Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум болж байна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөд Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд "Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил" сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид "Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум"-ыг жил бүр  зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.  Энэ шийдвэрийн дагуу  2015 онд  “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж,  хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьсан юм.

Харин энэ удаад “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэлцэж,  харилцан туршлага солилцож байна.

Форумд Зүүн хойд Азийн 6 улсын 20 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд  Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор иржээ.  Форумд  Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн  суурин төлөөлөгч Жон Лайонс "Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаа"-наас танилцуулах бөгөөд  "Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр тус хотын орлогч Гоу Вэн Хө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц  СОР-21”,  БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал  Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө”, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих юм. Хуралдаан 2 өдөр үргэлжлэх бөгөөд  хуралдаанаас  нэгдсэн уриалга гаргах юм  гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.