ОХУ-ын багийн олимпод оролцох эсэх нь маргааш шийдэгдэнэ

 WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг нь тус агентлагаас томилогдсон канадын хуульч Ричард Макларений удирдсан Хараат бус комиссийн тайланг үндэслэн ОХУ-ын багийг Зуны олимпийн “Рио-2016” наадамд оролцуулахыг хориглох тухай зөвлөмж гаргасан.

Энэ зөвлөмжийг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо өчигдөр цахим хуралдаанаар хэлэлцэж оросын хөнгөн атлетикийн зарим тамирчдаас гаргасан гомдлыг хэлэлцсэн Олон улсын спортын арбитрын шүүхийн шийдвэрийг гартал ямар нэгэн шийдвэр гаргахгүй болжээ.

CAS, Спортын арбитрын шүүхийн хуралдаан өнөөдөр Швейцар улсын Женев хотод болсон ч гарсан шийдвэрийг маргааш буюу 21-ний өдөр зарлах юм байна.

Хараат бус комиссийн илтгэлд ОХУ-д сэргээшийн хэрэглээг төрийн зүгээс дэмждэг тогтолцоо байгааг мөрдөн шалгалтаар нотолж ОХУ-ын шигшээ багуудыг Зуны олимпийн болон Пара олимпийн наадмаас хасах зөвлөмжийг ОУОХ-нд хандан гаргасан билээ.

Олон улсын пара-олимпийн хорооноос оросын пара-олимпийн багийг олимпийн “Рио-2016” наадамд оролцуулах эсэх асуудлаар баасан гаригт шийдвэр гаргах юм байна.

ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос цахим хуралдааны дараа гаргасан албан мэдээлэлдээ “ОУОХ-ны зүгээс ОХУ-ын шигшээ багийг Рио-де-Жанейро хотод болох олимпийн наадмаас хасаж болзошгүй асуудлаар мөрдөн шалгалт явуулж хуулийн зөвлөгөө авах боллоо. Иймд Р.Макларений удирдаж байгаа Хараат бус комиссийн бүрэн эрхийн хугацааг сунгаж сэргээш хэрэглэснийг нууц дарагдуулсан тогтолцоонд холбогдсон оросын албан тушаалтнуудыг нэрсийг мэдээлж олон улсын спортын холбоодод шаардлагатай гэж үзвэл ОУОХ-нд мэдэгдэхийг WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагт хандан хүслээ. Энэ нь олон улсын спортын холбоод нь оросын тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулах эсэх асуудлыг мөрдөн шалгалтын үр дүнг үндэслэн гаргаж болно гэсэн үг. Сочи хотод болсон Олимпийн наадамд оролцсон оросын бүх тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээг давтан шалгах түүний дотор криминалистикийн шинжилгээг хийж тус олимпийн наадамд оролцсон оросын бүх тамирчид, тэдний дасгалжуулагчид, албан тушаалтнууд, туслах ажилтнуудын талаар бүрэн мөрдөн шалгалт явуулах хэрэгтэй гэж ОУОХ үзэж Денис Освальдаар удирдуулсан Сахилгын тусгай комиссийг байгууллаа. Тус комисиос танилцуулах илтгэлийн дараа ОУОХ-ны Гүйцэтгэх хороо зохих хоригийг ногдуулах болно. ОУОХ-ноос ОХУ-д спортын ямар ч арга хэмжээг зохион явуулахгүй, дэмжлэг үзүүлэхгүй. Үүнд Европийн олимпийн хорооноос зохион байгуулах гэж байгаа 2019 оны Европийн спортын наадам хамаарна. ОХУ-д өвлийн спортын олимпийн төрлүүдээр ДАШТ, дэлхийн Цомын төлөө тэмцээнүүд, бусад томоохон олон улсын тэмцээн уралдаан бэлтгэн явуулахыг түдгэлзүүлж өөр хувилбарыг идэвхтэй эрж хайхыг өвлийн спортын олон улсын холбоодод хандан ОУОХ-ноос уриалж байна. Энэ шийдвэр 2016 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарна, энэ шийдвэрийг арван хоёрдугаар сард болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаар дахин хэлэлцэнэ.” гэжээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.