Жан-Клод Юнкер: Монголд болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт амжилттай өндөрлөв. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг дүгнэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо нар Шангри-Ла зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг дүгнэж хэлэхдээ:

Бид хоёр өдөр хуралдлаа. АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтыг амжилттай явуулж өндөрлөж байна. Энэ хурлаас чухал шийдвэрүүд гарсан. Эхнийх нь Улаанбаатарын тунхаглал, удаах нь Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичиг. Энэхүү дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын 20 жилийн ойг тэмдэглэлээ.

АСЕМ-ын уулзалтын өмнөх өдөр Францад аймшигт халдлага гарсан. Бид Франц Улсын ард түмэнтэй, Европын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Монгол Улс терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ын хүрээнд нийтдээ 62 уулзалт боллоо.

АСЕМ-д хүрэлцэн ирсэн улс орны удирдагч, дээд түвшний төлөөлөгчид өөр хоорондоо 100 гаруй албан ёсны уулзалт хийжээ. АСЕМ-ын уулзалтаар Бизнесийн уулзалт, Ард түмний чуулга уулзалт, Парламентын чуулга уулзалт, Залуучуудын чуулга уулзалтаас гарсан баримт бичгийн тайланг сонслоо. АСЕМ-ын уулзалтад зориулж бэсрэг наадам зохион байгууллаа. Наадам бол манай түүх, соёл бүх зүйлийг өөртөө шингээсэн зүйл юм.

Олон зочдод манай хоол таалагдсан. Бидний зочломтгой занг сайшааж байсан. АСЕМ бол нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явц. Монгол Улс 100 жилийн дараа АСЕМ-ыг дахин зохион байгуулж магадгүй” гэлээ.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск:

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдорж танд талархаж байна. АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгууллаа. Үүний хажуугаар хэзээ ч мартагдахгүй аяллыг Монголд хийлээ. Ялангуяа өчигдөр болсон наадам таалагдлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр Франц Улсад халдлага гарч, Турк Улсад төрийн эргэлт хийхийг оролдлоо. Энэ бүхэн мэдээж хэрэг дэлхийн хэмжээний уулзалтын зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай асуудал байлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлийг илэрхийлж, ойлголцох ёстой гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр өглөө Туркийн асуудлын талаар Европын холбооны лидерүүд ярилцсан. Турк бол манай Европын холбооны чухал түнш юм. Европын холбоо ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар болоод ардчиллын институтыг ямагт дэмжсээр ирсэн, хуулийн засаглалыг дэмждэг. Тиймээс туркчууд Үндсэн хуулийн аргаар засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан. Европын холбоо Ази тивтэй түншилж хамтран ажиллаж байгааг чухал гэж үздэг. Ази тивд дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг. Дэлхийн худалдаа болон ДНБ-нд эзлэх хэмжээ их. Тиймээс бидний чухал түнш юм. Ээлж дараалан гарч буй террорист халдлага бол манай хоёр тивд аль алинд нь нөлөөлж буй аюултай үзэгдэл.

Тиймээс хоёр тив хамтран тэмцэх шаардлагатайг сануулсан үйл явдал боллоо гэж харж байна. Энэ дээд хэмжээний уулзалтын үед дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг ярилцсан. Мөн дүрвэгсдийн асуудлыг ярилцсан. Есдүгээр сард Хятад улсад “Их 20”-ын уулзалт болно. Энэ үеэр Европ болон Азийн хамтын ажиллагааны нэг чухал зүйл нь аюулгүй байдал юм гэдэг дээр санал нэгдсэн.

2018 онд АСЕМ-ын дараагийн уулзалт Брюссельд болно. Дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Монголын ард түмэнд талархал илэрхийлж байна” гэв.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер:

-Монгол Улсад ирснээс хойш маш зочломтгой хандаж байна. Энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой байлаа. Хурлын үеэр хоорондоо уялдаа холбоотой харилцаатай байх ёстой. 

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол уян хатан байдлаар хамтран ажиллах талбар байдагт баярлаж байна. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюссельд болно. Монгол Улс хурлыг сайхан удирдлаа. Улс орноо ч сайхан удирдаж байна.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:

-Бүх зүйлд маш их баярлалаа. Энэ гайхалтай боломжийг бидэнд олгосонд баярлалаа. Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Энэ гайхалтай орны байгалийг үзсэндээ, зочломтгой занд тань баярлалаа.

Энэ хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалтууд хийлээ. Өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнэж, олон чухал асуудлыг хэлэлцлээ. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр бид санал нэгдлээ. Бид нийтлэг ашиг сонирхолтой холбоотой асуудлуудын талаар ярилцлаа.

Хурлын хажуугаар маш олон хоёр талт уулзалтууд боллоо. Эцэст нь хурлыг зохион байгуулсан Монгол Улсад баярлалаа. Үнэхээр мэргэжлийн түвшинд зохион байгууллаа.

Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо:

-Өнгөрсөн хоёр өдрийн турш бид ямар хүнд хэцүү цаг үед амьдарч байгаа вэ гэдгийг харуулсан зарим үйл явдал боллоо. Тивүүд хоорондоо хамтарч ажиллах хэрэгтэй байгааг санууллаа.

Францад, Туркэд болсон гунигтай явдлууд бүх дэлхийд хамаатай. Би Монголын Засгийн газарт, монголчуудад зочломтгой найрсаг занд нь маш их талархлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид тусгайлан талархал илэрхийлье. Биднийг хүлээн авч, хурлыг дараглж явуулсанд баярлаж байна.

Миний хувьд АСЕМ-ийн дээд түвшний  уулзалтад оролцох нэр төрийн хэрэг байлаа. Бид олон чухал сэдвээр ярилаа. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд байгаль орчны асуудлууд гэх мэт байлаа.

Ирэх 10 жилд АСЕМ-ыг улам сайжруулж, урагшлуулахын төлөө бэлэн байна. Ноён Ерөнхийлөгч таны найрсаг занд маш их баярлалаа гэлээ.

Мэдээллийн дараа хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Асуулт: –Далай, тэнгисийн эрх зүйн байдал, чөлөөтэй зорчих асуудал, ялангуяа Хятадын Өмнөд тэнгистэй холбоотой асуудлаар юу ярьсан бэ? Ямар орон энэ талаар санаа зовниж байгаагаа хэлсэн бэ?

Доналд Туск: -Хятадад болсон дээд түвшний уулзалтаар Европ, Хятадын тал энэ талаар ярилцсан. Асуудлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу явуулахаар ярилцсан. Европын холбоо энэ конвенцийн гишүүн. Бид нар бүх үйл явцыг хууль тогтоомжийн дагуу Гаагийн шийдвэрээр явах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Шийдвэрийг шүүх гаргана. Европын холбооны дээд төлөөлөл мэдэгдэл гаргасан. Аль болох зөв шийдвэр олохын төлөө явах хэрэгтэй. Энд оролцож байгаа талуудын эрх ашгийг бодолцох нь чухал юм. Энэ бол санал нэгдэхэд амаргүй асуудал. Мэдээж бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй чнайдвар харагдаж байгаа.

Асуулт: -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууя. Ноён Ерөнхийлөгч өө, хаалттай хуралдаанаар хамгийн чухал ямар асуудал ярьсан бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Олон сэдвээр ярьсан. Даргын мэдэгдлээс та энэ тухай мэдээлэл авах боломжтой. Бид үзэл бодлоо үүнд тусгасан байгаа. Хурлыг даргалагчийн хувьд бидэнд олон орон энэ асуудлыг оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд тавьж хандсан. Нэлээд нухацтай хэлэлцүүлэг явуулсан. Туршлагатай олон дипломатч санал нэгдсэний үндсэн дээр Даргын мэдэгдлийг гаргасан.

Бүх асуудал дээр санал нэгтэй байгаагүй ч хүн бүр саналаа илэрхийлсэн нь их чухал. Баярлалаа.

Асуулт: - Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байна. Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэр зохион байгуулав?

Жан-Клод Юнкер: -Би өмнөх 10 хуралд бүгдэд нь оролцож байсан. Монголд болсон АСЕМ-ын уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа гэж бодож байна. Сайн зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч ийм байх боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Хоёр талын уулзалтуудыг маш олноор зохион байгуулсан. Энэ үр дүнтэй байсан. Дэлхийн хэмжээний хөгжим тоглосон процесс Монголд боллоо гэж хэлж болохоор байна. Бас Монгол Улсын нэр хүндийг маш их өргөж өгсөн хоёр хоног байлаа. Би Монгол бол том газар нутагтай улс гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа.

Асуулт: -Турктэй холбоотой асуулт байна. Турк бол Европын холбооны гишүүн болох боломжтой улс. Турктэй холбоотойгоор Европын холбооны бодлогод ямар нэг өөрчлөлт орох уу? Ерөнхийлөгч Р.Эрдоантай холбогдсон уу?

Жан-Клод Юнкер: -Туркийн хувьд бэрхшээл, сорилт тулгарч байна. Үүнийг хэзээ ч зэвсгийн аргаар шийдвэрлэж болохгүй. Цэргийн эргэлт гэдэг бол орчин үед байх ёсгүй зүйл. Ардчиллыг өөр дэглэмээр солих боломжгүй. Хуулийн засаглалыг сольж болохгүй. Ямар үр дагавар гарах бол гэдэг дээр бид ярилцсан. Станбулын одоогийн процессыг харахад Засги н газар нь байдлыг хяналтдаа оруулсан байх шиг байна. Энэ хямралын дараа Турк ямар улс болох бол гэдэг асуудал байна. Энэ нь тухайн орны удирдлага яаж ажиллахаас шалтгаалах байх. Энэ бол Турк төдийгүй нийт бүс нутгийн хувьд чухал асуудал юм. Турк, Европын холбооны харилцаанд ч хамаатай асуудал. Бид Турк Улс бүх талбарт манай сайн түнш хэвээрээ байна гэж найдаж байна.

Одоогоор энэ тухай ярихад хэтэрхий эрт байна. Саяын үзэгдлээс гарах үр дагаврыг бид мэдэхгүй байна.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ "Хурлын төгсгөлд би хоёр зүйл хэлье. Ажлын хэсэгт ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцсон бүх хүнд бүгдэд нь баярлалаа. Үйлчилгээ, хамгаалалтад ажилласан бүх хүнд баярлалаа. Та нар үнэхээр сайн ажиллаа.

Би Европын холбоонд талархаж байна. Бусад орны Засгийн газар, хамтарч ажилласан улс орнуудад үнэхээр их баярлалаа. Та бүхний тусламжтайгаар АСЕМ-ийг Монгол оронд  амжилттай зохион байгууллаа. Бүх монголчууддаа, бүх сайн дурынхандаа, энд ажилласан бүх хүнд баярлалаа. Бие биеэсээ олон зүйлийг сурлаа. Сурсан зүйл маань бидэнтэй хамт үлдэнэ. Энэ бол нэг төрлийн хөрөнгө оруулалт юм. Сурсан зүйл Монголд үлдэнэ. Өчигдөр нэг залуу маш бахархалтайгаар “Бид олимпийн наадмыг зохион байгуулж чадна” гэж хэлсэн. Бид 2050 онд Олимп зохион байгуулахаар мөрөөдөж байгаа. Энэ бидний зорилго. Бидэнд сэтгэлийн дэм, урам өглөө. Үүнд баярлалаа.

АСЕМ-д 2000 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 700 гаруй төлөөлөгч ирлээ. Та бүхэн тавтай сайхан аялаарай. Баярлалаа" гэв.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emegtei  2016-07-18 10:35:58
    ASEM manai ulsiin nerxundiig delxii daxind orgoj ogloo enenees iluu zuil yu bxaw de. ASEM mandtugai!!!!!
  • oyun 2016-07-17 18:38:23
    ASEM mongol ulsiin ner hundiig urguj ugluu
  • зочин 2016-07-17 08:07:27
    Хүний хоол үнэгүй идэж,юм үзсэн хүн ямар хүн муултай биш дээ.Харин манай улс иргэдээ аятайхан амруулж, барьсангүй бас баахан шатах шив.