Хурдан морьдын сэрвээний өндрийг тусгай лазер төхөөрөмжөөр хэмжинэ
Үндэсний их баяр наадмын хурдан морины хороо бэлтгэл ажлаа дууссан байна. Энэ жилийн баяр наадмын хурдан морьдын уралдаан ямар онцлогтой болох гэж байгаа талаар Хурдан морины салбар хорооны дарга, хошууч З.Болдбаатараас тодрууллаа.

-Хурдан морьдын гараа, барианы асуудалд урьд жилээс өөрчлөгдсөн зүйл, заалт байгаа болов уу?

-Хурдан морьдын уралдааны цагийг тодорхой гаргана. Тиймээс яг хугацаандаа морьд гарна. Урьд жилүүдэд морьдыг гараанд гаргах цагаас нь хоцроож гаргаж байсан учир төлөвлөгдсөн уралдаанууд хойшлогдох, хугацаандаа морьд ирэхгүй байх гээд олон чирэгдэл гардаг байсан.

Тиймээс энэ жил уяачдыг яг цагаа баримталж байхыг анхааруулж байгаа. Түүнчлэн хурдан морьдын гараа сунгагдаж нэг эгнээнд уралдахаар болсон. Тиймээс уяач болон хурдан морь унаач хүүхдүүд гараа руу яарч, сандрах, ашигтай байрлал эзлэх зэрэгт санаа зовох асуудалгүй болсон. Хоёр дахь жилдээ ийм зарчмаар явагдаж байгаа учир уяачид мэддэг болсон гэж найдаж байгаа.

-Хурдан морь унах хүүхдийн насыг хэдээс гэж тогтоод байгаа вэ?

-Хурдан морь унах хүүхдийн асуудлыг нэг тийш нь шийдсэн. Тодруулбал, Үндэсний баяр наадмын тухай хуулийн хүрээнд долоогоос дээш насны хүүхэд  хурдан морь унана. Тиймээс 7-16 насны хүүхдүүд морь унах эрхтэй гэсэн үг. Ер нь энэ жилийн наадам өмнөх наадмуудаас илүү сайн зохион байгуулалттай болно гэж хэлмээр байна. Үндсэндээ Хурдан морины салбар хорооны бэлтгэл ажил хангагдаад дууссан.

-Уралдах морьдыг хэзээ бүртгэж эхлэх вэ. Бүртгэлийн шаардлага өөрчлөгдсөн үү?

-Хурдан морьдыг энэ сарын 9-ний өдөр бүртгэнэ. Энэ жил бүртгэх ажиллагаанд хэд хэдэн онцлог арга хэмжээг авч байгаа. Үүнтэй холбоотой шаардлагуудыг сайн тавьж ажиллана. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн байдал, ослын даатгал, эцэг, эхтэй нь хийсэн гэрээ, хамгаалалтын хэрэгслүүд гээд бүх зүйлийг сайтар шалгаж,зөвхөн шаардлага хангасан тохиолдолд бүртгэж авах болно. Эдгээр шаардлагуудын аль нэгийг хангаагүй байвал хурдан морьдыг бүртгэж авахгүй. Хүүхдийн аюулгүй байдлын асуудалд Хүүхдийн төлөө газрын ажилчид нэлээд анхаарч ажиллаж, бэлтгэл сайн хангасан байгаа.

-Эрлийз морьдыг яаж урал­­дуу­лах вэ. Сэрвээний хэм­­жил­тийг хийхэд сэтгүүлч­дийг оруулах талаар яригдаж байсан?

-Бид ҮХААЯ-аас гаргасан журам, өнгөрсөн жил Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталж өгсөн журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Тодруулбал, уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжиж оролцуулна. Энэ жил уяачдын их хурал болсон. Тус хурлаас эрлийз морь болон монгол морьдын уралдаантай холбоотой олон төрлийн санал гарсан.

Тиймээс тэдний санал гомдлыг хүндэтгэж үзээд энэ жилийн уралдаанд тусгасан. Тухайлбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140, их нас 141, хязаалан 137, шүдлэн 132, даага 127 см-ээс дээш байвал тухайн насанд уралдуулахгүй. Ийнхүү сэрвээний өндрийг тусгай лазер төхөөрөмжөөр хэмжин сэтгүүлчдэд дэлгэцээр дамжуулан үзүүлэхээр болсон. Өмнө нь бол сэтгүүлчдийг оруулдаггүй байсан юм.

-Эрлийз морьдыг хэрхэн ангилж уралдуулахаар төлөвлөөд байгаа бол?

-Энэ жилийн хурдан морины уралдаан уламжлалт хэлбэрээрээ буюу энэ сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, дааганы уралдаан болж Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаан насны морьдыг цоллох болно. Харин энэ сарын 13-нд  эрлийз гурван насыг уралдуулахаар болсон. Тодруулбал, эрлийз дээд, дунд, бага нас гэсэн ангиллаар уралдана.

-Хурдан морьдын салбар хорооноос “Холч морьдын уралдаан”-ыг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Уг уралдааны талаар тодруулаач?

-Хурдан морь гараанд гарахаас ирэх хүртэл наадамчин олон үзэх, харах зүйлгүй жаахан тийм байдаг. Тиймээс энэ жил Хурдан морьдын салбар хорооноос зохион байгуулахаар болсон. Тодруулбал, энэ сарын 10-12-нд морьтны тоглолтыг үзүүлнэ.

Харин энэ сарын 11-12-ны өдөр шүхрийн буулт хийхээр төлөвлөөд байна. Тиймээс Хүй долоон худагт очсон наадамчин олон хурдан морьдын уралдааныг үзэхийн зэрэгцээ сонирхолтой үзүүлбэрүүдийг сонирхож байхаар болсон гэсэн үг.

Түүнчлэн хоёр уралдааныг зохион байгуулна. Энэ сарын 10-ны өдөр “Холч морьдын уралдаан”-ыг зохион байгуулна. Уг уралдаан нь  тус өдрийн 16.00 цагаас Бага цагаан хөтөлд болно. Уралдааныг хоёр өртөө газар буюу 60 км зайд уралдуулна. Морьд тодорхой хугацаа яваад 30 минутын амралт хийж уралддаг онцлогтой уралдаан юм билээ.  Харин энэ сарын 13-ны өдөр “Жороо морины уралдаан” болно.   

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.