ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гурван агентлагт ажиллалаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газарт өнөөдрийн байдлаар 250 гаруй хүн ажиллаж, өдөрт 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна. Энэ жил иргэдийн гадаад паспорт авах захиалга өмнөх онуудтай харьцуулахад 30.5 хувиар өсч, оны эхний долоон сарын байдлаар 120,000 иргэн гадаад паспорт захиалж авчээ.2016 оны төсөвт суулгасан санхүүжилтээр авсан гадаад паспортын бэлдцээр бүтэн жилийн хэрэгцээг хангах ёстой. Гэтэл өмнөх онуудын бүтэн жилийн турш олгогддог паспортыг энэ оны эхний хагас жилд олгож дуусчээ. Гэхдээ Германаас энэ сарын 10 гэхэд гадаад паспортын бэлдэц ирэх учраас цаашдаа ачаалал хэвийн болно гэж тус байгууллагын удирдлагууд танилцууллаа.


 

Иргэний бүртгэлийн архиваар өдөрт 400 орчим иргэн үйлчлүүлж, лавлагаа авдаг бөгөөд архивын баримт материалыг хадгалах байр савны хүрэлцээ хангамж тааруу байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. КОЙКА-гийн шугамаар хэрэгжиж буй хоёр дахь шатны төсөл хэрэгжсэнээр бүрэн цахим архивтай болох боломж бүрдэх ажээ. Хуулийн этгээдийн бүртгэлийг цахимаар хийх болсноор иргэдэд учрах чирэгдэл эрс багассан, одоо цахим гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрвэл бүртгэлийн тогтолцоо улам төгөлдөршинө гэж тус газрын удирдлагууд хэлж байлаа.

Түүнчлэн улсын хэмжээнд хаягийн зөрчлийг цэгцлэх, Иргэний бүртгэлийн хуулийг шинэчлэх шаардлага байгааг ч уламжиллаа. Иргэний бүртгэлийн хуулийг шинэчлэн баталснаар шилжин явсан бүртгэлээ хийлгэсэн хэрнээ шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй 27 мянган иргэний бүртгэлийн зөрчил арилах юм байна. Мөн дээрх хуулийн хүрээнд иргэний найман төрлийн бүртгэлийн үйлчилгээг иргэн хүн аль ч газраас авах боломж бүрдэх ажээ. Одоо мөрдөгдөж байгаа хуульд заасан түр оршин суух хоногийг 365 хоног болгон сунгаж дэлхийн жишигт ойртуулбал оюутан, цэрэг гэх мэт олон хүний бүртгэлийг цэгцлэх ач холбогдолтой юм байна.



ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын удирдлагуудад хаягжилт, цахим гарын үсэг болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар ойрын хугацаанд тодорхой санал үндэслэлээ гаргаж танилцуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгав.

Үүний дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилласан бөгөөд тус байгууллагын удирдлагууд үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар танилцуулж, шийдвэрлэвэл зохих асуудлаа танилцууллаа.     

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-05 02:44:12
    Ажил мэдэхгүй сайн эрүүд ажилтайгаа танилцана гэж байхан хугацаа алдана. тэгээд юу ч ойлгохгүй ажлын байр ахуй хангамж гэсэн аар саархан зүйлийг ярина.