Хэт халуун өдрүүд үргэлжилнэ
Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бороо хуртай байх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул ард иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэлийг дагуулж байна. Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар оролцсон юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 10 хүртэл ихэнх нутгаар 32-39 градус хүрч халах бөгөөд долоодугаар сарын 8, 9-нд нутгийн зүүн хагаст 35-40 градус хүрч, их халуун үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Харин Үндэсний их баяр наадмын үеэр нар хур тэгширсэн сайхан өдрүүд болно. Гэхдээ долоодугаар сарын 13-наас цаг агаар өмнөх өдрүүдээс сэрүүсэн, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Ийнхүү хэт халалтын дараагаар сэрүүсэх нь үер усны болон мөндөр, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох магадлалтай гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар усанд осолдсон гэх дуудлага 32 удаа гарч 39 хүн (хүүхэд-13, насанд хүрэгсэд-26) амь насаа алдсан бол өнгөрсөн хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Завхан аймагт иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас 3 хүн гол усанд осолдож амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Одоогийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн нуур үерлэсэн. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эхтэй Ховд, Буянт, Завхан, Байдраг, Идэр, Эг, Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Туул Тэрэлж зэрэг голуудын усны түвшин  олон жилийн дунджаас 10-97 см-ээр нэмэгдсэн байна.

Мөн Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа тул ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сануулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.