Аймгуудын Засаг дарга нарын тухай
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар 18 аймгийн Засаг даргыг томилоод байна. Тэгвэл 18 аймгийн засаг дарга хэн нь хэн бэ.

ГОВЬСҮМБЭР

Ерөнхий сайдын анхны томилгоогоор энэ сарын сарын 8-нд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурь томилогдсон.
 ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн тэрбээр Удирдлагын акадмеийг мөн төгсжээ. Ажлын гараагаа Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт засварчинаар эхлүүлж, ерөнхий инженер, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2012 оноос аймгийнхаа МАН-ын хорооны дарга, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга зэрэг албыг хашиж иржээ.
Г. Батсуурь нь 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар сонгогдсон ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг батламжлаагүй.

ДОРНОГОВЬ

Ерөнхий сайдын анхны томилгооны нэг. Дорноговь аймгийн Засаг даргаараа Т.Энхтүвшинг сонгож, Ерөнхий сайд батламжлав. Түүний хувьд  Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй. Аймгийнхаа Засаг даргын Тамгын газар/ЗДТГ/-ын эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга зэрэг албыг хашиж иржээ.

УВС

Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргад Д.Батсайханыг нэр дэвшүүлэн томилжээ. Тэрбээр 2004, 2008 онд Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн даргаар сонгогдон ажиллаж байсан аж.
Тэрбээр 2012 онд АТГ-т шалгагдаж, улмаар хоёр жил төрд ажиллахгүй байх, торгох ялаар шийтгэгдээд байсан юм.  

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай аймгийг Г.Ганболд удирдана. 2012-2016 онд аймгийнхаа Иргэдийн хурлын төлөөлөгчдийн даргаар ажиллажээ.

БАЯНХОНГОР

Баянхонгор аймгийн Засаг даргаар Г.Батжаргалыг томилжээ. Ус хангамжийн инженер мэргэжилтэй тэрбээр ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн, 2006-2008 онд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд мөн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, 2012-2016 онд аймгийн МАН-ын дэд даргаар тус, тус ажиллаж байсан аж.

ДОРНОД

М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилж, батламжлав.  Түүний хувьд дөрөв дэх удаагаа зүтгэж Засаг ноёны суудалд зүтгэж байгаа нь энэ. Өмнө тэрбээр Ч.Сайханбилэг сайдын үед аймгийн Засаг даргаар томилогдохдоо  аймгийн ИТХ хурал дээр намын эрх ашиг бус бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана гэж амлаж байсан удаатай.

М.Бадамсүрэн нь,

Дээд боловсролтой. 1996-2000 онд Монгол улсын Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн.
2001 оны 9 дүгээр сараас 2002 оны 8 дугаар сард “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, -Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч,
2009 оны 1 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга,
2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч,
2012 оны 11 сараас 2013 оны 11 сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх,
2013 оны 12 сараас одоог хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна
Төрийн албанд зургаан жил есөн сар ажиллажээ.

АРХАНГАЙ

Архангай аймгийн Засаг даргаар Ц.Мөнхнасанг томилжээ. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд тус аймаг дахь МАН-ын хороог удирдаж байсан аж. 2016 оны УИХ-ын сонгууль, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд хамтад нь ялалт байгуулсан тул намын нөхөд нь санал нэгтэй аймгийг удирдах Засаг даргад нэр дэвшүүлэн баталжээ.

ТӨВ

Ж.Батжаргалын хувьд 2012 оны сонгуулиас өмнө тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм. 

ОРХОН

Долдугаар сарын 20-нд Ерөнхий сайд захирамж гаргаснаар Орхон аймгийн Засаг даргаар Л.Батлутыг томилжээ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ойрын хүн гэгддэг, 2008-2012 онд Хүрэнбулаг багаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байсан мөн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажилласан. Аймгийнхаа Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоог давхар удирдаж байсан залуу аж.

ДАРХАН-УУЛ

Дархан-Уул аймгийн Засаг даргаар С.Насанбатыг томилжээ. 2012 оны орон нутгийн сонгуульд МАН тус аймагт олонхи болж, Засаг даргыг томилуулсан ч хоёр жилийн даргаа аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас огцруулж байв.
 
Эдийн засгийн хямралтай үед төсвийн хөрөнгийг хайр найргүй зарцуулж байна гэх шүүмжлэлд өртөж, аймгийнхаа Иргэдийн хурлын төлөөлөгчдийн даргын хамтаар албан тушаалаасаа буусан ч хоёр жилийн дараа МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар өмнөх ажилдаа эргэн ирлээ.

БУЛГАН

Булган аймгийн Засаг даргааор МАН-ын хорооны дэд дарга З.Батзоригийг томиллоо. З.Батзориг нь 1982 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Угсаатан судлаач, түүхийн багш мэргэжлээр МУИС - ыг 2003 онд,  2012онд Улаанбаатар хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. 2003 - 2006 онд Булган аймгийн ЗДТГ - т аймгийн Засаг даргын туслах, төрийн албаны хэрэг хөтлөгч, 2006 - 2015 онд аймгийн БСГ - т мэргэжилтнээр, 2015 оны 3 дугаар сараас аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байна. Төрөөс боловсрол соёлын талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ аймаг орон нутгийн  "Боловсролын салбарыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө", "Морин хуур", "Уртын дуу", "Аймгийн соёлын бодлого", "Аймгийн боловсролын шинэчлэлийн хөтөлбөр" зэргийг боловсруулан батлуулахад гар бие оролцсон байна. 2010 онд "Жайка" олон улсын байгууллагын шугамаар Монгол улсын бага дунд боловсролын салбарын залуу удирдагчид бэлтгэх" сургалтанд хамрагдан Япон улсад мэргэжил дээшлүүлжээ. Түүнийг МУИС - ийн  Булган аймгаас төгсөгчдийн холбооны тэргүүн, Багшийн хөгжлийг дэмжих  төвийн Булган аймаг дахь салбарын тэргүүн, Булган аймгийн залуу багш нарын холбооны тэргүүн зэрэг олон нийтийн сонгуульт ажлыг амжилттайгаар залгуулан авч яваа бэлтгэгдсэн боловсон хүчин гэнэ.
 
ХЭНТИЙ

Хэнтий аймгийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба сонгогдон ажлаа хүлээн авчээ. Түүхч, эдийн засагчаар МУИС, Москвагийн Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд суралцсан тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.

СЭЛЭНГЭ

Тус аймгийн Засаг даргаар Ш.Оргил томиллоо. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул тэрбээр инженер, эрх зүйч мэргэжилтэй.
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, 2008 оноос “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлаар ажилласан. Мөн Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн юм байна.

ХӨВСГӨЛ

Хөвсгөл аймгийг Л.Ганболд удирдана. Аймагтаа ноос, ноолуурын чиглэлээр бизнес эрхэлж танигдсан. Өмнө нь түүнийг төрд алба хашаагүй гэсэн үндэслэлээр Ерөнхий асан Н.Алтанхуяг түүний нэрийг гурвантаа буцааж байв. Харин дөрвөн жилийн дараа дахин зүтгэснээр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нь итгэл хүлээлгэснээр Монголын хоймор нутгийг удирдах боллоо.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.Наранбаатар сонгогдон ажлаа хүлээн авчээ. Цэргийн их сургуульд суралцаж төгссөн тэрбээр эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлийг давхар эзэмшсэн байна. Калифорнийн Их сургууль, MBA, USA сургуулийг тус тус төгссөн юм байна. Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга, аймгийн АЗДТГ-ын дарга, АИТХ-ын төлөөлөгч, Цэргийн их сургуулийн Ар тал-Эдийн засгийн тэнхимд багш, “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга, 2013 оноос Өмнөговь аймгийн МАН хорооны тэргүүлэгч, 2015 оноос аймгийнхаа намын хорооны дарга зэрэг албыг хашсан байна.
 
СҮХБААТАР

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргаар З.Энхтөрийг сонгох шийдвэр гарган, Ерөнхий сайдад шийдвэрээ хүргүүлж, батламжлуулсан нь маргаан дагуулж эхэллээ.
Дээрх томилгоог Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа юм. Мөн эрх зүйч А.Гантамир өчигдөр /2016.07.26/ “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Сүхбаатар аймагт болсон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан нам 16 мандатыг, МАН мөн 16 мандатыг авсан. Нэг мандатын төлөө дахин сонгууль явуулахаас аргагүй болсон ч МАН-ын бүлгийн гишүүд дахин сонгуулийг хүлээж тэвчилгүй мөн сонгуулийн үр дүнг харалгүй Засаг даргыг хүч түрэн сонгож, шийдвэрээ батламжлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

ДУНДГОВЬ

Дундговь аймгийн Засаг даргаар О. Бат- Эрдэнийг томилов. О. Бат- Эрдэнэ нь физик, байгалийн шинжлэлийн багш мэргэжилтэй. Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд багш, Гурвансайхан сумын дунд сургууль, Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2015 оноос аймгийн МАН- ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад  ийнхүү Засаг даргаар томилогдож байна.
Тэрээр аймгийн ИТХ- д хоёр дахь удаагаа сонгогджээ.

ХОВД

Д.Галсандондог нь өмнө нь Ховд аймгийн Засаг дарга, далайн захиргааны дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ.  Мөн тус аймгийн МАН-ын бүлгийн дарга юм. Уг нь УИХ-д нэр дэвшихээр санаархаж байсан тэрбээр орон нутгийн сонгуульд ялж чадаагүй ч ийн Засаг даргын алба хашиж магадгүй байна.  
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-28 17:52:46
    Төв аймгийн дарга болох нөхөр өмнө нь сумын дарга бхдаа бүх газрыг зарж баяжсан хүн дээ.Харин Увсын тэр нөхрийг болж байгаа юмуу.