АСЕМ-ын үеэр цагдаагийн 5000 албан хаагч ажиллана

АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.
 
АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний бэлтгэл ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна вэ?
 
-Ази Европын 11 дүгээр уулзалтаар ирэх зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2014 оны арванхоёрдугаар сараас бэлтгэл ажил эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд 19 бүлэг 125 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Бэлтгэл ажил 91.5 хувьтай явж байгаа. Үндсэндээ хурлын аюулгүй байдлыг хангаж ажиллахад цагдаагийн байгууллага бэлэн болсон гэж хэлж болно.
 
-Уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажлуудаас дурьдвал?
 
-Монгол Улсад зохион байгуулагдах энэ дээд хэмжээний хурал дэлхий нийтэд манай орныг сурталчлах, хөрөнгө оруулалт татах томоохон ач холбогдолтой. Иймд зөвхөн цагдаагийн байгууллагаар зогсохгүй төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна. Төрийн байгууллагаас хамгаалалтын ажиллагаанд ашиглах техник технологийг нэвтрүүлсэн.
 
Мөн АСЕМ-ын хурлын үеэр буюу хурлын дараа хэрэглэгдэх эргүүлийн автомашин 52 приус машинаар нэмэгдсэн байгаа. Хууль зүйн сайдын тушаалаар олон нийтийг хамарсан урлаг соёл, сонгууль, баяр наадмын хамгаалалтын үед ажиллах бүрэн тоноглогдсон Нэгдсэн удирдлагын төв буюу нэгдсэн штабтай болсон. Түүнчлэн бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй уялдуулан цагдаагийн байгууллагаас хэд хэд том ажлыг гүйцэтгэлээ.
 
-Уулзалтын үеэр цагдаагийн байгууллага хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах вэ?
 
-Цагдаагийн байгууллагуудаас 5000 орчим албан хаагч ажиллана. Үүнээс төв орон нутгийн цагдаагийн газрын хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр 570 орчим алба хаагчид нэмэгдлээр оролцуулж байгаа. Мөн олон нийтийн цагдааг 224, оюутан цагдаа 130, сайн дурын 150 орчим иргэн хамгаалалтын үйл ажиллагаанд татаж оролцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, баяр наадам болон АСЕМ-тай холбогдуулан энэ сарын 9-18-ны хооронд иргэд болон АСЕМ-ын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болж байна.
 
-Цагдаагийн алба хаагчдад АСЕМ-тай холбоотой сургалт явуулсан гэсэн. Ямар ямар сургалт явуулсан бэ?
 
-Ээлж дараатай олон төрлийн сургалт зохион байгуулсан. Ялангуяа аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарсан. Мөн гэмт хэргийн зөрчлийн талаар мэдээ мэдээлэл авах, нийтййг хамарсан эмх замбараагүй байдал, хамгаалалтын үед ажиллах болон цагдаагийн байгууллагын ажилтны хувийн ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтууд орсон. Түүнчлэн шннэ дэвшилтэт техник, технологийг ашиглах чиглэлээр сургалтууд орж байна. Олон нийтийн цагдаа болон оюутан цагдаа, сайн дурынханд хамгаалалтын үйл ажиллагаатай холбоотой сургалт орсон байгаа.
 
-Замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Зам хаахуу?

 
-Хамгаалалтын  бүсүүд зарлагдсан. Үүнд “АСЕМ Вила” хотхон, нисэх буудал руу явах чиглэл, Шангри-Ла зочид буудал зэрэг хурлын арга хэмжээ болох газруудаар тодорхой хэмжээгээр хуваарийн дагуу замууд хязгаарлагдана. Гэхдээ иргэдийг замын хөдөлгөөнөөр зорчиход хүндрэл учруулахгүй байх үүднээс Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжид заасны дагуу зохицуулсан байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр иргэд эдгээр цагуудад өөрсдийн ажлаа зохицуулахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилсан байдлаар Улаанбаатар хотын дотор 1100 орчим камерыг хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглахаар суурилуулсан.
 
-АСЕМ-тай холбоотой иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хотоос нүүлгэнэ гэсэн мэдээлэл цадагдаж байсан. Энэ үнэн үү?
 
-Худал мэдээлэл. Тодорхой хамгаалалт хийх газруудаараа цагдаагийн байгууллагын албан хаагчид хамгаалалтаа гаргах болно. Ямар ч нүүлгэлт шилжүүлэлт хийхгүй, мөн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй.
 
-Дугаарын хязгаарлалтад өрчлөлт орох уу?
 
-Дугаарын хязгаарлалт өмнөх зарчмаараа явна.
 


Монголын мэдээ
Б.Номин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.