УИХ-ын ээлжит сонгууль гадны хэвлэлд

nikkei.com: Сонгуулийн системийг өөрчилсөн нь МАН ялалт байгуулахад нөлөөлсөн

Японы “www.nikkei.com” сайтнаа мөн л Монголын сонгуулийн талаарх ийм мэдээлэл тавигджээ.  Уг мэдээллийг хөрвүүлбэл, “Монголын парламентын сонгуульд хамгийн том сөрөг хүчин болох МАН хамгийн олон суудал авч, үнэмлэхүй ялалт байгууллаа.  
 
Харин эсрэгээр эрх баригч Ардчилсан нам маш бага суудал авч ялагдал хүлээсэн байна.  МАН ойрын хугацаанд шинэ Ерөнхий сайд болон УИХ-ын даргаа томилох бөгөөд эрх баригч намын эдийн засгийн бодлого, авлигатай холбоотойгоор иргэд тус намд итгэл алдарсан. Энэ нь сөрөг хүчнийг ялалт байгуулахад нөлөөлжээ. 
 
СЕХ-ны өнөөдөр өглөө зарласан дүн мэдээллээс үзвэл МАН 65 суудал авчээ. Тус нам өнгөрсөн удаагийн сонгуульд 30 суудал авч байсан билээ. Харин 2012 оны сонгуульд 38 суудал авч байсан Ардчилсан нам энэ удаа ердөө есөн суудал авч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл тойрогтоо бүдэрчээ.
 Сонгуулийн үр дүнг санал хураалт болсон өдрөөс хойш 15 хоногтоо багтаан Ерөнхийлөгчид тайлагнадаг. Энэ удаагийн сонгуулийн ирц ч сайн, 72.1 хувьтай байлаа. МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа хэвлэлийн хурал хийж, “Итгэл хүлээлгэсэн ард түмэндээ талархал илэрхийлье” хэмээн ялалтаа албан ёсоор зарласан. 
 
Орон нутгийн мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар Ардын нам ирэх сард болох баяр наадам болох хүртэл Ерөнхий сайдаа сонгож, Засгийн газраа бүрдүүлэх аж. Нөгөө талаар Ардчилсан нам “Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Амаргүй дөрвөн жил байлаа” хэмээн ялагдлаа хүлээн зөвшөөрөв. 
 
Монголын эдийн засгийн өсөлт буурсны улмаас сонгогчид Засгийн эрх барьж буй намд итгэл алдарсан. Мөн сонгуулийн системийг өөрчилж, жижиг мажоратори систем рүү хөрвөсөн нь ч МАН сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн байх магадлалтай байна” гэж бичжээ. 


Financial times: Дараа жилээс Монгол өрөө төлж эхэлнэ

 
“Financial times” сайтад доорх мэдээлэл нийтлэгджээ. Үүнийг орчуулбал, “МАН парламентын сонгуулийн санал хураалтад үнэмлэхүй ялалт байгуулж, эдийн засаг доройтсон дөрвөн жилийн дараа Засгийн эрхийг эргүүлэн авлаа. Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газар гадаадын компаниудад хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан хэдий ч, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж чадаагүй. Харин үүний оронд гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу орлого буурсны улмаас улсын өр нэмэгдсэн байдаг. Гол хоёр экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасны улмаас эдийн засаг нь хүнд байдалд орсон улсын нэг бол Монгол.
 
Үүнээс гадна өмнөд хөрш Хятад улсын эдийн засгийн өсөлт саарснаар төрийн болон хувийн хэвшлийн өр үндэсний орлогыг уналтад оруулж байна. Дараа жил гэхэд тус улс төрийн болон хувийн хэвшлийн хоёр тэрбум ам.доллар, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцдийн 2.3 тэрбум ам.долларыг төлж эхлэх учиртай.
 
Гэвч энэ Засгийн газар өрийн талаар яаралтай арга хэмжээ авахаас зайлсхийж ирсэн байдаг. Хэд хэдэн фракци болж хуваагдсан ардчилагчдын ихэнх нь парламент дахь суудлаа алдсан бөгөөд тэдний дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч багтаж буй. Британи, Колумбын их сургуулийн Монголийн улс төр, нийгэм судлаач Жулиан Диеркэсийн бичсэнээр ирэх дөрвөн жилд Засгийн газар тогтвортой байж, эдийн засгийн үр нөлөө нэмэгдэж магадгүй гэнэ. Түүний хэлснээр МАН Ардчилсан намтай харьцуулахад харьцангуй дэг журамтай нам ажээ” гэсэн байна.


www.infpol.ru: Бие даагчдаас С.Жавхлан ганцаараа сонгогдов

 
Оросын “infpol.ru” сайтад Монголын сонгуулийн талаар бичжээ. Үүнийг монгол хэлнээ хөрвүүлбэл, “Монголын парламентын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагт албан ёсоор хаагдсан бөгөөд автомат системийн ачаар сонгуулийн дүн хагас цагийн дараа гэхэд СЕХ-ны хэвлэл мэдээллийн төв дэх том дэлгэц дээр гарч эхэлсэн.
 
Эхэндээ эрх баригч Ардчилсан нам болон МАН-ын нэр дэвшигчдийн санал хоорондоо маш ойрхон зөрүүтэй явж байсан ч, шөнө дунд болоход Ардчилсан нам эрх мэдлээ алдах нь нэгэнт тодорхой болсон юм. Казахууд хүн амын ихэнхийг эзлэх Монголын баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн сонгуулийн дүн хараахан ирээгүй байсан ч, МАН-ын нэр дэвшигчид ээлж дараалан тойрогтоо ялалт байгуулж байлаа. Тиймдээ ч, МАН парламентын 76 суудлын 63 суудлыг авахад гайхаад байх зүйлгүй байв.
 
Бие даагчдаас цорын ганц хүн сонгогдсон нь дуучин С.Жавхлан. Түүнийг Буриадад “Хамаг Монгол” төслийн зохион байгуулагч гэдгээр нь илүү мэддэг. Сүүлийн үед түүний дуунууд Буриадад дэлгэрч, ялангуяа “Ээжийн чанасан цай” дуу нь хит болж байгаа юм. Улс төрийн мэдлэг муутай хэдий ч, шударгаар өрсөлдсөн түүнд сонгогчид нь итгэл хүлээлгэсэн. Тэрбээр өрсөлдөгчдөөсөө хоёр дахин илүү санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
 
Мөн хамгийн гайхалтай нь нэр хүнд нь унасан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлдэг Монгол Ардын хувьсгалт намын ердөө нэг нэр дэвшигч нь сонгогдсон. Харин Ардчилсан нам нийт 11 суудал авлаа” гэж бичжээ.
 

Reuters.com: МАН парламентын сонгуульд ялалт байгуулж, эрх мэдлээ эргүүлэн авснаа зарлалаа

 
www.reuters.com сайтнаа Монголын парламентын сонгуулийн талаарх нийтлэл бичигджээ. Тус мэдээлэлд “Монголын гол сөрөг хүчин МАН парламентын сонгуульд ялалт байгуулж эрх мэдлээ эргүүлэн авснаа зарлалаа. 1990 оны тайван хувьсгалаас хойш байгалийн баялагийн арвин их нөөцтэй тус улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, 2010-2012 онд эдийн засаг нь оргил үедээ хүртлээ өссөн байдаг. 
 
Гэвч 2012 оноос хойш Рио Тинто зэрэг уул уурхайн компаниудтай хийсэн маргааны улмаас эдийн засгийн өсөлт нь буурч,  эцэстээ өнгөрсөн сард Оюутолгойн далд бүтээн байгуулалтын 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төслийг баталж байсан. Тэгвэл МАН парламентад хамгийн олон суудал авч, Ардчилсан намаас засгийн эрхийг эргүүлэн авлаа. 
 
Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд хөөсрөлт үүсээд байсан  үед “Mine-golia” хэмээн нэрлэгдэж явсан гуравхан сая хүн амтай тус улсын сонгуульд МАН  ялахад  хөрөнгө оруулагчдын төөрөгдөл тусалсан гэж хэлж болно. Гэхдээ одоогоор тэд зэс, нүүрсний эрэлт буурсны улмаас өргөн хэрэглээний барааны үнэ өсч, энэ байдалтай дасан зохицохоор хичээж буй. Олон улсын Валютын сангаас ирүүлсэн мэдээллээр 2011 онд 17.5 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.4 хувьтай гарна гэж таамаглаж байна” гэсэн байна. 
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2016-07-01 03:15:10
    Өнгөрсөн үе рүүгээ гар буугаад буудвал ирээдүй тань руу их буугаар буудна гэдгийг АН-ынханд мэдрүүллээ. Цэдэнбал даргын үед эд нар байгаагүй нь Монголын зол
    202.9.41.195
    Мэдэгдсэн Хариулах
    • bal 2016-07-06 01:34:57
      Bal dargiig yarihaa boli aguu hun bn avah umaa avsan oros ah avaad yavsan
      103.229.123.204
      Мэдэгдсэн Хариулах