Монголын шигшээ баг: Рио 2016-гийн эргэн тойронд
ТОМАС БАХЫН ТАЛАРХАЛ 
 
ОХУ-н цэвэр тамирчдыг Риогийн олимпод оролцуулах Олон улсын олимпийн хорооны шийдвэрийг тууштай дэмжсэнд талархаж, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах доорх зурвасыг манай олимпийн хороонд ирүүлжээ. МҮОХ,  Оросын тамирчидтай холбоотой допингийн асуудал дэгдсэнээс хойш хойд хөршийнхөө талд зогсож, цэвэр тамирчдыг олимпод оролцуулах ОУОХ-ны бодлогыг тууштай дэмжиж ирсэн билээ. 
 
"Хүндэт Отгонцагаанд
 
Оросын баг тамирчдыг Рио 2016 зуны олимпод оролцуулахтай холбоотой ОУОХ-ны удирдах зөвлөлийн санал нэгтэй гаргасан шийдвэрийг дэмжиж ирүүлсэн захианд тань талархлаа илэрхийлье. 
 
Допингийн эсрэг бидний тэмцэлтэй сэтгэл нэгдэж , дэлхий даяар буй цэвэр, шударга тамирчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнд нэгдэж буйг тань үнэлж байна. 
 
Одоо хамтдаа Рио 2016 олимпийн наадмыг сэтгэл дүүрэн, амжилттай тэмдэглэцгээе. 
 
 Хүндэтгэсэн, Томас Бах"

МҮОХ-ны ерөнхий нарийн бичиг Ж.Отгонцагаан, Оросын Олимпийн хорооны ажилтан Лёша Савиний хамт

АЖЛАА ХЭТРҮҮЛСЭН САЙН ДУРЫН АЖИЛТАН 
 
Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг Риогийн олимпийн сайн дурын ажилтнаар сонгогдож, эх орныхоо багт туслаж байгаа билээ. Баг, тамирчдаас түрүүлэн Бразилд газардаж, олимпийн эргэн тойрон дахь мэдээллийг фэйсбүүк хуудсаараа цаг алдалгүй хүргэж буй олон улсын шүүгч маань харин саяхан "ажлаасаа халагдах" дөхжээ.
 
Учир юу гэвээс зохион байгуулах хорооны дүрэм ёсоор багийн туслах ажилтан долоо хоногийн зургаад нь ажиллах хязгаартай атал Мөнхбилэг амралт, алжаалаа умартан долоо дахь өдрөө ажиллахаар ирээд олимпийн тосгоны хаалган дээр "баригдсан" аж. Улмаар эх орноо гэх цаглашгүй сэтгэлтэй туслахыг ОУОХ-ноос Копакабана далайн эрэг рүү алжаалаа тайл хэмээн "албадан" явуулсан аж. 

Риогийн олимпийн сайн дурын ажилтан Э.Мөнхбилэг 

Сүүлийн өвөл, зуны олимпийн наадмуудад Монголоос сайн дурын ажилчид хувь нэмрээ тогтмол оруулж байгаа. Тухайлбал Лондон 2012-т н.Цэрэнбатаа, З.Отгонбаяр, Сочи 2014-т Алтангэрэл нар "volunteer"-оор ажиллан, эх орноо төлөөлж байв. Тун удахгүй Мөнхбилэгт "хүч нэмэхээр" Гоомарал, Маралхишиг нарын сайн дурын ажилчид Риод очих юм. 

31-р зуны олимпийн наадмын зохион байгуулалтанд 151 орны 50 мянга гаруй сайн дурын ажилчид туслаж байгаа бөгөөд зохион байгуулагч орны иргэдээс гадна АНУ, Их Британи, ОХУ, Хятадын сайн дурынхан хамгийн олуулаа ирээд байгаа аж. 

 
"ОЛИМПИЙН ӨВӨӨ" 24 ДЭХ ОЛИМПДОО
 
Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван "Рио де Жанейро" хотод өчигдөр хөл тавилаа. 24 дэх олимпдоо "зодоглож" буй олондоо "Олимпийн өвөө" хэмээн танигдсан энэ буурал өдгөө 90 насыг зооглож байгаа ч олимпизмийн хөдөлгөөнд үнэнчээр зүтгэсээр явна. 8 сарын 1-нээс 3-нд явагдах ОУОХ-ны чуулганд тэрээр хүндэт зочноор оролцож буй бөгөөд ОУОХ-ны "Windsor Marapendi" буурчийн газар байрлаж буй юм. 
 
Ш.Магван 1977 онд тангарагаа өргөн ОУОХ-ны гишүүн болсон болсон бол 1972 оны Мюнхений зуны наадамд анх удаа оролцож байжээ. Олон улсын олимпийн хорооны анхны Монгол гишүүн гэдгээрээ тэрээр түүхэнд үлдсэн. Хагас зууны турш эх орондоо болон эх дэлхий даяараа олимпизмийн үзэл санааг түгээж, ариглан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа Ш.Магван олимпизмийн талаархи"Мөнхийн гал" номны зохиогч юм. 

МҮОХ-ны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магваны хамт


БАГИЙН АХЛАГЧ БАС ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
 
Риогийн наадамд зодоглож буй Монголын багийн ахлагч, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан эх орон нэгтнүүддээ, халуун цэгээс мэдээлэл түгээх ажлыг тун амжилттай гүйцэтгэж байна. Chef-de-Mission буюу багийн ахлагчийн барагдахгүй их ажлын хажуугаар "хэвлэлийн төлөөлөгч"-ийн албыг ч ийнхүү интернет, сошиал медиагийн ололтыг ашиглан өдөр шөнөгүй амжуулж байгаад нь спорт сонирхогчид тун ам сайтай байна.
 
Рио де Жанейрод хөл тавьсан цагаасаа ОТО, олимпийн наадмын шинэ мэдээллээр "бөмбөгдөж" эхэлсэн бөгөөд олон улсын төлөөлөгчид, эх орныхоо баг тамирчдын зураг, хөргийг нэг бүрчлэн гар утсаараа дарж, лайк шэйрээр хувийн хуудсаа дүүргэсээр байна. Тухайлбал түүний Монголын баг тамирчдын хуваарьтай пост нь альхэдийнэ 1000 share хийгдэж "дээд амжилт" тогтоогоод байна. Цаашдаа ч ОТО авгайн фэйсбүүк хуудас эрэлт ихтэй, мэдээлийн гол эх сурвалж байх нь дамжиггүй. 

Ж.Отгонцагаан Chef-de-Mission буюу багийн ахлагчдын уулзалтын үеэр

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.