Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ гишүүд тангаргаа өргөв

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ гишүүд тангаргаа өргөв. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалдаг ёсоор МАН-ын гишүүн Ч.Улаан чуулганыг даргалж явуулсан юм. 
УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томиллоо

УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. Тодруулбал, УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлж, хуралд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжиж М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон юм. Түүнчлэн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийг байнгын хороодод хуваарилсан. 76 гишүүн найман байнгын хороонд хуваарилагдан ажиллах юм.

УИХ-ын дэд дарга нарыг томиллоо

Анхдугаар чуулганаар УИХ-ын дэд дарга нарыг томиллоо. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг, АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарыг нэр дэвшүүллээ.Ингээд УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн Ц.Нямдоржийг гишүүдийн 97.1 хувиар, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг 95.8 хувиар тус бүр дэмжиж баталлаа.
 
Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд боллоо

Өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилсон. Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг томилохыг дэмжсэн юм. Түүнийг МАН-ын бага хурлаар Монгол улсын Ерөнхий сайдаар томилох санал гаргасан. Уг саналыг Монгол улсын ерөнхийлөгчид танилцуулсан. Үүний дагуу баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж Ж.Эрдэнэбатыг Монгол улсын ерөнхий сайд болохыг дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар буюу хуралд оролцсон гишүүдийн 97.1 хувь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томиллоо.
 
  НИТХ-ын даргаар Ц.Сандуй томилогдлоо

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Нийслэлийн МАН-ын бүлгээс НИТХ-ын хуралд Ц.Сандуйг нэр дэвшүүлж, олонхийн саналаар НИТХ-ын даргаар томиллоо. Хуралд оролцогчид түүнээс асуулт асууж дууссаны дараа ийнхүү НИТХ-ын даргаараа сонгож, Нийслэлийн ИТХ-ын даргын тамга тэмдгийг Ц.Сандуйд Э.Бат-Үүл гардуулж өгсөн юм.
 
Хотын даргаар Су.Батболдыг томиллоо

Нийслэлийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган энэ сарын 6-нд хуралдаж хотын даргаар Су.Батболдыг томиллоо. Тэрбээр, 2002 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа МАН-ын урдаа барьдаг лидерүүдийн нэг. 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн түүнийг М.Энхболдын Засгийн газрын ЗГЭХГ-ын дарга юм уу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн оронд ажиллана гэх бор шувуу нисч байв. Тэгвэл МАН-ын УЗ-ын хуралдаанаар Нийслэлийн засаг дарга болон ИТХ-ын даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцэж, Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Су.Батболд, нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын нэрийг дэвшүүлсэн юм.
 

Удтал хүлээлгэсэн АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томиллоо

УИХ-ын чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Хүрэлсүхийн Энхжаргал нь НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэжээ. Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа юм байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо. 

 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.