Пак Гын Хэ:  Улс, төр аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг хүсч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар өчигдөр сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийж айлчлалын талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

- БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэмсэг Ерөнхийлөгч АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад амжилттай оролцсон. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, мөн Эрхэмсэг Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж хамтарч ажилласанд баярлаж байна.

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон асуудал өнөөдөр Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ажил хэрэг болж, санал нэгдэж, гарын үсэг зурж байгаад баяртай байна.

Манай хоёр орны харилцаа нэгдмэл үнэт зүйлд суурилж, иргэдийн харилцаанд тулгуурласан онцлогтой харилцаа юм. Манай хоёр орны харилцаанд Монгол- БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хороо маш их амжилттай үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэе.

Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх ажиллагаа эхэлж байгаад баяртай байгаа. Төсвийн хүндрэлтэй үед ерөнхий боловсролын сургуулиудын мэдээллийн технологид суурилсан сургалтын чанарыг сайжруулахад энэ төсөл маш их чухал үүрэг гүйцэтгэх юм.

Мөн Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Мэдээлэл, технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг тус улсад үе шаттайгаар бэлтгэх зэргээр хамтарч судалж ажиллая гэсэн зүйлийг ярилцлаа.

Монгол бол байгалийн их өвтэй орон. Улаанбаатар хотод байгалийн түүхийн музейн шинэ барилга барих асуудал энэ айлчлалын үеэр шийдэгдэж байгаа. Энэ их чухал зүйл юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хоёр дахь шат мөн энэ айлчлалын үеэр гарын үсэг зурагдаж, эхэлж байгаад баяртай байна.

Сая мөн сэргээгдэх эрчим хүчний хотхоныг Монголд байгуулах, сэргээгдэх эрчим хүч гаргах, цахилгаан нөөцлөх, сургалт, судалгаа хийх гэсэн бүхэл бүтэн цогцолбор бий болгох талаар тохиролцлоо.

Монголд оношлогооны төв байгуулах ажил эхэлж байгаа. Үүн дээр БНСУ дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад маш их баяртай байна. Агаарын салбарт хамтарч ажиллах гэсэн чиглэлээр мөн бид хамтарч ярилцлаа. Ирээдүй үеийн солилцоонд анхаарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бас ярилаа.

Хоёр орон Солоносын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, энэ бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцлаа.

НҮБ болон бүс нутгийн байгууллагууд, олон улсын хүрээнд хамтарч бие биеэ дэмжих талаар тохиролцсон нь чухал байлаа.

Хатагтай Ерөнхийлөгчийн Монголд хийж байгаа айлчлал үнэхээр ганзага дүүрэн айлчлал байлаа. Энэ айлчлал хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулан бэхжүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Ингээд таньд Монгол Улсад тавтай саатан морилохыг дахин хүсэн ерөөе.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ:

-Юуны түрүүнд манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж таньд болон Монголын ард түмэнд чин  сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ жил АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэ нь онц чухал ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улс АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе.

Өнгөрсөн онд БНСУ, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон бөгөөд бид дахин шинэ 25 жилийг угтах гараан дээр зогсож байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Эрхэм Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилснаас хойш ердөө 2-хон сарын дараа миний бие ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа нь хоёр орны харилцааны хөгжлийн талаарх бидний хүсэл эрмэлзлийг тодорхой харуулж байна хэмээн бодож байна.

Өнөөдрийн /07.17/ албан ёсны хэлэлцээ нь бидэнд олон салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар үр дүнтэй санал солилцох боломжийг олгосон.

Сүүлийн үед хоёр орон хоорондын өндөр дээд хэмжээний айлчлал урьдынхаас илүү идэвхжсэн бөгөөд миний бие энэхүү боломжуудыг үр дүнтэй ашиглан, хоёр орны улс, төр аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг улам илүү батжуулан бэхжүүлэхийг хүсч байна.

Манай хоёр орон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах тал дээр стратегийн хувьд ижил байр суурийг хадгалж байдаг.

Өнөөдрийн албан ёсны хэлэлцээний үеэр бид Хойд Солонгосын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар хатуу байр суурин дээр үндэслэн Солонгосын хойг болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөө хамтран хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ.

Миний бие эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хоёр Солонгосын нэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлж ирсэн явдалд нь дахин гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн.

Цаашид ч миний бие бүс нутгийн тогтвортой байдалд хамгийн их аюул учруулж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр гэх мэт өдөөн хатгасан үйлдлийн эсрэг арга хэмжээн дээр Монгол Улстай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг хүсч байна.

Миний бие сүүлийн үеийн олон улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдлын дунд чөлөөт худалдааг хумих биш, эсрэгээрээ өргөтгөн хөгжүүлэхийн тулд бид бүхэн хамтран хичээх хэрэгтэй гэж бодож байна. Энэ талаас авч үзвэл энэ удаагийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах зорилго бүхий хамтарсан судалгааг эхлүүлэхээр болсонд туйлын баяртай байна.

Энэхүү хүчин чармайлт нь алс хэтдээ манай хоёр орны хооронд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх үр дүнг авч ирнэ гэж найдаж байна.

Энэ удаагийн албан ёсны хэлэлцээгээр дамжуулан хоёр орны Төрийн тэргүүнүүд цахилгаан станц, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний төсөл, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах загвар төсөл хэрэгжүүлэх зэргээр эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон.

Мөн бид эрдэс баялаг, эрчим хүч зэрэг уламжлалт салбараас гадна хамтын ажиллагааны салбар чиглэлийг солонгоруулах арга замын талаар санал солилцсон.

Үүний нэг тод жишээ нь, өргөн уудам газар нутаг бүхий Монгол Улсын онцлогоос харахад алсын зайн эмчилгээ, оношлогооны бүтэц нь Монголын ард түмний эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад дөхөм болно хэмээн үзэж буй бөгөөд энэ удаа байгуулагдсан холбогдох Санамж бичиг нь энэхүү салбарт хоёр орны хамтын ажиллагаа ахин дэвших сайн үндэс суурь нь болно хэмээн найдаж байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны талаас авч үзвэл Монгол Улс нь манай чухал түнш орон юм. Монголын талаас санал тавьсан нэлээд хэд хэдэн төслийг судалж байгаа бөгөөд Солонгосын хөгжлийн туршлага, Монголын хөгжлийн стратегид хувь нэмрээ оруулах чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр цаашид ч анхаарах болно.

Хоёр улсын иргэд хоорондын харилцаа өргөжиж буй нь хоёр улсын харилцааны нэн чухал баялаг юм. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд цаашид ч хоёр орны иргэд хоорондын харилцааг улам илүү өргөжүүлэх үүднээс хүчин чармайлт гаргахаар болсон бөгөөд ялангуяа харилцан зорчих асуудлыг тогтворжуулах, оршин суух баталгааг хангах зэрэг бүтцийн чанартай асуудал дээр холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон.

Агаарын тээврийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар талууд нэгдмэл байр сууринд хүрэхийн тулд үргэлжүүлэн анхаарч ажиллахаар боллоо.

Миний бие иргэд хоорондын харилцаа, ялангуяа ирээдүй хойч үеийн харилцааг чухал хэмээн үзэж буй бөгөөд үүний зэрэгцээ хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үүднээс соёлын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэх нь чухал гэж бодож байна.

Энэ удаа соёлын харилцааны талаар Санамж бичиг байгуулснаар бүтцийн хувьд үндэс суурь нь тавигдсан учир цаашид соёлын харилцаа, соёлын аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.

Эрхэм зочид оо,

Өнөөдрийн албан ёсны хэлэлцээгээр дамжуулан манай хоёр тал зөвхөн хоёр улсын түвшинд төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ч мөн адил хамтдаа хувь нэмэр оруулах түнш гэдгийг дахин нотлох завшаан тохиов.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын агуулж буй асар том нөөц бололцоо, хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг тольдон харах боломжийг олгосон ач холбогдолтой айлчлал болж байна.

Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ цаашид хоёр орны хамтын ажиллагааны шинэ 25 жилийн түүхэн хуудсыг нээх чухал эхлэл болж бичигдэнэ хэмээн итгэж байна.

Цаашид хоёр орон илүү нягт хамтран ажиллахын ерөөл дэвшүүлэхийн зэрэгцээ найрсаг дотноор хүлээн авсан Эрхэм Ерөнхийлөгч танд болон Монголын ард түмэнд дахин гүн талархал илэрхийлье” гэлээ.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.