Анкара дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

Турк Улсад болсон цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбогдуулж Анкара дахь Монголын ЭСЯ-наас дараах мэдэгдлийг гаргажээ.


Мэдэгдэлд "2016 оны 7 сарын 15-ны оройн 23 цагийн үед эхэлсэн Туркийн төрийн эрхийг цэргийн хүчээр авах гэсэн оролдлого 4 цаг гаруй үргэлжилж, 7 сарын 16-ны өглөөний 3 цаг 30 минутын үед дарагдав. Тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган амарч байгаад энэ үед буюу 3 цаг 30 минутын орчимд Истанбул хотод нисэн ирж, телевизээр үг хэлж, төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүй болсон тухай мэдэгдэв. Энэ оролдлогыг АНУ-д орогнон суугаа шашны номлогч Фетуллах Гүлений “Хизмет” хэмээх хөдөлгөөн зохион байгуулсныг тэрбээр илчлэн зарлав.

7 сарын 16-ны өглөө 8-9 цагийн үед Анкара хот дээгүүр цэргийн нисэх онгоц хэд хэдэн удаа нислэг хийсэн бөгөөд энэ нь чухам ямар учиртай нислэг болохыг одоогоор мэдэж амжаагүй байна. Туркийн зарим сонин энэ өглөө хэвлэгдэн гарсангүй. Манай ЭСЯ-ны захиалдаг сонин ч ирсэнгүй.


Туркийн веб хуудсуудаас үзэхэд 7 сарын 16-ны өглөөний 9 цаг 40 минуутын байдлаар цэргийн эргэлт хийх гэж оролдсон 1374 хүнийг баривчилсан байна.

Анкар, Истанбул хотод өнгөрсөн шөнө болсон мөргөлдөөнүүдийн улмаас 90 хүн алагджээ. Түүний дотор дотоодын цэргийн /жендармер/ 16 албан хаагч удирдлагынхаа төв байранд амь үрэгдсэн байна.

Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Хулуси Акариг барьцаанаас чөлөөлсөн гэж үүрээр мэдээлсэн ч одоогоор тэр яг хаана байгаа нь тодорхойгүй байна. 1 дүгээр армийн командлагч Үмүт Дүндарыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Тус ЭСЯ өнгөрсөн шөнийн турш ажиллаж, мэдээлэл олж төвд дамжуулах, Туркт суугаа иргэдтэйгээ холбоо барих, тэдэнд нийгмийн сүлжээгээр мэдээлэл, анхааруулга өгөх зэргээр ажиллав. Төвд 8 шуурхай мэдээ явуулав.

Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр гарсан мөргөлдөөнүүдэд манай иргэн өртсөн тухай мэдээлэл алга байна.

Өнөө өглөөнөөс Истанбул дахь Ататуркийн нэрэмжит нисэх буудал ажиллаж эхэлсэн тухай зарим веб хуудсанд мэдээлжээ" гэв
 

Анкара дахь ЭСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.