Наадмын тасалбарыг шагчдаас хамгаалж чадсан уу
Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг өмнөх жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэлэг хэв маягаар хийнэ гэдгийг баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлээд байгаа. 

Тэгвэл наадмын тасалбарыг долдугаар сарын 6-ны өглөөнөөс буюу өчигдрөөс  Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлсэн. Наадмын нээлт үзэх тасалбар 24, 20,16 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм.

Харин наадам үзэх багц тасалбар буюу долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд наадмын нээлт болон бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь суудлын байршлаас хамааран сүүдрэвчтэй хэсгийнх нь 24 мянга, сүүдрэвчгүй хэсгийнх нь 16-20 мянган төгрөгийн үнэтэй байгаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэн 12.500 хүний суудалтай бөгөөд үүний тал хувь нь сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Өнгөрсөн жилээс  таваас дээш насны хүүхдийг том хүнтэй адил 16-24 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авахыг шаардаж байгаа юм байна. Иргэд баяр наадам үзэх тасалбараа авах гэж Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний үүдэнд 3-5 хоногийн өмнө ирж, дугаарлаж байгаа бөгөөд тасалбар борлуулах ажлын зохион байгуулалт муу байгаа талаар иргэд бухимдалтай байсан юм.

Учир нь өчигдөр өглөөнөөс худалдаална гэж байсан  ч 10 цаг хэдийн өнгөрчихсөн байхад тасалбараа худалдаалж эхлэхгүй, хүнд суртал гаргаж байсныг иргэд ихээхэн шүүмжилсэн. 

Баяр наадмын тасалбар худалдаанд гарахтай зэрэгцэн шагчдын асуудал сөхөгддөг. Өнгөрсөн жилээс шагчдаас сэргийлж нэг хүнд дөрвөөс илүү билет худалдахгүй байх шийдвэрийг гаргасан. Гэсэн хэдий ч  шагчид  сүлжээ маягийн зүйл үүсгэчихээд наадмын тасалбарыг хэдэн арваар нь гартаа оруулж байгааг иргэд хэлж байна. 

Өнгөрсөн жил халуун наранд хэдэн цагаар дугаарлаж  зогссон ч билет авч чадаагүй хүмүүсийн дунд хөгшин аавыгаа бөх үзүүлэхийн тулд шагийн тасалбарыг 120 мянгаар авч өгсөн хүн ч байсан юм. Шагчид хэдэн арваар нь тасалбар гартаа оруулаад санаанд орсон тоогоо хэлж суудаг. Ямартай ч өнгөрсөн жилүүдэд 120 мянга хүрч байсан билет энэ жил хэд болохыг тааж мэдэх аргагүй. Энэ жилийн тухайд наадмын дараа залгуулаад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт байгаа тул баяр наадмын өдрүүдэд манай оронд гадаадын маш олон иргэн  жуулчлах төлөв байгаа. Тэд ч  Монголын Үндэсний их  баяр наадмыг үзэхийг хүсэх нь мэдээж. Харин тэдэнд тасалбар олдох нь юу л бол. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.