Евро 2016: Португалчууд шөвгийн дөрөвт шалгарлаа
“Евро 2016” тэмцээний шөвгийн найман багийн тоглолт манай цагаар үүрийн 04:00 цагт Польш, Португалын шигшээ багуудын тоглолтоор эхэллээ. Дэлхийн шилдэг тамирчнаар ахлуулсан шижигнэсэн залуучуудаас бүрдсэн Португалыг өмнөх тэмцээнүүдэд оролцож байснаас  хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй 15 дахь удаагийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцож байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Тиймээс энэ тэмцээнд өндөр амжилт үзүүлэх боломжтой гэх хүлээлт байгаа.

Тэгвэл “Европын Бразилчууд” хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй, энэ тэмцээний  их шөвөгт хүч үзэх эрхээ хамгийн түрүүнд өвөртөллөө. Тэд Польшчуудыг  торгуулийн цохилтоор буулгаж авлаа. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт хэн хэн нь гоол оруулж чадахгүй байсаар ялагч ийнхүү торгуулийн цохилтоор шийдэгдлээ. 



Хоёр багийн тоглолт 120 минут Португалчуудын бага зэрэг давамгайлал дор явагдаж өндөрлөсөн. Тоглолтын нэгдүгээр үе дөнгөж эхлэнгүүт хоёр дахь минутад Португалын багийн хамгаалагчдын алдааг ашиглаж ЕАШТ-нд 645 минут гоолдож чадаагүй Польшийн ахлагч Р.Левандовски гоолдлоо. Үүнээс хойш Португалчууд хэд хэдэн довтолгоог зохион байгуулсан ч амжилт олохгүй байсан юм. Улмаар нэгдүгээр үеийн 31 дэх минутад Португалын ирээдүй гэж нэрлэгдэж буй 18-хан настай Р.Санчес тооны харьцааг тэнцүүллээ. Хоёр багийн тоглолтын хоёрдугаар үед Португалчууд мөн л довтолгооны санаачилгыг авч, ээлж дараалан довтолсоор байсан ч тусыг олсонгүй. 



Ингээд торгуулийн цохилтоор хувь заяа нь шийдэгдэхээр болоход Португалчууд эхний цохилтыг гүйцэтгэж, Польшууд дагаж цохихоор болов. Улмаар эхний цохилтыг хоёр багийн ахлагч нар гүйцэтгэж, амжилттай болголоо. Дагаж цохисон тамирчид ч алдалгүй  хийсээр байсан бөгөөд Польшийн багийн дөрөв дэх цохилтыг Португал хаалгач Р.Патришио тааж үсэрч, хааснаар тэдэнд том боломж гарч ирсэн. Португалчууд тав дахь цохилтоо амжилттай болгоход цааш шалгарах байлаа. Тав дахь цохилтыг тоглолтын үндсэн цагийн 78 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Р.Куарежма цохиж, оруулснаар “Европын Бразилчууд”  тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.

Тэд өнөө шөнө явагдах Бельги, Уэльсийн багийн хожсонтой шөвгийн дөрөвт таарч тоглоно. 





Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.