Евро 2016: Реалын оддын хэн нь шигшээ багаа финалд хөтлөх вэ
Франц улсад зохион байгуулагдаж буй Евро 2016 тэмцээн өндөрлөх дөхөөд байна. 15 дахь удаагийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдан хүч үзсэн бол өдгөө шилдэг дөрвөн баг тодроод байгаа. Хагас шигшээ тоглолт Португал Уэльсийн багийн тоглолтоор манай цагаар 2016.07.07-ны өдөр үүрийн 04:00 цагаас эхэлнэ. Тус тоглолтыг дэлхий нийт хүлээж буй. “Реал Мадрид”-ын одод өөр өөрийнхөө улсын нэрийн өмнөөс ногоон талбайд хэрхэн өрсөлдөж, чухам хэн нь  шигшээ багаа аваргын төлөөх өрсөлдөөнд хөтлөх вэ гэдэг хамгийн их анхаарал татаж буй. 

Дэлхийн шилдэг тамирчны шагналыг гурван ч удаа хүртэж байсан К.Роналдогоор ахлуулсан Португалийн шигшээ багийг энэ тэмцээнд тун ч азтай оролцож байгаа хэмээн хэлэх хүн цөөнгүй бий. Гэвч тэд довтолж ч , хамгаалж ч  хүссэн үр дүндээ хүрч чадна гэдгээ өмнөх тоглолтуудаараа харуулсан.  Харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй ирсэн ч тэдэнд туршлага дутаагүй бөгөөд харин ч  залуучууд хангалттай сайн тоглолтыг үзүүлж байгаа нь тэднийг шигшээ тоглолтод хүрч чадахгүй гэх олон хүний таамгийг үгүй хийж мэдэх юм. Төвийн хамгаалагчийн гол хүн У.Карвалио хуудасны улмаас  хагас шигшээн хариуцлагатай тоглолтод оролцож чадахгүй болсон нь Португалчуудад том гарз болж мэдэх талтай. Гэхдээ тактикийн мэргэжилтэн гэгддэг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ф.Сантос түүнийг хэрхэн яаж орлуулахаа бодчихсон биз ээ. 



Европын Бразилчуудын хувьд тэмцээний “F” хэсэгт Австри, Исланд, Унгарын багуудтай таарсан. Тэд хэсгийн эхний тоглолтоо Исландтай хийж 1:1 харьцаатай тэнцсэн. Хоёр дахь тоглолтоо Австрийн багтай хийж, мөн л хожил авч чадалгүй 0:0 харьцаатай тэнцсэн бол гурав дахь тоглолтод Унгарын багийг илүүрхсэн ч мөн л 3:3 харьцаагаар тэнцсэн. Хэдийгээр хэсэгтээ нэг ч хожил аваагүй Португалчууд хэсгийнхээ гуравдугаар байраар шалгарсан юм. Ингээд шөвгийн 16-д Хорватын хүчирхэг багтай тун хүнд тоглолтыг хийж, үндсэн цагт тэнцэж, улмаар  цаг сунган тоглож эцсийн мөчид Р.Куарежмагийн  оруулсан гоолын ачаар шөвгийн наймд орох эрхээ өвөртөлсөн. Харин шөвгийн наймд Р.Левандовскийгоор ахлуулсан Польшийн  хүчирхэг багтай  тун хүнд тоглолтыг хийж үндсэн болоод нэмэлт цагт 1:1 харьцаагаар тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор ялалт авч, ийнхүү хагас шигшээд шалгараад байна. 

Тэдний өрсөлдөгчдийн хувьд энэ тэмцээнд анх удаа оролцож буй Уэльсийн шигшээ багийг ийм хол явна хэмээн олон хүн бодоогүй ч тэд  гайхалтай тоглолт, дэлхийд танигдсан шилдэг тоглогчийнхоо ачаар хагас шигшээ хүртэл явж ирсэн. Тэдэнд тивийнхээ аваргын тэмцээний финалд шалгарахад ердөө ганцхан  хожил хэрэгтэй. Гэвч өнөө шөнийн хариуцлагатай чухал тоглолтод багийн шилдэг тоглогч А.Рамзи тоглохооргүй болсон. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч  Реал Мадридын супер од Г.Бэйл урьдын адил шигшээ багтаа том тус хүргэж шигшээд хөтөлнө хэмээн олон хүн итгэлтэй байна. 



Луунуудын хувьд тэмцээний В хэсэгт Англи, Словак, ОХУ-ын багуудтай тун хүнд  гэж хэлж болохоор хэсэгт орсон ч хэсгээсээ нэгдүгээр байраар гарч чадсан. Хэсгийн эхний тоглолтоо Словактай хийж 2:1 харьцаатай ялж гурван оноо авсан бол хоёр дахь тоглолтоо Английн багтай хийж 2:1 харьцаатай ялагдсан. Гэсэн хэдий ч сүүлийн тоглолтоо ОХУ-ын эсрэг хийж 3:0 харьцаагаар  буулгаж аван, улмаар  хэсгээ тэргүүлэн гарч ирж, шөвгийн 16-д Умард Ирландын багтай тоглож 1:0 харьцаатай хожиж шөвгийн наймд шалгарсан юм. Харин шөвгийн наймд  дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Бельгийн хүчирхэг багтай хийж, 3:1 гэсэн санаанд оромгүй үр дүнгээр ялалт байгуулж, хагас шигшээд шалгараад байна.  

 Гал гарсан  хагас шигшээн тоглолт Португал Уэльсийн шигшээ багуудын тоглолтоор ийнхүү эхэлнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.