Олимпийн ихэр аваргатай болсон Бээжин-2008

Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Энэ наадмын угтан OLLOO.mn сайт өмнөх олимпийн наадмуудад манай баг тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлж байсан тухай мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдөр Бээжингийн олимпийг онцолж байна.


Бээжингийн олимпийн наадам нь 2008 оны 8 сарын 8-аас 8 сарын 24 хүртэл БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдсон томоохон хэмжээний спортын наадам юм. Эл олимпод 204 орны 10,500 тамирчин, спортын 28 төрөлд өрсөлдсөн.

Монгол Улсыг төлөөлж жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд 28 тамирчин хүч чадлаа сорьсон. Тодруулбал,

Боксоор П.Сэрдамба /48/, Э.Бадар-Ууган /54/, З.Энхзориг/57/, У.Мөнх-Эрдэнэ /64/,
 
Буудлагаар З.Батхуяг, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул,
 
Жүдогоор Х.Цагаанбаатар /60/, Г.Дашдаваа /73/, Д.Нямхүү /81/, Н.Түвшинбаяр /100/, М.Баяржавхлан /+100/, М.Бундмаа, Х.Эрдэнэт-Од, Т.Баттөгс /63/, П.Лхампэгд /78/, Д.Цэрэнханд /+78/,
 
Усанд сэлэлтээр
Б.Бүтэх-Үйлс, Д.Сайнцэцэг,
 
Хөнгөн атлетикаар Б.Сэр-Од, Б.Мөнгөнтуяа,
 
Хүндийг өргөлтөөр
Н.Баярмаа,
 
Чөлөөт бөхөөр
Б.Наранбаатар /55/, Б.Батзориг/66/, Ч.Ганзориг/84/, Ц.Энхжаргал /48/, Н.Отгонжаргал /55/, Б.Одончимэг /63/ нар өрсөлджээ.
 
Өмнө нь таван ч удаа алтан медалийн оосроос атгаад алдсан манай тамирчдаас О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар аваргын төлөө өрсөлдсөн. Тэдний дундаас анхдагчдаараа алдартай Булган нутгийн хүү Найдангийн Түвшинбаяр жингийнхээ шилдгүүдийг сөхрүүлсээр Монгол Улсын олимпийн анхны аварга болж, монголчууд бидний магнайг тэнийлгэсэн.




Түүний амжилтын буухиаг Э.Бадар-Ууган үргэлжлүүлж, аваргалсан нь яах аргагүй түүхэн үйл явдал байлаа.


 
Мөн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нар мөнгөн медаль хүртсэн.



 
Ийнхүү манай улсаас 28 тамирчин оролцосноос 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттайгаар 204 орноос 31-р байрт эрэмбэлэгдэж байв.
 
Жүдо

Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг цэвэр ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг ялсан юм. Дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг хоёр юко, нэг кока үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ. Азербайжаны Мовлуд Миралиевтэй хийсэн барилдаан тун сонирхотой болж үндсэн цагт 2 тамирчин тэнцэж хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор манай тамирчин ялалт байгуулснаараа аваргын төлөө барилдах эрэгтэй болсон юм.

Ингээд Олимпийн алтан медалийн төлөө Казакстаны Асхат Зиткеайтэй учраа таарч оноогоор илт илүүрхэн ялснаар Монгол улсаас төрсөн анхны Олимпийн аварга болсон билээ.



 
Бокс

Монголын боксчдын алтан үеийг бүтээсэн Э.Бадар-Ууган Бээжин хотод болсон зуны наадмын боксын спортын 54 кг-д эхний тойрогт Мексикийн О.Валдесыг 15:4, шөвгийн 16-нд Ирландын Ж.Жо Нейвинг 9:2, шөвгийн наймд Ботсваны И.Кумисог 15:2-оор ялж байв.

Ингээд хагас шигшээд Молдавын В.Гуожанг 15:2, аваргын төлөө Кубын Я.Лионыг 16:5 буюу бүх өрсөлдөгчөө илт давуу буулган авч, Олимпийн аварга болсон түүхтэй.

 
П. Сэрдамбын хувьд 48 кг-ын жинд “битүү морь” Бээжингийн рингэнд гарч тулаан бүртээ ялалт байгуулсаар аваргын алтан медалийн төлөө тоглоход түүний баруун гар бэртэлтэй байсны улмаас тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

 
Тиймээс БНХАУ-ын нэрт тамирчин олимп, дэлхийн аварга Зоу Шиминь алтан медалийн эзэн болсон билээ. Энэ мөнгөн медаль бол Монгол улс боксын спортын төрөлд Олимпоос хүртэж байгаа анхны мөнгөн медаль байлаа.



Буудлага

Монгол Улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа урьдчилсан буудлагад Олимпийн рекордыг давтан, нэгээр финалд шалгаран, Монголчууд бид ч Олимпийн анхны аваргаа “өлгийдөн” авахаар догдлон хүлээж байлаа.

Финалын буудлагад БНХАУ-ын тамирчин, 2006 оны дэлхийн аварга Чэн Янь тун сайн буудаж, манай тамирчны өмнө бичигдсэн юм. Ийнхүү Гүндэгмаа дөрөв дэх Олимпоосоо мөнгөн медалийг эх орондоо авчирч, Олимпоос медаль хүрсэн 16 дахь монгол хүн, хоёр дахь олимпийн медальт монгол бүсгүй, анхны мөнгөн медальт эмэгтэй тамирчин болсон билээ.
 
 
 

Олимпийн анхны алтыг авчирсан Н.Түвшинбаярын гайхамшигт ялалтын бичлэг


Э.Бадар-Ууган - Алтан меадалийн төлөөх тоглолт

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.