Евро 2016: Шөвгийн наймын тоглолт өнөө шөнө эхэлнэ
“Евро-2016” тэмцээн өндөрлөхөд ердөө долоохон тоглолт үлдээд байна. Буурал тивийн шилдэг 32 баг Франц улсад хүрэлцэн ирсэн бол өдгөө шилдэг найман баг тунаж үлдээд байгаа юм. Хасагдах шатны эхний даваанд Англи, Испанийн хүчтэй багууд  өрсөлдөгчөө буулгаж авалгүй тэмцээнийг орхиод байна. Харин эсрэгээрээ энэ тэмцээнд анх удаа оролцож буй Уэльс, Исландын багууд шилдгүүдийн эгнээнд багтаж шөвгийн наймд шалгарч үлдээд байгаа. 

Шилдэг найман багийн тоглолт  өнөө шөнө  Польш, Португалын тоглолтоор эхлэх гэж байна. Шөвгийн 16-д Португалчууд 120 минутын хүнд тоглолтын дараа Куарежмагийн оруулсан ганц гоолын ачаар Хорватын хүчирхэг багийг буулгаж авсан. Харин нөгөө талд Польшийн шигшээ баг Швейцарын багийг торгуулийн цохилтоор буулгаж аван, шөвгийн наймд шалгарч үлдсэн. Хоёр багийн тоглолтыг хэрхэн явагдахыг хөлбөмбөг сонирхогч тэсэн ядан хүлээж байна.

Дэлхийн шилдэг К.Роналдо шилдэг тоглолтоо үзүүлж, багтаа тус нэмэр болох уу, эсвэл энэ тэмцээнд ирээд гоолоор цангаж буй Р.Левандовский шилдэг тоглолтоо үзүүлж багаа  их шөвөгт хөтлөх үү гэдгийг үүрийн 04:00 цагаас харах үлдлээ. Эдгээр багуудын аль хожсон нь Бельги, Уэльсийн шигшээ багийн хожсонтой шөвгийн дөрөвт таарах учиртай. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus