Ихэнх гол үертэй байна
Ус судлалын секторын мэдээлснээр 2016 оны долдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан бол Дэлгэрмөрөн голын хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 35-70 см буюу нийт 105 см нэмэгдэж, үерийн түвшинг 35 см даван үерлэсэн ба хугацааны дундаас хоногт 5-15 см буурсан ерөнхий хандлагатай байлаа.
 
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир зэрэг голын усны түвшин хугацааны эхээр хоногт 5-10 см нэмэгдээд аажим буурсан бол Чулуут голын адаг буюу Өндөрулаан сум орчимд болон Хойттамир голын усны түвшин энэ сарын 11, 14-ны өдрүүдэд хоногт 45-65 см нэмэгдэж, Хойттамир гол үерийн түвшинг даван үерлэжээ. Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Сөгнөгөр, Бороо зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны эхээр аажим нэмэгдээд арав хоногийн дундаас хоногт 2-5 см буурсан явцтай байлаа. Харин 7 дугаар сарын 11-ны өдөр ус судлалын Тэрэлж-Тэрэлж харуул орчимд усны түвшин өмнөх өдрөөс 70 см , 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-20 см бага, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-55 см ахиу байна.
 
Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон орчимд усны түвшин 7 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хоногт 5-95 см буюу нийт 130 см, Зүүнбүрэн сум орчимд 14,15-нд 80 см, Сүхбаатар хот орчимд 14-17-ны өдрүүдэд нийт 95 см нэмэгдэж, Зүүнбүрэн сум орчимд үерийн түвшинг даван үерлэсэн байна. Сэлэнгэ мөрний дагуух арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 70-160 см ахиу байна.
 
Харин Орхон голын эхээр хугацааны турш үерийн түвшинг давсан байдалтай элбэг устай байна.
 
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Хэрлэн, Онон, Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацаанд хоногт 1-2 см буурсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-55 см бага харин Барх, Онон, Хэрлэн голын дагууд өмнөх оны мөн үеийнхээс 10-25 см ахиу түвшинд байна.
 
Завхан гол үертэй байна
 
Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Чонохарайх, Долооннуур, Хангай нурууны өврийн Завхан, Түй, Байдраг, Шаргалжуут, Онги, Таац зэрэг голууд тухайн арав хоногийн турш элбэг устай үерийн болон үерийн аюултай түвшинг давсан байдалтай байсан бол бусад голуудын хувьд харьцангуй хоногийн түвшний хэлбэлзэл багатай байв. Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн утгаараа олон жилийн дунджаас 5-25 см бага харин их байна.
 
Долоодугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан хэдий ч хугацааны эх болон дунд үеэр орсон хур борооны улмаас зарим гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн болон аюул түвшинг даван үерлэсэн байна
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.