Протезийн хэрэгслийг гадаадад хийлгэж болно

Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сугараас протез, ортопедийн хөнгөлөлтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-Ахмад настанд үзүүлэх протез, ортопедийн хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ямар хэрэгсэлд хөнгөлөлт авах боломжтой вэ?
 
-Ахмад настны Нийгмийн хамгааллын тухай хуульд хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг хөнгөлөх, нөхөн олгох тухай заасан байдаг. Тодруулбал, сүүж- түнхний үе, өвдөгний үе, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээ хадаас, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүдийг хамруулдаг.
 
Мөн эрүү, сонсголын дижитал аппарат, дунд чихний титан зэрэг протезийн хэрэгслийг хөнгөлөлттэй хийлгэх боломжтой. Харин ортопедийн хэрэгслээс харааны шил, +5 болон -5 ба түүнээс дээш контакт линз, шилэн болон хуванцар нүд, нүдний болор, хөл, гарын чиг, нурууны бэхэлгээ, тэргэнцэр, алхуулагч, таяг, суултуур, хөтөвчийг нэг удаа ахмад настанд нөхөн олгодог юм.
 
-Ямар газруудад хийлгэх боломжтой вэ. Гэрээтэй газрууд байдаг уу?
 
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез болон ортопедийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй 12 байгууллага бий. Тухайлбал, “ЭМЖЖ”, “Баянгол мед”, ‘Тунгалаг аялгуу”, “Доктор тун”, “Мон-Анир”, “Дэл-Оюу- Дөл”, “Мэбрүг”, “Дулаан хайрхан трейд”, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, ‘Тэгш оршихуй”, ‘Тавин ус”, “Отгонбуянт хүрээ” зэрэг компаниуд протез болон ортопедийн хэрэгслиин үйлчилгээ
үзүүлнэ.
 
-Эдгээр компаниас протез, ортопедийн бүх тусламж үйлчилгээг авч болох уу. Хүссэн компанидаа захиалгаа өгөх үү?
 
-Компани бүр багцтай. Багцынхаа дагуу үйлчилгээ үзүүлнэ л дээ. Тодруулбал, “ЭМЖЖ” компани Баянзүрх дүүргийн ахмадуудад сонсголын аппаратын үйлчилгээ үзүүлдэг. Мөн Чингэлтэй дүүргийн ахмад настанд сонсголын дижитал аппарат олгодог. Харин “Баянгол мед” компани Сүхбаатар дүүргийн
иргэдэд сонсголын дижитал аппарат, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт смотын уут нийлүүлдэг байгаа. Энэ мэтчилэн шалгарсан багцаар иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
 
-Протез, ортопедийн хэрэгслийг заавал Монголд хийлгэх үү?
 
-Үгүй. Тухайн ахмад настан өөрөө хүсвэл гадаадад хийлгэж болно. Заавал Монголд хийлгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Гадаадад хийлгэсэн хүмүүс байдаг. Гэхдээ гадаадад протез, ортопедийн хэрэгсэл хийлгэсэн ахмад настанд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн ижил төрлийн протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнээр тооцож хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр гадаадад хийлгэсэн ч гэсэн дотоодынхоо үнээр бодож хөнгөлөлт олгоно гэсэн үг. Гадаадад хийлгэсэн үнээр тооцож хөнгөлөлт олгохгүй.
 
-Тэгэхээр өөрөө хүссэн газраа хийлгэх боломжтой гэсэн үг үү?
 
-Тийм. Ахмад настан протез, ортопедийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаараа хийлгэж болно.
 
-Бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байх. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Эхлээд өргөдөл бичих хэрэгтэй. Мөн хөдөө орон нутагт амьдардаг бол сумын, төв суурин газар амьдардаг бол хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ хуулбарынхаа хамт авч ирэх ёстой. Протез, ортопедийн          хэрэгсэл хийлгэх шаарддагатай гэсэн эмчийн тодорхойлолт, хэрвээ протез хийлгэсэн бол мөнгө төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл авч ирэх шаардлагатай. Эдгээр материалыг бүрдүүлж харьяа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний мэргэжилтэнд хандах хэрэгтэй.

-Протоз, ортопедийн хөнгөлөлтийг таван жилд нэг л удаа олгох уу?
 
-Тийм. Таван жилд нэг л удаа олгодог.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.