Хамгийн олон медаль хүртсэн олимп - Лондон 2012
Зуны олимпийн 30 дугаар олимп 2012 оны долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 12-ны хооронд хооронд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо болсон. Эл олимпод 204 орны 10957 тамирчин спортын 26 төрөлд 302 багц медалийн төлөө өрсөлджээ.


Монгол Улсаас нийт 29 тамирчин спортын долоон төрлөөр оролцсон. Тодруулбал,

Чөлөөт бөхөөр Б.Наранбаатар/55 кг/, П.Өнөрбат /74/, О.Үйтүмэн /84/, Ж.Чулуунбат /120/, Д.Отгонцэцэг /48/, С.Бямбацэрэн/55/, С.Батцэцэг/63/, О.Бурмаа /72/,
 
Буудлагаар Н.Баяраа, О.Гүндэгмаа,
 
Жүдогоор Д.Төмөрхүлэг/66/, Х.Цагаанбаатар /66/, С.Ням-Очир /73/, Н.Түвшинбаяр /100/, М.Уранцэцэг /48./, М.Бундмаа /52/, Д.Сумъяа /52/, Ц.Мөнхзаяа /63/, П.Лхамдэгд/78/,
 
Байт харваагаар Ж.Гантөгс, Б.Урантунгалаг,
 
Боксоор П.Сэрдамба /48/, Н.Төгсцогт /52/, Ц.Мөнх-Эрдэнэ /64/, Б.Түвшинбат/69/,
 
Усанд сэлэлтээр
А.Тамир, Г.Оюунгэрэл,
 
Хөнгөн атлетикаар Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар оролцсон. Манай тамирчдаас Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт нар мөнгө, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялааасан билээ.

Манай тамирчдаас Олимпийн хос медаль хүртсэн анхны тамирчинаар Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /мөнгө/, Н.Төгсцогт /мөнгө/ олимпийн медаль хүртсэн хамгийн залуу тамирчин, С.Батцэцэг /хүрэл/ чөлөөт бөхийн төрөлд 32 жил тасарсан медалийг авчирч, С.Ням-Очир /хүрэл/Лондоны олимпоос анхны медаль авчирсан булган сүүлтэй тамирчин болсон бол У.Мөнх-Эрдэнэ /хүрэл/ тив, дэлхийн бүхий л тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчин болсон юм.

Ийнхүү манай үндэсний шигшээ багийнхан Лондонгийн олимпоос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, медалийн тоогоороо түүхэнд байгаагүй амжилтаа үзүүлснээр, 204 орноос 56-р байрт бичигдсэн юм. Манай улсын урд 55-р байрт ганцхан хүрэл медалийн зөрүүгээр тэрбум гаруй хүн амтай Энэтхэг бичигджээ.
 

ЖҮДО


Найдангийн Түвшинбаяр Лондоны татамид таван барилдаан хийсэн. Тайландын Теерават Хомклиныг минут хүрэхгүй хугацааны дотор (55 секунд) цэвэр савж, Францын Тьерри Фабрег 1:58 минутад цэвэр дарж, Узбекистаны Рамзиддин Саидовыг алтан цагт иппон буулгаснаар хагас шигшээд шалгарсан юм.



Түүний дөрөв дэх учраа нь БНСУ-ын алдарт бөх, 2003 оны дэлхийн аварга Хван Хи Тэ байв. Медальтай үлдэх хэсэхээ шийдэх чухал барилдаан. Энэ торгон мөчид Н.Түвшинбаяр хашир өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж юүко салгаснаар шигшээ барилдаанд шалгарах замаа зассан билээ. Хамаг хүч шаардсан энэхүү барилдаанд манай бөх өвдөгний ужиг гэмтлээ сэдрээсэн нь харамсалтай. Ёстой л тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, барилдааныг өндөрлүүлсэн билээ. Ингэснээр Найдангийн хүү Монголоос төрсөн олимпийн хос медальт анхны тамирчин болсон юм. Гэвч энэхүү бэртэл түүний шигшээ барилдаанд нөлөөлчих шиг болсон. ОХУ-ын Тагир Хайбулаевын эсрэг үнэн хүчийг үзэж чадалгүй, 2:14 дэх минутад сууж үүрэх мэхэнд нь орж цэвэр ялагдсан юм. Хэдийгээр Лондонд Олимпийн хошой аварга болж чадаагүй ч тэр Монголын домог билээ.




 
73 кг-ын жингийн тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУХМ С.Ням-Очир барилдаж байв. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч Кристофер Воелктэй барилдаж базари, юко үнэлгээгээр ялалт байгуулсан юм.  Гуравдугаар тойрогт Украины Владимир Сорокаг ялж хагас шигшээд үлдсэн билээ. Хагас шигшээд тэрээр ОХУ-ын алдарт бөх Исаев Мансуртай таарсан. Уг барилдаанд манай бөх цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд АНУ-ын бөх Делпополо Николастай таарч юко үнэлгээгээр ялалт байгуулсан юм. Ингээд манай бөх Нидерландын бөхтэй учраа таарч юко үнэлгээгээр ялснаар "Лондон-2012" олимпийн наадмын анхны хүрэл медалийн эзэн болж байв.




 

БОКС


Анхны олимпдоо оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Лондонгийн рингэнд эхний тойрогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11 (4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн. Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангасан билээ.


Хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, алтан медалийн төлөө тоглохоор болсон.


Ингээд алтан медалийн төлөө  Кубын Рамирез Карразанатай 3 үеийн турш хүнд тулааныг хийсэн. Эхний хоёр үед тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ба 3-р үед Рамирез Карразана бага зэрэг илүү байснаар 17 : 14 харьцаагаар ялж аварга болсон бол манай Н.Төгсцогт мөнгөн медаль зүүж байв. Энэ жингийн хүрэл медалиудыг ОХУ-н Миша Алойан, Ирландын Майкл Конлан нар хүртсэн юм.


 
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олимпийн мөнгөн медалийн төлөө 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож, 21-29 (6-4; 9-8; 6-17) харьцаатай ялагдсанаар олимпийн наадмын хүрэл медаль хүртэхээр болсон. У.Мөнх-Эрдэнэ тоглолтын эхний хоёр үе өндөрлөхөд 15-12 харьцаатай онооны илүү байсан ч гуравдугаар үеийн тоглолтод Беринчик илүү тоглолт үзүүлж, 17 оноо авснаар ялалт байгуулсан. 2011 ондБакуд болсон дэлхийн аваргаар Украйны боксчин манай тамирчныг мөн ялж байсан юм.

 

ЧӨЛӨӨТ БӨХ

 

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд барилдсан С.Батцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанаа Төв Африкийн бөхтэй хийж, оноогоор илүүрхэж хожсон. Дараа нь Латвийн тамирчин Анастасия Григорьеваг буулган авч хагас шигшээд шалгарсан юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялагдлаа. Гэсэн ч хүрэл медалийн төлөө гайхамшигтай барилдааныг үзүүлж, Дэлхий гурван удаагийн аварга Канадын тамирчныг хоёр үеийн турш илүүрхэж, хүрэл медаль хүртлээ.


Ийн амжилт үзүүлснээр тэрбээр Монголын анхны чөлөөт бөхийн эмэгтэй олимпийн медальтан болсон бөгөөд 32 жилийн турш хүлээгдээд байсан Монголын чөлөөт бөхийн медалийн буухийг үргэлжлүүлсэн билээ.


 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.