайн үед Засгийн газраас тендер зарлахад манай компани хамгийн өндөр хурдтай, хамгаалалт сайтай, үнийн хувьд боломжийн гэсэн үндэслэлээр шалгарсан юм. Гол нь энд тендер шударга явагддаг бөгөөд танил тал, авлига, хээл хахууль өгөх гэсэн ойлголт байхгүй нь их таалагдсан шүү.
 
-Та энэ компанид ажилд орохоосоо өмнө Монголдоо сэтгүүчлээр ажиллаж байсан. Харин үүний өмнө Сиднейн ТВ-д ажиллаж байсан туршлага бий байх аа. Энэ хоёр улсын сэтгүүлзүйн хувьд онцлог, ялгаа байгаа болов уу?

 
-“Ийгл” телевизийн хувьд багаар ажиллахад маш гайхалтай хамт олон байсан. Ихэвчлэн залуусаас бүрдсэн учраас нэг нэгийгээ ойлгож, дэмждэг давуу талтай. Харин Сиднейн телевизийн хувьд судалгаанд маш их ач холбогдол өгч тусгай баг ажиллуулдаг. Мөн бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн гэсэн хуульчтай.



-Манайд ч бас хуульч байдаг шүү дээ?

 
-Тийм л дээ. Гэхдээ Австралийн телевизийн хуульчид сэтгүүлчдийнхээ хийсэн бүх мэдээ, нэвтрүүлгийг тогтмол хянадаг. Үүгээрээ Монголынхоос арай өөр. Мөн сэтгүүлч, нэвтрүүлэгчид хангамж сайтай. Хувцас хэрэгсэл, урамшууллын талон зэргийг ажлаас нь тогтмол өгдөг. Түүнчлэн телевизийн бүх техник хэрэгсэл, камер даатгалтай байдаг.


 
-Таны сонирхолтой сурвалжлагуудыг би уншиж байсан. Тухайлбал, Австралийн уугуул иргэдийн амьдардаг Элко арал дээрээс хийсэн сурвалжлага. Тэр талаар яривал сонин байх болов уу?

 
-Би тэндээс бараг бөөстөөд ирсэн шүү. /инээв/ Монгол хүн учраас их нууцлаг, өвөрмөц зүйлийг сонирхдог юм билээ. Би Австралийн нутгийн уугуул иргэдийн амьдардаг арал дээр очиж, сурвалжлага хийх гэж жил шахам хөөцөлдөж байж бүтээсэн. Уугуул иргэд нь улсаасаа ажилгүйдлын тэтгэмж гэж долоо хоногтоо 70-350 доллар авдаг. Хооллолтоос болж, эрүүл мэндийн хувьд нэлээд асуудалтай байдаг юм шиг санагдсан. Гэхдээ тэдний гар урлалын бүтээгдэхүүнүүд үнэхээр гайхамшигтай. Мөн ахмад настныгаа хүндэлж, асарч хамгаалдаг нь тун ч бахархмаар санагдсан шүү.
 
-Та бас хүмүүнлэгийн үйлсэд нэлээд гар бие оролцдог шүү дээ. Ихэвчлэн ямар чиглэлд анхаарлаа хандуулж байна вэ?

 
-Хүмүүсийн зохион байгуулсан хүмүүнлэгийн үйлсэд чадах хэмжээгээрээ тус нэмэр болж байсан. Ялангуяа хүүхэд болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд түлхүү тусалдаг. Саяхан Энэтхэгийн тэрбумтан Жанита гэх эмэгтэйд Монголын гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах зорилготой байгаа талаараа хэлсэн. Харин тэр бидний хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж 10 сая төгрөг хандивласан юм. Үүнийг хэрхэн зарцуулахаас шалтгаалаад нэмж дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн. Үүнийг найз Д.Индратайгаа хамтраад ажил хэрэг болгохоор төлөвлөөд байна. Цаашид эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон ажил хийнэ. Ялангуяа тэдний мэдлэг, боловсрол, амьжиргааг дээшлүүлэх чиглэлд олон улсын сургалт, зөвлөгөөг ашиглах төлөвлөгөөтэй байна.  Мөн тэрхүү мөнгөөр эхний ээлжинд хүүхдэд зориулж 2-3 гэр цэцэрлэгийг бүрэн тохижуулах бодол байгаа. Тоглоом, номын сангийн тохижилтыг Австралиас цуглуулна даа.
 
-Улс төрч биш жинхэнэ мэргэжилтэн л улс орныг хөгжүүлдэг-


-Нээрэн та ажлынхаа хажуугаар “Фитнес модель”-ийн тэмцээнд оролцох гэж байгаа талаараа мэдээлсэн байсан. Бэлтгэлээ хэр базааж байна даа?

 
-Австралийн бодибилдингийн хошой аварга Chris Jenner надад анх “Australian National Bodybuilding Championships” тэмцээний фитнесс модель ангилалд оролцох саналыг тавьсан. Бага зэрэг бэлдээд, дасгалжуулчихвал “Фитнесс модель” болох ирээдүйтэй юм байна гэж хэлсэн. Тэгээд ажлынхаа хажуугаар бэлдэж эхэлсэн дээ. Гол нь бэлтгэлээс гадна хоололт чухал юм билээ. Гэхдээ сүүлийн үед манай компани шинэ тендерт оролцох гэж байгаа болохоор ажил их байна. Нэлээн ядраад ачаалалтай байгаа болохоор эргэлзээд л байна.



 
-Тэмцээн хэзээ болох вэ?

 “Australian National Bodybuilding Championships” тэмцээн ирэх аравдугаар сарын 08-нд болно. Хэрэв энэ удаад амжихгүй бол хавар буюу дөрөвдүгээр сард болох тэмцээнд нь орох бодол байгаа. Эцсийн байдлаар шийдэж амжаагүй ч бэлтгэлээ хангаад явж байна.
 
-Залуу хүн бүр л мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай ажиллахыг хүсдэг.  Харин таны хувьд 27 настай хэр нь чамлахааргүй амжилттай ажиллаж явна. Бусад үе тэнгийн залуус болоод залуучууд ямар байгаасай гэж боддог вэ?

 
-Хүний суурь хүмүүжил хамгийн чухал байдаг гэдгийг олон улсын компанид ажиллаад ойлгож авсан. Мөн хүнд мэдлэг боловсролоос гадна бусадтай зөв харьцах, багаар ажиллах, аливаад хүлээцтэй хандах болон шударгаар ажиллах чадвар хамгийн чухал. Бидэнд дэлхийн хаана ч боломж бий. Гол нь улс төрч биш жинхэнэ мэргэжилтэн л улс орныг хөгжүүлдэг гэдгийг санах хэрэгтэй юм.
 
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.







П.Мөнхжаргал
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.