З.Ойдов мөнгөн медаль хүртэв - Монреаль 1976

Олимпийн XXI наадам буюу 1976 оны Монреалийн олимп нь 1976 оны долдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 1-нд Канад Улсын Монреаль хотноо болж 92 орны 6028 тамирчид 21 спортын төрөл, зайн жинд 611 медалийн төлөө өрсөлдсөн байна.


 
Манай улсын хувьд энэхүү олимпод буудлага, жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, байт харваа, бокс гэсэн төрлүүдээр 33 тамирчин оролцсон юм. Эдгээрээс чөлөөт бөхийн төрөлд Зэвэгийн Ойдов багийн цорын ганц мөнгөн медалийг хүртэж байв.


 
Манай тамирчин эхний тойрогт Дэлхийн хошой аварга АНУ-ын бөх Жемми Девистэй тааран 11:14-өөр ялагдсан ч дараагийн учраанууд болох Румыний М.Фодорыг гурван торгуулиаар цэвэр, Францын Т.Тулотыг 2.02 минутад цэвэр, Болгарын И.Янковыг 7.12 минутад цэвэр, Ираны М.Фарахвашийг 4.15 минутад цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд БНСУ-ын Ян Жү Мо-г оноогоор хожин хоёрдугаар байр эзлэв.

Аваргын алтан медалийг алдсаны учир гэвэл манай бөхийг оноогоор дийлсэн Ж.Дэвисийг Ян Жү Мо зургадугаар тойрогтоо цэвэр дарсан учир түүнийг заавал цэвэр ялж байж л түрүүлэх байлаа. Харин Ян Жү Мо-гийн хувьд оноогоор ялагдахад л хангалттай байв. Манай бөх жилийн өмнө Минскийн ДАШТ-д түрүүлэхдээ Ян Жү Мо-г  22:0-ээр илүүрхсэн удаатай. Тийм ч учраас Өмнөд Солонгосын бөх далаараа даруулчихгүйн тулд зайлсхийж, зугтсаар байгаад цагаа дуусгасан юм.



 
Ийнхүү З.Ойдов олимпийн наадмын гурав дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ.

 
Харин оролцсон бусад тамирчдаас Х.Баянмөнх аварга тав, Г.Хишигбаяр дөрөв, М.Хойлогдорж зургаа, Г.Жалаа тавдугаар байрт шалгарч байжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.