Даншиг наадмын үеэр болох арга хэмжээнүүд

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн жилээс эхлэн сэргээн тэмдэглэх болсон билээ. Энэ жилийн наадам ирэх сарын 06-07-ны өдрүүдэд болно.
 
Даншиг наадам нь жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах  зорилготой билээ.
 
Энэ жилийн наадам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын  уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга,  Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм. Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байгаа аж.
 
Ингээд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын хүрээнд болох арга хэмжээний талаар сонирхуулъя.
 

Даншиг наадмыг нээж 500 лам ном айлдана

 
Уламжлал ёсоор , наадмыг эхлүүлж Чингисийн талбайд 8 дугаар сарын 06-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдана.


 

Унзад лам нарын тэмцээн болно

 
500 лам ном айлдсаны дараа “Унзад лам нарын тэмцээн” болно. Бурханы шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол Унзад, Голч нар байдаг. Унзад гэдэг нь үгийн гарал талаас төвд үг бөгөөд “Эхлэн зохиогч” гэсэн утгатай. Унзад нь хурлын уншлага, уншлагын ая эгшигийг хянан удирдагч байдаг билээ.
 

350 уран нугараач нугарч, Геннист бүртгүүлнэ


“Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугралтыг Геннисийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа юм байна. 

Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэр ирэх сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд болно.


 

Монгол цамын ёслол


“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын хамгийн гол ёслол бол “Монгол цам”-ын ёслол юм. Цамын ёслолыг жуулчид болон иргэдийн ихэнх нь үзүүлбэр утгаар хүлээж авдаг бол энэ нь философийн хувьд заслын хамгийн дээд хэлбэр, номын үйл гэдгийг лам нар хэлж байна. 
Цамд оролцох лам 7 хоног ямба хийн бясалгадаг бөгөөд гарч ирээд 3 хоног ном уншиж байж ёслолд оролцдог. Цамын ёслол уншлага, бясалгал, нарийн дэг жаяг, зан үйлийн дагуу 7-8 цаг үргэжилнэ. Хүрээ цам бол нийслэл хоттой холбоотой зөвхөн Монголд хийдэг шашны тусгай ёслол юм.




 

Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол

 
Цагаан өвгөн, дөрвөн хайрханы савдаг гээд энэ л уул усаа аргадан, ард олноороо зол жаргалтай байхыг билэгдэн хийдэг шашны үйл юм. Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай хүн буюу урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг.

Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор ирдэг. Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг билээ.
 

Очирваань бурханы дүрийг зална

 
Наадмын үеэр  Монголчуудын их шүтээн “Очирваань” бурханы дүрийг залж, тахих юм. Энэхvv шvтээнийг Монгол   орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадрааж, дааж явдаг гэж бурханы шашинд үздэг байна.
 
Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл юм байна.
 

256 бөх барилдана

 
Хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан,  Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь  Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байна.


 

Их нас болон жороо морьдын уралдаан болно

 

“Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно.

 
Үндэсний сурын харваа

 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-28 04:46:54
    АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ БИЧДЭГЭЭ БОЛЬЧИХООЧ ДЭЭ ЯМАР ЯРШИГТАЙ ЮМ.ХИЧНЭЭН ХЭЛУУЛДЭГ ЮМ БЭ
    59.153.87.160
    Мэдэгдсэн Хариулах