Медалийн буухиаг үргэлжлүүлсэн Афин 2004

Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Энэ наадмын угтан OLLOO.mn сайт өмнөх олимпийн наадмуудад манай баг тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлж байсан тухай мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдөр Афины олимпийг онцолж байна.

Афины олимпийн наадам 2004 оны 8-р сарын 13-29-нд Грекийн нийслэл Афин хотноо зохиогдсон бөгөөд 21-р зуунд зохиогдсон анхны зуны олимп гэдгээрээ онцлог юм. Олимпын наадам 1896 оны анхны наадмаас хойш 108 жилийн дараа эх нутагтаа ирсэн нь энэ юм. Олимпод 201 орны 10625 тамирчин 28 спортын төрлийн 301 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин тэмцэлджээ.



Манай улсаас спортын зургаан төрөлд 20 тамирчин оролцож байв. Тодруулбал,

Боксоор У.Мөнх-Эрдэнэ /60/,
Буудлагаар О.Гүндэгмаа,
Жүдогоор Х.Цагаанбаатар /60/, Г.Дашдаваа /66/, Д.Сүлдбаяр /73/, Д.Нямхүү /81/, Ц.Очирбат ./90/, Б.Одхүү /100./, Х.Эрдэнэт-Од /57/, Э.Долгормаа /+78/,
Усанд сэлэлтээр А.Тамир,
Хөнгөн атлетикаар Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, Н.Баярмаа /58/,
Чөлөөт бөхөөр Б.Наранбаатар /55/, О.Пүрэвбаатар /60/, Т.Энхтуяа /96/, Г.Өсөхбаяр /120/, Ц.Энхжаргал /48/, О.Бурмаа /72/ нар өрсөлджээ.



Монгол улс зуны олимпод 10 дахь удаагаа оролцож, цорын ганц хүрэл медалийг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдогийн төрлөөр хүртсэн билээ.

Х.Цагаанбаатар олимпод Энэтхэг, АНУ, БНСУ-ын бөхчүүдийг ялж улмаар Японы домогт бөх Т.Номурад ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Испаний бөх Кенжи Уэмацүг ялснаар шагналын тавцан дээр гишгэж байв.

 
Ийнхүү манай улс 201 орноос нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 71-р байр эзэлсэн юм.
 
Х.Цагаанбаатарын хувьд Сиднейн олимпод тасарсан медалийн буухиаг залгасан билээ. Түүний энэхүү амжилтыг үнэлж, Төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнаж байв.
 
Мөн Монгол Улсын Засгийн газар 20 сая төгрөгөөр, Монголын үндэсний олимпийн хороо 3000ам.доллар, Монголын жүдо бөхийн холбоо “Жийп” машин гэх мэтчилэн шагналын цуваа үргэлжилсэн билээ.




 
Тэрбээр хүрэл медалийн тавцан дээр зогсч байх үеийн сэтгэгдлээ ийн хуваалцаж байв. ”Төрийнхөө далбааг өргөхийг хараад сэтгэл маш их хөдөлж байсан. Тэр үед ард минь эх орон, ард түмэн маань харж, хүлээж байгаа гэж бодохоор маш их догдолж байлаа. Шагналын үед уламжлалт ёсоор Японы төрийн дуулал эгшиглэж байсныг сонсоод үүний оронд манай төрийн дуулал эгшиглэж байсан бол хичнээн сайхан болоо гэж харамсмаар ч юм шиг санагдаж, хэзээ нэгэн цагт эх орныхоо төрийн дууллыг энэ хүмүүсийн дээр эгшиглүүлнэдээ гэж бодож байлаа” гэжээ.


 
 Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.