Өнөөдөр бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчин өдөр

Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэхүү дүйчэн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьдог.

Алив хүн буян шамдаж, хилэнцийг тэвчие хэмээвээс 10 хар нүгэл гэж ямар үйлүүд болохыг мэдэх хэрэгтэй ба ийнхүү мэдсэнээр хоригдохуун болсон 10 хар нүглийг тэвчиж, оногдохуун болсон 10 цагаан буяны чуулганыг хураах үндэс суурь тавигдах нь зүй ёсных билээ. Иймийн тул "Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн" өдөр мөн цаашлаад өдөр тутам 10 хар нүглийг санан санан хорьж, 10 цагаан буяны бодон бодон хурааж, амьтны тусад төгс гэгээрсэн Бурханы хутгийг олоорой хэмээн ерөөж, эрхэм Монгол хүн танд энэхүү бие, хэл, сэтгэлийн үйлийн тийн ялгалыг сонордуулж байна.
 

Энэхүү өдөртэй холбогдуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдээс "НОМ ДОР МӨРГӨМҮ" эрдэм соёлын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

ХӨТӨЛБӨР

Өглөө 05:30-07:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн олонд хайрлана.

Монголын үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-гээ олон нийтэд 10:00-16:00 цагт үнэ төлбөргүй үзүүлнэ.

16:00-16:30 цагт лам хуваргууд Бурхан багшийн магтаал уншиж, Бурхан чухаг дээд гуравт мандал өргөнө.

16:30-16:40 цагт Өндөр гэгээний Монголчуудын эв нэгдэл, мандан бадралын тухайд зохиосон “Цагийг тохинуулах залбирал” номыг нийтээрээ уншина.

17:00-17:30 цагт “Бурхан багшийн товч намтар” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.

18:00-18:30 цагт Бурхан багшийн анхлан айлдсан “Хутагтын дөрвөн үнэн” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.

19:00-19:30 цагт Монгол түмний ялгамжаат шүтээн “Хутагт Алтангэрэл судрын тус эрдэм” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.

13:00-20:00 цагт “Маани Мигзэм” хөгжөөх, Хутагт Алтангэрэл судраас урин унших, дуугүй маани тоолох, сүсэгтэн олноор цэцгэн, усан тахил өргүүлэх зэрэг буян номын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Монголын үндэсний төв номын сан дээр хэрэгжиж буй “Баринтаг” төслийг дэмжиж тус номын сангийн ном бүтээлд баринтаг өргөх хүсэлтэй хүмүүсийн баринтагийг Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд хүлээн авна. Баринтагийг шууд худалдаж авч өргөж болох ба эсвэл гэрээсээ авчирч өргөх боломжтой.

Бурханы шашны номын үзэсгэлэн худалдаа гарна.

20:00 цагт сүсэгтэн олонтойгоо хамт Гандан хийдээ гороолж хураасан буянаа даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө мөн эх болсон хамаг амьтны тусад зориулснаар Бурхан багшийн Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн эрдэм соёлын үйл ажиллагаа өндөрлөнө.

Ерөнхий зохион байгуулагч:
МБШТөв Гандантэгчэнлин хийд, Жавзандамба Хутагт Төв, Таныг буянд даган баясъя төв, Буяны чуулган клуб

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.