Даатгалд хамрагдаагүй унаач хүүхдүүдийг морь унуулахгүй

Үндэсний баяр наадам ойртож байгаатай холбоотойгоор Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо болон “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын төлөөлөгч нар хуралдаж, унаач хүүхдийн аюулгүй байдал бөгөөд хурдан морины уралдааны хөтөлбөрийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААЯ-ны Бодлого хэрэгжүүлэлтийн газрын мэргэжилтэн Н.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Хурдан морьдын уралдааны хөтөлбөр гарсан байх. Хэдэн хэдний өдөр ямар насны морь уралдах вэ?
 
-Үндэсний их баяр наадмын хуулийн эрх үүргийн дагуу хурдан морины уралдааны хөтөлбөрт долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн 11-нд азарга, их насны морь, 12-нд соёолон, даага гэсэн зургаан насны ангилалаар уралдуулна. Харин 13-ны өдөр шинэ монгол адуу буюу бидний нэрлэж заншсанаар эрлийз морьдыг дээд, дунд, бага гэсэн насны ангилалаар уралдуулахаар хөтөлбөр гарсан байгаа. Морьдын уралдааны үеэр наадамч олондоо үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хүй долоо хутагт 13-ны өдөр Жороо морьдын тойргийн уралдааныг зохион байгуулна.
 
Мөн 10, 11, 12, 13-ны өдрүүдэд морьд уралдах зурхай руу явж байх хооронд наадамчиддаа зориулж “Морьтоны гайхамшиг” тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хурдан морьдыг нас насны ангилалаар зохих зайд уралдуулна. Азарга, соёолон насны морьдыг 23, их насны морьдыг 25, хязаалан насны морьдыг 18, шүдлэн насны морьдыг 14, даагыг 11 км зайд уралдаална. Морь уралдаж байх явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тав, эмнэлэг, мал эмнэлгийн нэг, морь тайлбарлагчийн машинууд дагаж явна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн таван машиныг “Хурдан морины салбар хороо”-ноос гаргаж өгнө.
 
-Унаач хүүхдийн унаж бэртэх тохиолдол гарах магадлалтай байдаг. Тийм болохоор эмнэлгийн байгууллага өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах байх?
 
-Унаач хүүхдүүдийг дагаж эмнэлгийн машин явна. Эмнэлгийн машин дотор Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтан хамт явахаар болсон байгаа. Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Хүүхдийн төлөө үндэсний газар”-аас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хүүхдийн насны ангилалын асуудал болон хамгаалалтын хувцасны чанарын стандарт, эрүүл мэндийн даатгалын талаарх асуудлыг урьд жилүүдийнхээс илүү сайн хянан шалгаж ажиллахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаж дуусч байгаа.
 
-Тавиач хүүхэд унаж бэртэх тал дээр анхаарал хэр анхаарал хандуулж байна?
 
-Наадам болон морины комисс энэ тал дээр онцгой анхаарахаар ярилцаж байгаа. Өнгөрсөн жил 20 гаруй ажилтан байсан бол энэ жил 30 гаруй болгож нэмсэн. Нэмэгдсэн 10 гаруй ажилтан зөвхөн тавиач хүүхдүүдэд анхаарч ажиллана.
 
-Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг яаж хангаж ажиллах вэ?

 
-Хурдан морины салбар хороо морийг будилаангүй уралдуулах, ялангуяа унаач хүүхдүүдийн хувцасны стандартыг маш сайн анхаарч ажиллана. Малгай, цээживч, өвдгөвч, тохойвчтой хамгаалалтын хувцастайгаас гадна эмээлтэй унана гэсэн стандарттай байгаа. Энэ стандартыг   баримталж ажиллана. Унаач хүүхэд, уяач, эцэг эх, хүүхдийн байгууллага гэрээ хийж ажиллана. Морь унаж байгаа хүүхэд заавал даатгалтай байх ёстой, даатгалгүй, хувцасны стандарт хангаагүй хүүхдийг морь унуулахгүй.
 
-Монгол морьд, эрлийз морьдыг уралдуулах журмын талаар?
 
-Үндэсний баяр наадмын салбар хороо хуралдаад энэ жил монгол морьдыг эрлийз морьдоос ялгах журмыг ярилцаад, 05 тогтоолоор батлагдсан “Монгол морьдыг эрлийз морьдоос тусад нь уралдуулах журам”-ыг баримталж ажшшахаар бэлтгэл ажилдаа орсон.
 
-Монгол морьдоос эрлийз морьдыг яаж ялгах вэ?
 
-Морьдыг ялгахдаа морины ерөнхий биеийн галбир, сэрвээний өндрөөр ялгана. Ерөнхий биеийн галбир гэдэгт нь толгойн хэмжээ, хүзүүний суулт, дэл, сүүл зэрэг орно.
 
-Эрлийз морьдын биеийн галбир ямар байвал уралдаанд оролцуулах вэ?

 
-Эрлийз морьдыг сэрвээний өндрөөр нь эрлийз гэдгийг мэдэж болно. Азарга соёолон 140, их нас 141, хязаалан 137, шүдлэн 132, даага 127 см өндөртэй байвал эрлийз морьдыг уралдуулна.
 
-Уралдааны морьдын бүртгэлийг яаж авах вэ?
 
-Морь бүртгэлийн хувьд нийт уяачиддаа анхааруулахад, баяр наадмын хөтөлбөрийн дагуу морьдоо цагт нъ авчирч, сэрвээний өндрийг хэмжүүлж, үйлдвэрлэг байддыг тогтоолгоно. Хугацаанаас хоцорсон, тэмдэглэлт хийлгээгүй морьдыг уралдуулахгүй гэж заасан. Сэрвээний өндрийг хэмжихдээ унаач хүүхдийг буулгаж байж хэмжих ёстой юм. Сэрвээний хэмжээ үйлдвэрлэг байдлыг хангаагүй бол тэнцэхгүй гэж үзнэ.


Монголын мэдээ
Ц.Солонго

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.