Хоёр талын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоод 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар хоёр сарын дараа ийнхүү дахин уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.

Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцааг улам ойртуулан нягтруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс идэвхтэй дэмжиж буцалтгүй тусламж үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэлээ. Үүнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэж, Хорооны үйл ажиллагааг улам өргөжүүлэх, үр ашигтай механизм болгон төлөвшүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.

БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.

Айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон талын үр дүн гарна. Мөн EDCF сангийн 25 сая ам.долларын зэээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглах юм. (Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж АСЕМ-д зориулан эхний ээлжинд манай улс шинээр 43 автобусыг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр аван зочид төлөөлөгчдөд үйлчилж байна.) Төсөл хэрэгжсэнээр манай хот хоорондын тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна автобусны засвар үйлчилгээ, тээврийн чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлд дэвшил гарах юм.

Мөн соёлын салбарт хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх болон эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.

Агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааны хувьд, Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны 6 дугаар сараас эхлэн байнгын нислэг эхэлсэн бөгөөд энэ нь хоёр орны иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн тус дөхөм болно.

Түүнчлэн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, манай иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг монголын тал хүсэлт болголоо.

Мөн Зүүн Хойд Азид оршдог орны хувьд Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутгийний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, яриа хэлэлцээний сувгуудыг бүрэн ашиглахын төлөөх тууштай байр сууриа яриа хэлэлцээний үеэр нотолсон. Тус бүс нутагт итгэлцлийг бий болгох, яриа хэлэлцээг бэхжүүлэх тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын хүрээнд зохион байгуулсан бага хурал, чуулганд БНСУ төлөөлөгчдөө тогтмол оролцуулж ирснийг монголын тал өндрөөр үнэлж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхана. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч, ажиллаж байгаа солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.


olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.