Монгол, Катарын дайчид хамтарсан сургалт хийнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт энэ сарын 28-наас манай улсад эхлэхэд бэлэн боллоо. Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцох юм. Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан Катар Улсын бригадын генерал Мохд Хассаныг хүлээн авч уулзсан байна.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн тавдугаар сард Катар Улсын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль Аттияхгийн урилгаар Катар улсад айлчилсан билээ. Айлчлалаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг боломжит чиглэлүүдээр өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг араб хэлний сургалтад хамруулж байгаад талархал илэрхийлээд, энэхүү сургалтыг цаашид үргэлжлүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тусгай хүчний алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, цэргийн тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл харилцан солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан байдаг юм.

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.