Бангладешийн

Бангладешийн нийслэл Дака хот дахь нэгэн кафег зэвсэгт этгээдүүд өнгөрөгч баасан гарагийн 21.00 цагийн үед барьцаалсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүд кафег барьцаалж, хяналтаа тогтоосны дараа тус улсын хэдэн зуун цагдаагийн бие бүрэлдэхүүн кафены барилгыг 10 цагийн турш бүсэлсний эцэст дайралт хийж, тухайн хэсэгт нэг хэсэгтээ буун дуу нүргэлж буй тухай орон нутгийн эх сурвалжууд дамжуулж байлаа.
 
Энэхүү ширүүн буудалцааны үеэр цагдаагийн хоёр офицер амиа алдаж, 30 гаруй алба хаагч бэртсэн. Мөн өөрсдийгөө хэт даврагчид гэж нэрлэсэн гэмт этгээдүүд барьцаанд байсан 20 гаруй хүнийг хөнөөсөн гэдгээ мэдэгдэж байв. Гэвч ширүүн буудалцааны дараа кафе барьцаалсан этгээдүүдийн зургааг нь буудаж, нэгийг нь баривчилж аюулгүй болгосны дараа кафегаас гэм зэмгүй 20 хүний цогцсыг гаргажээ. Тэд бүгд гадаадын иргэд байсан аж. Хохирогчдын ихэнх нь буудалцаан эхлэхээс өмнө хүйтэн мэсээр зэрэмдэглүүлж нас барсан байдалтайгаар олдсон байна. Түүнчлэн цагдаагийн байгууллага аль улсын иргэд байсныг нууцалж байсан юм.
 
Харин тус улсын цэргийн генерал ШахабУддин “Францпресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Амиа алдсан 20 хүн бүгд гадаадын иргэд байсан. Ихэнх нь итали, япон хүн байсан” гэж ярьжээ.
 
Үүнээс гадна хуулийнхан барьцааны хэргийн үеэр нийтдээ 13 хүнийг сулласан бөгөөд тэдний гурав нь гадаадын иргэн байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Тэдгээр гурван гадаадын иргэний нэг нь япон, хоёр нь Шри Ланка улсын иргэн байжээ. Нийтдээ иж бүрэн зэвсэглэсэн долоон гэмт этгээд гадаадын иргэд олноороо үйлчлүүлэх кафег онилж халдлага үйлдсэн байх бөгөөд тэдний зургаа нь бямба гарагийн өглөө болсон буудалцааны үеэр амь үрэгдэж, нэг нь амьдаараа баривчлагдсан байна.
 
Хэргийн хариуцлагыг хэт даврагч “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээгээд байгаа. Тиймээс үүнтэй холбогдуулан Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина Важед мэдэгдэл хийсэн бөгөөд тэрхүү мэдэгдэлдээ “Мусульман бол энх тайван, амар амгалангийн шашин. Шашны нэрийн дор үйлдэж буй учир утгагүй аллагаа зогсоо” хэмээн онцлон тэмдэглэжээ.
 

Хохирогчид хэн байв

 
Цагдаагийн байгууллага хэдийгээр хохирогчдын хэн болох талаар тодорхой мэдээлээгүй ч, “Би Би Си" зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хохирогчид чухам хэн байсан талаарх мэдээллийг хүргэсээр байна. Тодруулбал, гэмт хэрэгтнүүдийн гарт маш хэрцгийгээр амиа алдсан гадаадын 20 жуулчны ес нь итали хүмүүс байжээ.
 
Бангладеш дахь Италийн Элчин сайдын яамнаас мэдээлснээр Кристиан Росси, Марко Тондат, Надиа Бенедетти, Адель Пуглиси, Симона Монти, Клаудиа Мария Д’Антона, Винсензо Д’Аллестро, Мария Риволи, Клаудио Каппелли нарын хүмүүс байжээ. Харин Японы долоон иргэн кафед байсан гэдгийг Элчин сайдын яамнаас өгч буй бөгөөд тэдний тав нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байжээ. Одоогоор дөрвийнх нь нэр тодорхой болоод байна. Тодруулбал, Коёо Огасовара, Макото Окамура, Юко Сакай, Руи Шимодайра нар байжээ.
 
Харин Бангладешийн хоёр иргэн байсны нэг нь Фарааз Аяааз Хоссай, мөн АНУ-ын Эмори их сургуулийн оюутан Ишрат Ахонд нар байсан аж. Мөн Эмори их сургуулийн оюутан АНУ- ын иргэншилтэй Абинта Кабир мөн тэнд байжээ. Түүнчлэн Энэтхэгийн 18 настай Калифорни их сургуулийн оюутан Тариши Жэйн ч кафед үдийн зоог барихаар очоод ийнхүү амиа алдсан байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.