Иргэн хүсвэл ямар ч хөрөнгөө өвлүүлэх боломжтой
Өв залгамжлах эрх болон хэрхэн өв залгамжлуулах талаар УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга А. Туяагаас тодрууллаа.
 
-Өв залгамжлах эрхийн талаар тайлбарлаж өгөхгүй юу. Ямар тохиолдолд өв залгамжлуулдаг юм бэ?
 
-Өв залгамжлал нь хууль ёсны болон гэрээслэлээр гэсэн хоёр хэлбэртэй. Хууль ёсны гэдэг нь хуулийн дагуу нас барагчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг эх нь эд хөрөнгийг өв залгамжилж авахыг хэлдэг. Харин гэрээслэлээр гэдэг нь тухайн хүн гэрээслэл бичиж, нотариатаар гэрчлүүлсэн нөхцөлд үүсдэг. Өөрөөр хэлбэл, гэрээслэл бичиж үлдээсэн тохиолдолд гэрээслэлд заасан хүн л өв залгамжлах эрхтэй. Ер нь нотариат дээр өвлөх эрхийг тодорхойлж өгдөг. Тэрнээс биш манайд шууд бүртгүүлэх боломжгүй. Нотариатаас өгсөн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж манайд бүртгэдэг.
 
-Өв залгамжлах асуудлаар иргэд танайд хэр ханддаг вэ?
 
-Монголчууд сүүлийн хэдэн жилийн дотор өвлүүлэх хөрөнгөтэй болж байна. Өвлөх тухайд нэг талаас бидэнд практик байхгүй. Нөгөө талаас муу ёр гэж үздэг уламжлалт сэтгэлгээний асуудал байна л даа. Гэхдээ зайлшгүй өвийн асуудлыг хөндөж, иргэд үүнийг ойлгох хэрэгтэй. Иргэд тодорхой хэмжээний хөрөнгөтэй болж байна. Түүнийг дагаад өвийн асуудал нэлээдгүй хөндөгдөх болж. Шүүх, хуулийн байгууллагад өвлөх эрхийн асуудлаар маргаан маш их гардаг. Манай байгуулагад ч мөн адил “Миний өвлөх ёстой хөрөнгийг өөр хүн бүртгүүлчихсэн байна” гэсэн гомдол, маргаан их ирдэг.
 
Тэгэхээр иргэд цаашид өв залгамжлах, өв залгамжлуулах тухай ойлголттой болох байх л даа. Манай оронд хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, Иргэний тухай хуулиар өвийн асуудлыг зохицуулж байна. Мөн нотариатийн тухай хуулиар нотариатчид өвийг нь тогтоож байгаа. Хамгийн гол нь иргэд өв залгамжлалын талаарх зөв ойлголттой байх хэрэгтэй. Үүний тулд иргэдэд хуулийг сайн сурталчлах шаардлагатай байгаа юм.
 
Ер нь гэрээслэлээр өвлөдөг залгамжлалыг иргэд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Хэрвээ би хөрөнгөө тэрэнд өвлүүлнэ гэсэн бодол тухайн иргэнд байгаа бол гэрээслэж үлдээх нь зүйтэй. Гэрээслэл бичиж үлдээгээгүйгээс гэнэт нас барсан тохиолдолд үр хүүхэд болон хамаатнуудын хооронд маш их маргаан гарч байна. Энэ нь үлдэж байгаа хүмүүст маш том асуудал болдог. Ах дүү нар шийдэж чадахгүйгээсээ болж хоорондоо маргалдаж, муудалцдаг тохиолдлууд их л дээ. Үүнээс болж хүмүүсийн хоорондох харилцаанд хүртэл маш том асуудал гарах болсон. Тэгэхээр бодит амьдрал дээр зайлшгүй өвлүүлэх, үүнтэй холбоотой асуудлууд гарч байгаа учраас иргэд муу ёр гэхээс илүү гэр бүл дотроо ярилцан гэрээслэлээр өвөө тодорхойлох хэрэгтэй. Ийм практик шаардлага байгаа нь харагддаг.
 
-Өвлөх хөрөнгөд хэмжээ заадаг уу. Тухайлбал, өвлүүлэх хөрөнгө 10 сая төгрөгөөс доошгүй байна гэдэг ч юм уу?
 
-Хуульд өвлөх хөрөнгөд хэмжээ заадаггүй. Тухайн хүнээс үлдэж байгаа хөрөнгийг хуулийн дагуу гэр бүлийн гишүүдэд өвлүүлдэг. Өвлөх хөрөнгөд юу ч орж болно. Иргэн өөрийн хүссэн хөрөнгөө өвлүүлэх эрхтэй. Тухайлбал, оюуны өмч, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, мал, гэр гэх мэтчилэн юуг ч өвлүүлж болно.
 
Хэрвээ гэрээслэл бичиж хэн нэгэнд эд хөрөнгөө өвлүүлж байгаа бол гэрээслэлийн дагуу л хийнэ. Тухайлбал, таван хүүхэдтэй хүн байлаа гэж бодьё. Тэр хүн гэрээслэл бичээд, би отгон хүүдээ эд хөрөнгөө өвлүүлнэ гэвэл тэр дагуу л хийх ёстой. Өмчийн эзэн юу гэж үзсэн байна түүнээс шалтгаална.
 
Харин гэрээслэл байхгүй бол Иргэний хуулийн дагуу тухайн хүний төрсөн хүүхэд эсвэл эхнэр, нөхөр ижил тэгш өмчийг хувааж авах эрхтэй. Хэрвээ өөрийн төрсөн хүүхэдгүй, эхнэр, нөхөргүй ганц бие хүн байсан бол дараагийн үе буюу ах дүү хамаатан, өвөө эмээ нь өвлөж авна. Гэхдээ тэр хүн гэрээслэл үлдээсэн байвал гэрээслэлийн дагуу л шийдэх ёстой.
 
-Гэрээслэлийг өөрийн гараар бичсэн байх ёсгой юу?
 
-Заавал өөрийн гараар бичсэн байна гэсэн зүйл байхгүй. Гол нь гэрээслэлээ өөрийгөө бичсэн гэдгийг баталгаажуулан гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан байх ёстой.
 
-Өв залгамжлах эрхийг улсын бүрттэлд бүртгүүлэхэд ямар материал шаардлагатай вэ?
 
-Xуульд залгамжлах эрхийн гэрчилгээ эсвэл гэрээслэл хэрэгтэй. Ингэхдээ эд хөрөнгө оршин байгаа газрын нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх ёстой. Мөн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь хэрэг болдог.

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.