Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулсан юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэж үг  хэлэхдээ :

“Эрхэм хүндэт генерал, цагдаагийн комиссар, офицер, ахлагч нар аа,  Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Та бүхэнд Цагдаагийн байгууллагын  түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах чиг үүргээ  нэр төртэй биелүүлж  ирсэн гавьяаг нь үнэлж, түүхт  95 жилийн  ойг нь тохиолдуулан Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол  төрийн өндөр дээд  энэ шагнал бол “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр  тулгын  чулуугаа  тавьсан Монголын цагдаагийн байгууллагын түүхийг  бүтээлцсэн үе үеийн ахмад ажилтнууд болон одоо ажиллаж байгаа нийт алба хаагчдын  хөдөлмөр зүтгэл, алдар гавьяаг  өндөр үнэлж буйн тодоос тод илэрхийлэл  юм.  Мөн цагдаагийн байгууллагын цаашид хийж бүтээх ажилд нь урам зориг өгч буй шагнал.

Юуны урьд Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүн  Ази-Европын буюу АСЕМ-ын дээд түвшиний уулзалтыг Улаанбаатар хотод амжиллтай  зохион байгуулахад  хүлээсэн  үүргээ  бүх  түвшинд найдвартай биелүүлж, Монголын нэрийг дэлхийд сайнаар дуурсгахад чухал хувь нэмэр оруулсанд нь чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Түүхэн ой бол өнгөрснөө дүгнэх, ирээдүйн зорилтоо  тодорхойлох сайхан агшин байдаг.

Дэлхий даяаршиж байна. Монгол эх орны маань нэр сайнаар дуудагдах уу, саараар дуудагдах уу гэдэг асуудал хамгийн түрүүнд нийгмийн дэг журам сахиулж яваа, замын голоор алхаж яваа, гэмт хэрэгтэй амь өрсөн тэмцэж яваа таны, та нарын зан харьцаа, биеэ авч явах байдал, мэргэжлийн ур чадвараас хамаарна. Цагдаа нь иргэнээ, иргэдийн эрх ашгийг найдвартай хамгаалдаг, иргэн нь цагдаадаа бүрэн итгэдэг, ханддаг,  ажил албыг нь хүндэтгэдэг  итгэлцлийн холбоос тогтсон тийм нийгэм л урагшилна. 

Монголын цагдаа бол аль нэг намд биш, аль нэг явцуу бүлэглэлд биш, хувь хүнд бүр ч биш, гагцхүү хуульд, нийт үндэсний эрх ашигт захирагдаж, нийгмийн дэг журмыг чанд хангах замаар ард иргэд, бизнес эрхлэгчдийг амар тайван аж төрж,  ажил хөдөлмөрөө эрхлэх, баялаг бүтээх,  хөгжин дэвжих боломжийг нийт нийгэмд олгодог гавьяатай, үүрэгтэй хүмүүс. Ийм  учраас  та  бүхэн өөрсдийгөө баялаг бүтээгчид, тэдний нэг хэсэг. Нэг багийн гишүүд гэж ойлговол зохино.

Хөгжил дэвшилийг их том бүтээн байгуулалт, мега төслөөр төсөөлөхөөс түрүүнд энгийн зүйлээс, өдөр тутмын ажилаас, бүр харилцааны соёлоос эхлээд Цагдаагийн алба, үйлчилгээ бол хөгжлийн хүчин зүйл гэдгийг энгийн жишээн дээр ярья.

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд замын хөдөлгөөнд оролцохдоо сандарч, мэгдэж  ялихгүй жижиг зөрчил гаргасны төлөө зарим тохиолдолд торголгүйгээр сануулаад өнгөрөх нь бий. Аль эсвэл будилсан төөрсөнд нь замыг нь сайхан заагаад өгөх нь ч бий. Энэ тохиолдолд тэр жолооч, зорчигч, гадаадын иргэн хотын талаар болон замын цагдаагийн талаар эерэг сэтгэгдэлтэй үлддэг, нутагтаа очоод УБ-ын сайхан ааштай, соёлтой цагдаагийн талаар олон хүнд ярина.

Харин эсрэгээр зарим аймаг орон нутгийн цагдаа нар тухайн орон нутгаар дайран өнгөрч буй жолооч, иргэдийг ялих ялихгүй шалтгаанаар далимдуулан торгох, цаг уях тохиолдол бий. Үүнээс үүдэн замд гарахдаа хүмүүс тухайн газрыг тойрон гарахаар, эсвэл зогсолгүй өнгөрөхөөр замаа сонгох тохиолдол ажиглагддаг.

Тэглээ гээд яах билээ гэж та бодож байж магадгүй.

Энэ мэт жижиг асуудлаас болоод тухайн аймаг, аймгийн иргэд Олох боломжтой байсан орлогоороо хохирч байгаа юм. Бензин шатхуун, зочид буудал, хоолны газар, дэлгүүр хоршооны орлого нэмэгдэхгүй. Тэр хэмжээгээр тухайн аймгийн иргэдийн орлого, цаашилбал амьжиргаа нь дээрдэхгүй болж байгаа юм. Тэр аймагт нийгмийн асуудал,  цаашилбал нүүдэл суудал нүүрлэж  эхэлнэ. Жижиг асуудал том асуудал руу хөтлөдгийн нэг жишээ энэ.  

Зөвхөн хандлага, харьцаа гэх мэт өчүүхэн зүйлсийг өөрчилснөөр маш өөр үр дүн гарна. Энэ бол хөгжлийн хүчин зүйлс юм.

Үгийнхээ төгсгөлд хэлэхэд Цагдаагийн ажил алба бол бол шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдаг хэн бүхний хийж чадах хялбар ажил биш. Гагцхүү иргэний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л ажил алба нь бүтдэг  учраас  та бүхний шударга  ариун  үйл хэргээр  ямагт бахархаж явдгаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна

Түүхт ойн баяраа тэмдэглэж буй цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Та бүхэнд дахин баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг өндөрт өргөж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.