Дэвид Камероныг хэн залгамжлах вэ

Их Британид Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан. Улмаар иргэдийн дийлэнх нь ЕХ-ноос гарах сонголтыг хийсэн байдаг. Үүний дараа ЕХ-той тусгай статустайгаар үлдэх талаар хэлэлцээр хийж байсан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ирэх намар огцорно гэдгээ албан ёсоор зарласан билээ.
 
Тэгвэл түүний албан тушаалд горилогчдын нэрс эдүгээ аль хэдийнэ тодроод эхэлжээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сард явагдсан парламентын бүх нийтийн сонгуулиар Дэвид Камероны тэргүүлэх Консерватив нам ялалт байгуулж, кабинетаа бурдүүлсэн. Тиймээс дараагийн Ерөнхий сайд ч тус намаас төрөх учиртай. Тэгвэл дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын нэг болох Их Британийн Ерөнхий сайдад 59 настай Дотоод хэргийн сайд Тереза Мэй нэрээ дэвшүүлжээ.
 
“Таймс” сонинд нийтлэгдсэн мөрийн хөтөлбөрөөс нь харвал, улстөрч бүсгүй хэрвээ Ерөнхий сайд болбол Их Британийг эв нэгдэлтэй байлгахаа амлаж буй аж. ЕХ- ноос гарах эсэх асуудалд Дэвид Камерон үлдэхийг дэмжиж байсан бөгөөд Тереза Мэй ч түүнтэй ижил байр суурьтай байв.
 
Гэхдээ санал асуулгын өмнөх улс төрийн хүчнүүдийн кампанит ажиллагааг зохицуулах үүрэг гүйцэтгэж, сөргөлдөөн бүхий хоёр талыг нэгтгэж байсан нь Ерөнхий сайд болоход хамгийн тохирох хүн гэх дүгнэлтийг хийхэд хүргэжээ. Мэй нэр дэвшүүлэхийг хүссэн бичигтээ “Их Британийг бүх л ард түмэндээ үйлчилдэг улс болгохын төлөө зорьж ажиллана” гэдгээ онцолсон байна.
Тереза Мэй Дотоод хэргийн сайдаас гадна Лондон хотын экс захирагч Борис Жонсон Ерөнхий сайдад нэр дэвшиж буй. Тиймээс ч Тереза Мэй-ийн хувьд жирийн пасторын гэр бүлд төрсөн гэдэг утгаараа цэнхэр цамцтанууд руу бодлогоо чиглүүлж байна.
 
Тереза Мэй 2010 оны бүх нийтийн сонгуульд Консерватив нам ялалт байгуулсны дараа Дотоод хэргийн сайдаар томилогдон, Дэвид Камероны Засгийн газарт орж ажилласан байдаг. Улмаар 2015 оны сонгуулиар ч гэсэн Дотоод хэргийн сайдаар улиран томилогдож, цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлах болсон юм. Түүний тууштай зан чанар, гадаад төрх 1980 оны тус улсын Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг санагдуулдаг хэмээн хүмүүс үнэлдэг байна.
 
Харин гадаад төрхөөрөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампыг санагдуулах 53 настай Борис Жонсон Британийн санал асуулгад ЕХ-оос гарахыг дэмжигчдийн нэг байсан юм. Нийгмийн дундаж давхаргаас гаралтай тэрбээр зарим илтгэлээ латин хэлээр тавих зэргээр дээд давхаргынхны имижийг харуулдаг гэх шүүмжлэл байна. Улстөрч, нэр хүндтэй түүхч, бас сэтгуүлч тэрбээр 2015 оноос парламентад суух болсон. Түүний хувьд 2008-2016 онд Лондон хотын Захирагчаар ажиллаж байв.
 
Борис Жонсоныг Их Британийн улс төрийн эрин үеийг тэргүүлэгч гэж үнэлдэг бөгөөд жилийн 50 мянган ам.долларын төлбөртэй сургуульд өндөр боловсрол эзэмшсэн гэдгээрээ ч консервантчууд дундаасаа тод ялгардаг байна. Энэ мэт хоёр улстөрч Дэвид Камероныг залгамжлахаар өрсөлдөж байна. Шинэ Ерөнхий сайд ирэх есдүгээр сарын эхээр томилогфх ажээ.
 
 Ямартай ч, эхлээд Борис Жонсон болон Тереза Мэй нарын алийг нь Ерөнхий сайдад томилох эсэх асуудлаар парламент дахь 330 гишүүний дунд санал хураалт болох учиртай. Энэ санал хураалтад хамгийн олон санал авсан нэр дэвшигч намын 150 мянган гишүүдээр батлуулна. Улмаар гишүудийн ихэнх нь итгэл хүлээлгэсэн тохиолдолд тухайн нэр дэвшигч Консерватив намын дарга болоод зогсохгүй Ерөнхий сайдын суудалд томилогдож, Дэвид Камероныг залгамжлах юм.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.