Монгол цамын ёслол

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг ирэх сарын 06,07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Энэхүү наадам нь үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах  зорилготой билээ.

Энэ жилийн наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд 500 ламын  уншлага, Очирваань бурханы тахилга,  Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн зэрэг ёслолуудыг хийх юм байна.

Эдгээрээс "Монгол цамын ёслол"-ыг онцлон Цам харайх номын зан үйлийн талаар мэдээлэл хүргэе.

 
“Номт гурван орон”-ы нэг хэмээн алдаршин нэршсэн Монгол оронд дорно дахины “тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол жил бүр болдог билээ. “Цам”-ын зан үйл нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал, монгол зан үйлийг шингээсэн монголчуудын шашин соёлын нэгэн чухал нандин өв болтлоо хөгжин дэлгэрч чадсан байдаг.

Энэхүү шарын шашны урсгалын “Жахар цам” буюу “Хүрээ цам”-ын уламжлал нь 18-р зууны эхэн үед монгол оронд дэлгэрсэн бөгөөд тухайн үед монголын 700 гаруй сүм хийдийн 500 гаруй нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэх болжээ.

Сонин содон төрх бүхий багт хувцас өмссөн 60 орчим лам цамын бүжгийг маш нарийн дэг жаягийн дагуу хийнэ. Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг даран хөөх билэгдэл, зан үйлийн шинжтэй байдаг. Цамын бүжгийг дэглэж тавихдаа дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтай ламын удирдлага дор 1-2 cap бэлддэг байна. Ингээд номын бүтээл хийж бэлтгэгдсэн лам хуврагууд цам гарахаас 4 өдрийн өмнөөс цамд хэрэглэгдэх балин тахил, баг өмсгөл тэргүүтнээ адислан, хурал хурж гурван өдрийн турш хийд дотроо цам гардаг. Сүүлчийн гуравдахь өдөр сая гадар цам гарах буюу гадаа гарч цам бүжгээ хийдэг учиртай. Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм.






 
Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай хүн буюу урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг. Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор ирдэг. Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг билээ.




 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hentii hangai 2019-12-05 07:05:33
    Hi yum asuuy hen hengvvd tsamiin huwtsiig bolon bvjgiin hvgjvvlsiin bol
    202.55.188.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Chimgee 2016-07-23 13:47:32
    Yaaltchgui l mongolii mine uv soyoldoo tusgaar uls gedeg uv souyol shashin ulamjlalaara ontslog uuriin gsen yumtai baih yum daa
    166.137.90.117
    Мэдэгдсэн Хариулах