Халдлага, бослогод өртөж, онц байдал зарласан ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийг цочроосон томоохон халдлагад Франц өртөж, Туркэд цэргийн бослого гарлаа. Энэ талаархи мэдээлллийг тоймлон хүргэе.
 

Францад халдлага болж, 84 иргэн амиа алдав

 

Франц улсын Ницце хотод энэ сарын 14-нд халдлага болж, 73 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ницце хотын төвд ёслолын буудлага үзэхээр ирсэн хүмүүс рүү ачааны автомашин дайран орсны улмаас 73 хүн амиа алдаж, 50 хүний бие маш, хүнд байна хэмээн CNN дамжуулсан юм. Ачааны автомашины жолоочийг цагдаагийнхан аюулгүй болгож, машинд нь нэгжлэг хийхэд тус ачааны автомашинаас тэсрэх бөмбөг, буу зэвсэг олджээ.
 
Уг хэрэг явдалтай холбогдуулан Ницце хотын захирагч онц байдал зарлаж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан юм. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Ерөнхий сайд Манюэль Васль нар Ницце хотод очиж, нөхцөл байдалтай нь танилцсан.
 
Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Ф.Олланд мэдэгдэл хийж, Франц улсад тогтоосон байсан онц байдлын хугацааг дахин гурван сараар үргэлжлүүлэх болсныг онцолсон. Мөн тэрбээр “Гэмт хэрэгтнийг барьж чадаагүй байна, гарлыг нь тодорхой болгож хамсаатнуудыг баривчлахын төлөө чадах бүхнээ хийнэ. Бид нэгдмэл байдлаа харуулж терроризмын эсрэг үйлдлээс ард иргэдээ хамгаалах ёстой. Франц улс харуул хамгаалалтаа сайжруулж, Сири, Ирак руу явуулах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Өнөөдөр Батлан хамгаалах зөвлөлийн уулзалт болно, терроризмын эсрэг авах бүхий л арга хэмжээг авна. Цаг тухайд нь энэ тухай зарлах болно. Франд бол хүчирхэг гүрэн, тэднээс илуү хүчирхэг байх болно. Францыг сөгдүүлж чадахгүй” гэсэн юм.
 
Мөн халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Франц улсын хэмжээнд долдугаар сарын 16,17,18-ны өдрүүдийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарласан. Нэг өдрийн дараах байдлаар халдлагад амиа алдсан иргэдийн тоог албан ёсоор гаргасан бөгөөд амь үрэгдсэн 84, тэдгээрээс 10 нь хүүхэд болон өсвөр насныхан, 202 хүнд бэртсэн хүмүүсээс 52 хүн маш эрсдэлтэй байна хэмээсэн тухай мэдээллийн агентлагууд дамжуулж байв.
 
Түүнчлэн халдлага үйлдсэн гэмт этгээдийг саатуулсан бөгөөд гэмт этгээд нь Mohamed lahouaiej Bouhlel, 31 настай, тунис гаралтай, террорист халдлагатай холбоотой байж болох талаар Францын тусгай албаныханд ямар нэгэн бүртгэлд ороогүй нэгэн байжээ.
 
Франц улсад ийм эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцож байгаа Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы ЕНБД нар Ази, Европ тив төдийгүй дэлхийн бусад өнцөгт террорист халдлага удаа дараа гарч байгааг онцлоод, терроризмын бүх хэлбэрийг буруушаан түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлж, мэдэгдэл гаргасан юм.
 
Уг мэдэгдэлд террорист халдлага үйлдэгчдэд НҮБ-ын Дүрэм болон олон улсын бусад хууль тогтоомжийн дагуу хатуу шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох ёстойг  мэдэгдэж, терроризмтэй хүчээ нэгтгэн тууштай тэмцэхээ цохон тэмдэглэсэн бөгөөд Францын Ницце хотноо гарсан террорист халдлагын улмаас олон хүний амь нас үрэгдэж, нөхөж баршгүй хохирол учирсанд хохирогсдын ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
 

Төрийн эргэлт хийхээр цэргүүд бослого гаргав

 
Францад халдлага болж, олон хүн амь эрсдэн гашуудаж байх үед буюу долдугаар сарын 15- 16-нд шилжих шөнө Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийхээр бослого гаргасан тухай мэдээлэл цацагдсан юм. Цэргийнхэн улс орноо захирах болсноо Туркийн төрийн мэдлийн TRT телевизээр зарлаж, “Үндэсний энх тайван” гэж өөрсдийгөө нэрлэсэн цэргийн зөвлөл эргэлт хийсэн хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байв.
 
Харин Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан видео мэдэгдэл хийж, ард иргэдээ цэргийнхний эсрэг тэмцэхийг уриалсан бөгөөд “Цэргийнхний оролдлого амжилт олохгүй” хэмээн хэлсэн байна.
 
Бослого өрнөж, Истамбул болон Анкара хотод буун дуу гарч, зарим газрыг цэргийнхэн хэсэгчлэн хааж, бүр парламентын ордны гадна танк зогсч байгаа талаар мэдээллийн сувгууд мэдээлж байсан юм.
 
Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Ататуркийн нисэх буудалд газардаж, мэдэгдэл хийв. Тэрбээр бослого гаргасан цэрэг арми, оффицерүүдийг эхнээс нь баривчилж эхэлсэн тухай мэдэгдээд уг цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого нь хэсэг бүлэг офицеруудын хуйвалдаанаас үүдэлтэйг дурдаад нийт цэрэг арми оролцсон нь ташаа мэдээлэл болохыг онцлоод, “Улс орныхоо эсрэг боссон эдгээр хумүүс Бүгд Найрамдах Турк улсын бүрэн эрх болоод ардчилал , амар тайван байдалд заналхийллээ. Эдгээр хүмүүстэй зөвшилцөх боломж байхгүй. Тэд ийм үйлдэл гаргасныхаа шанг хүртэх ёстой. Төрийн далбаа минь миний нэр төр. Эх орон минь миний нэр төр. Тиймээс ч би өнөөдөр үхэхэд ч бэлэн ирлээ. Улс орныхоо төлөө энэ амь биеэ зориулахад би бэлэн байна” хэмээсэн.
 
Ерөнхийлөгч Эрдоган хуйвалдаанд 130 гаруй хүн холбогдсоноос эхнээс нь баривчилж байгаа бөгөөд Засгийн газар эргэн хяналтыг гартаа аван, байдлыг хэвийн болгоно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл төрийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбоотой хэмээн баривчлагдсан цэргийнхний тоо 1000 гараад байгаа тухай Туркийн тал мэдээлж, армийн өндөр албан тушаалын 30 гаруй хүнийг албан тушаалаас нь огцруулжээ. Үүн дотор таван генерал, 29 хурандаа байсан байна. Зарим цэргийн эрхтнийг удирдлагад нь байдаг цэргүүд нь баривчилж холбогдох байгууллагад тушаасан гэсэн мэдээ байгаа юм. Улс орон даяар баривчилгаа үргэлжилж байна.
 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Туркийн сөрөг хүчний номлогч Фетхуллах Гюлленийг бослогод холбоотой хэмээн хэлсэн ч Гюллен үүнийг няцааж, “Туркэд төрийн эргэлт хийх оролдлого гарсаныг би шийдвэртэй буруушааж байна. Цэргийн эргэлтийг нэг бус удаа үзэж байсан хүний хувьд ийм бослогод буруутгагдаж байгаадаа эмзэглэж байна. Намайг ийнхүү буруутгаж байгааг би няцааж байна” хэмээсэн байв.
 
Мөн Истамбулын Босфорын хоолойг холбосон гүүрийг эзлээд байсан цэргийнхэн бууж өгсөн байна. Туркэд өрнөж буй бослого, үймээний талаар тус улсын Дотоод Хэргийн яамнаас сүүлийн үеийн мэдээлэл хийлээ. Туркийн ундэсний мэдээллийн Анадолу агентлагийн дамжуулсанаар бослогод оролцсон 754 хүнийг баривчлан саатуулсан байна.
 
Мөн Туркийн нийслэл Анкара хотод яг одоо 800 хүн, Истанбул хотноо 200 хүн эмнэлэгт хүргүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай “Улаан хавирган cap” нийгэмлэгийн тэргүүн Керем Киник твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ. Бослогын улмаас 42 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ажээ. Цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараа Туркийн ард иргэд ардчиллаа хамгаалахыг эрх баригчдаас хүсч жагсаал хийлээ. Туркийн Истамбул болон бусад хотуудад олон мянган хүн төрийн далбаагаа барин гудамжинд жагсаал хийсэн байна. Ерөнхий сайд Бинали Йылдырым цэргийн эргэлт Туркийн ардчилалд хар толбо үлдээлээ хэмээн мэдэгджээ.
 
Турк улсад цэргийн эргэлт гарсан шалтгаан нь дотооддоо хуваагдсан явдал юм. Хөрш Сири улсад олон жил үргэлжилсэн иргэний дайны нөлөө болон Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Туркийг өөрчлөх, эрх мэдлээ нэмэгдүүлэх оролдлого нь хуваагдлын гол шалтгаан байсан ажээ.
 

Египетийн онгоцонд гал гарсныг нотлов

 
Газар дундын тэнгист өнгөрсөн тавдугаар сард сүйрсэн Египетийн “EgyptAir” компанийн онгоцонд гал гарсныг хар хайрцгийн бичлэгээр нотолжээ. Нислэгийн бүхээгийн дуу хураагч хар хайрцгийн бичлэгт онгоцны кабинд гал гарсан тухай хүмүүсийн яриа бичигдсэн байна. Түүнчлэн Газар дундын тэнгисээс олдсон нисэх онгоцны сэгэнд өндөр температурын улмаас гэмтсэн ул мөр үлджээ.
 
Гэхдээ мөрдөн шалгах комисс галын шалтгааныг хараахан тодруулаагүй байгааг мэдээлжээ. Нисэх онгоц радарын дэлгэцнээс алга болохын өмнө утаа гарсан гэх автомат дохиог илгээсэн байснаас гал гарсан гэх таамгийг урьдчилан дэвшүүлсэн байсан юм.
 
Францын Парис хотоос Каир руу буцаж явсан “Airbus А320” онгоц өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Газар дундын тэнгист сүйрснээс 66 хүн амь үрэгдсэн билээ. Нисэх онгоцны сэг болон зорчигчын цогцос, эд зүйлс Египетийн Александриа боомт хотоос 290 км орчим зайтай тэнгисээс олджээ. Түүнчлэн онгоцны их бие тэнгисийн 3000 орчим метрийн гүнд байгааг олж илрүүлсэн байна.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.