Жүдо бөхийн анхны олимпийн медальтан төрөв - Москва 1980

1980 оны зуны олимп буюу Москвагийн олимп ЗХУ-ын Москва хотод 1980 оны долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын гуравны хооронд болсон. Энэхүү наадамд 81 орны 5503 тамирчин 22 спортын 203 төрөлд 628 медалийн төлөө хүч чадлаа уралдуулжээ.


 


Хүйтэн дайны үед болсон энэ олимпод зөвхөн Социалист лагерийн орнууд орсон түүхтэй. Дэлхийн олон шилдэг тамирчид энэ олимпод орж чадаагүй нь харамсалтай бөгөөд дараагийн Лос Анжелесийн олимпод мөн л энэ түүх давтагдаж Москвагийн олимпод оролцсон орнууд оролцолгүй “Найрамдал-84” зохион байгуулсан билээ.

Москвагийн олимп нь Монгол улсын оролцож буй тав дахь зуны олимпийн наадам бөгөөд манай тамирчид байт харваа, бокс, чөлөөт ба сонгомол бөх, буудлага, дугуй, хvндийн өргөлт, жvдо бөхийн төрөлд 43 тамирчин, 9 дасгалжуулагч, 2 эмч, 10 гаруй албаны хvний хамтаар оролцжээ.
 
Үүнээс чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Ж.Даваажав мөнгө, 57 кг-ын жинд Д.Оюунболд хүрэл,  жүдо бөхийн 65 кг-ын жинд Ц.Дамдин мөнгө, 71 кг-ын жинд Р.Даваадалай хүрэл медалиар тус тус энгэрээ мялаасан байна.


Ингэснээр бусад спортын төрөлд хvч vзсэн тамирчдын тодорхой хэмжээний амжилтаар багаараа 80 орноос 22 дугаар байрт шалгарсан юм.
 

Чөлөөт бөх


74 кг-ын жинд зодоглосон Ж.Даваажав эхний барилдаанд Камеруны бөх Тоньег цэвэр, хоёрт Пакистаны Ц.Жумаг цэвэр, гуравдугаар тойрогт Румыний бөх Европын хошой аварга З.Пыркэлабуг оноогоор, дөрвийн даваанд Италийн Р.Николинийг цэвэр ялжээ. Дараагийн тойрогт олимп, дэлхийн аварга ЗХУ-ын алдарт бөх Павел Пинигинтэй учраа таарч 8.40 минут эн тэнцүүхэн (2:2) барилдахад хоёр бөхийг идэвхгүй барилдсан нэрийдлээр хоёуланг нь гурван удаа торгож, дэвжээнээс буулгажээ. Ингэснээр манай бөх зургаа дахь өрсөлдөгч дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Чехословакийн Д.Карабиныг заавал ялж байж медальд хүрэх даалгавартай болов. Эл шийдвэрлэх барилдаанд тэрбээр өрсөлдөгчөө 7:5-аар хожсон юм.



Ингээд аваргын төлөө Болгарын залуу бөх В.Райчевтай тунаж үлдлээ. Райчев хоёр сарын өмнө Германы олон улсын тэмцээнд манай бөхийг 0:7-гоор ялсан удаатай. Энэ удаа Ж.Даваажав огт өөр тактикаар барилдаж, эхний үед 3:0-ээр давамгайлж байв. Ийн үзсээр онооны харьцаа 5:5 байхад буюу цаг дуусахаас зургаахан секундын өмнө Болгарын бөх хожлын оноогоо авсан юм.
 
 
57 кг-ын жинд зодоглосон Д.Оюунболд эхний барилдаанд Румыний А.Нягуг оноогоор, 2-4 дүгээр тойрогт Перугийн Уртадо, Кубын Родригес, Иракийн Махнул нарыг цэвэр ялав.

Харин тавын даваанд Болгарын И.Цочевтай барилдаж ялсан гэдэг. Энэ үед БНАСАУ-ын бөх Ли Хо Пин суудлаасаа босч баярлан бэлтгэлийн хувцасаа өмсч халаалтаа хийн эхэлжээ. Учир нь Д.Оюунболдын хувьд ялагдчихвал Солонгосийн бөх барилдаан хийхгүйгээр дөрөвдүгээр байрт шалгарах байж.
 
Энэ барилдааны дараа баярласан, баярлуулсан хоёр дэвжээнд гарч барилдсан ч манай бөх Солонгост 7:7 харьцаатайгаар цаг дуусах мөчид ялагджээ. Энэ барилдааны дараа Д.Оюунболд хөлсөө ч сэврээж амжилгүй ЗХУ-ын нэрт бөх Сергей Белоглазовтой барилдаж дийлдсэнээр хүрэл медалийн болзлыг хангасан юм. Ийнхүү Дугарсүрэнгийн Оюунболд агсан олимпийн наадамд анх удаа зодоглоод л медаль хүртсэн түүхтэй.

 

Жүдо бөх

65 кг-ын жинд 29 орны 29 жүдоч хоёр хэсэг болж өрсөлдсөнөөс Цэндийн Дамдин хэсэгтээ Зимбабвегийн Ф.Фойферийг, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Францын И.Делвенийг, гуравдугаар тойрогтоо Шведийн В.Бьедроныг, дөрвийн даваанд Польшийн Я.Павловскийг тус тус ялжээ. Ингээд аваргын төлөө барилдаанд дэвжээний эзэн орны бөх Н.Солодухитэй барилдаж коко үнэлгээ алдан мөнгөн медалийн эзэн болсон. Ингэж Монголын жүдо бөхийн түүхэнд хамгийн анхны олимпийн медальтан төрөн гарсан юм.






 

1980 оны Москвагийн олимпийн наадмын жүдо бөхийн 65 кг-ийн жингийн аваргын төлөө барилдаан. БНМАУ-ын бөх Ц.Дамдин - ЗХУ-ы бөх Николай Солодухин.

71 кг-д олимпын татамид гарсан Р.Даваадалай эхний тойрогт Гвинейн А.Диалло, хоёрдугаар тойрогт ЗХУ-ын Т.Намгалаури, гуравт Кубын Р.Пуэрто нарыг дараалан ялав. Дөрөвдүгээр тойрогт тэрбээр Италийн Э.Гамбад харамсалтай ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын К.Диог буулган авч олимпын анхны жүдо бөхийн хvрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй билээ.




 

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.